Дарханы замын ажлын явцын талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сайдын ажлыг хүлээж аваад 20 орчим хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 20 орчим км зам хатуу хучилттай болсон байна. Энэ жилдээ багтаад нэг урсгал, хоёр эгнээ хатуу хучилттай замыг нээнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Намрын ажлын явцад цементний тасалдал, хомсдол үүссэн. Хөтөлийн цементийн үйлдвэр наймдугаар сарын 15-наас зогссоноос болж, Дарханы замын ажлын хэрэгцээт цемент тасалдсан. Тиймээс дотоодын цементийн үйлдвэр болох Монцемент, Макцементтэй ярилцаж тохиролцоод өдөрт 1000 орчим тонн цемент аваад ажлаа таслахгүй явуулаад байхад энэ жилдээ нэг урсгал хоёр эгнээг нээнэ гэж төлөвлөж ажиллаж байна” гэв. Өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын цементийн хоёр үйлдвэр өдөрт 6000 орчим тонн цемент үйлдвэрлэж, задгайг нь тонныг нь 280 мянгаар, ууттайг нь 330 мянгаар зах зээлд нийлүүлж байгаа юм. Гэвч Хөтөлийн цементийн үйлдвэр ид ажлын үеэр зогссонтой холбоотойгоор зах зээлд цементийн хомсдол үүсч, Засгийн газраас импортын татварыг тэглэсэн. Гэвч энэ шийдвэр нь цементийн үнийг бодитоор буулгаж чадсан уу гэвэл үгүй. Импортын цемент тонн нь 450-550 мянган төгрөг байгаа юм. Сайдын мэдээллээр өдөрт 1000 орчим тонн цемент импортоор орж ирж байгаа аж. Хэрвээ Хөтөлийн цементийн үйлдвэр хэвийн ажиллагаа явуулаад эхэлбэл гаднаас цемент авах шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Одоогоор Хөтөлийн цементийн үйлдвэрт ЗГХЭГ-аас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.