Украин, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нарыг байлцуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн орнуудын Гадаад хэргийн сайд нар болон өндөр түвшний дипломатуудын уулзалт өчигдөр болсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаагаар 300 мянган цэрэг татаж, Украины зарим бүс нутгийг өөртөө нэгтгэж, цөмийн зэвсэг ч байрлуулна хэмээн хоёр өдрийн өмнө мэдэгдсэний дараа ийнхүү Гадаад хэргийн сайд нар нэг ширээний ард уулзжээ.
АНУ-ын төлөөлөгч, Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ОХУ гал дээр тос нэмчихлээ хэмээн мэдэгджээ.
А.Блинкен "Энхтайвны төлөө мөрддөг олон улсын дүрэм журам бидний үед тасарч байна. Ерөнхийлөгч Путинд энэхүү дэг журмаас ангид байхыг зөвшөөрөхгүй" гэж хэлсэн байна.
Тэрбээр “Оросын цэргүүд л тулааныг зогсоовол дайн дуусна” гэж нэмж хэлэв.
Гэвч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, "Бид нэг бус удаа хэлсэн. Украин Оросын аюулгүй байдалд заналхийлж, Оросын эсрэг үүрэг гүйцэтгэхэд бэлтгэж байгааг харуулсан асар олон тооны баримтуудыг гаргаж өгсөн." гэж хэлээд уулзалтыг орхин гарсан байна.
Харин тэр Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн “Та нар хэзээ ч ялахгүй” гэж хэлэхийг сонссонгүй.
Кулеба "Путин дайчилгаа зарлалаа. Гэхдээ энэ бол дэлхий нийтийн өмнөх түүний ялагдал байсан" гэжээ.
Байнгын таван гишүүний нэг болох ОХУ-д хориг л тавьж болох учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоол батлах төлөвлөгөөгүй байгаа гэжээ. Украины Гадаад хэргийн сайд Кулеба Оросыг энэ эрхээ хадгалж байгааг шүүмжилсэн.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.