Дэлхийн олон орны төв банк мөнгөний бодлогын хүүгээ өсгөж байгаа ч Японы Төвбанк өмнөх түвшинд нь барихаар шийдвэрлэсэн байна.
Японы төвбанкны удирдах зөвлөлийн гишүүд хоёр өдрийн турш мөнгөний бодлогын талаар хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргажээ.
Тус банк богино хугацааны бодлогын хүүгээ сөрөг түвшинд барьж, урт хугацааны хүүг тэг хувь орчимд барихын тулд Засгийн газрын бондыг үргэлжлүүлэн худалдан авах болно гэсэн байна.
Энэхүү шийдвэрийг гаргахаас хэдхэн цагийн өмнө АНУ-ын Холбооны нөөцийн банк сүүлийн 40 жилд тохиолдож байгаагүй өндөр инфляцийг намжаахын тулд бодлогын хүүгээ 0.75 хувиар өсгөсөн.
Төв банкны шийдвэр нь Япон, АНУ-ын хүүгийн зөрүүг улам нэмэгдүүлж, иенийн ам.доллартай харьцах ханшийн уналтыг хурдасгаж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Японы мөнгөн тэмдэгт ам.доллартай харьцах ханш сүүлийн 24 жилийн доод түвшинд хүрч унасан гэдгийг хөрөнгө оруулагчид хэлж байгаа юм. Он гарснаас хойш иений ам.доллартай харьцах ханш 20 орчим хувиар унасан байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.