Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

Д.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар

10/ 7/ 2022    7 цаг 42 минут

 

“Зууны мэдээ” сонин бага насны хүүхдээ харангаа хөдөлмөр эрхэлж, орлого олж, нийгэмд чиглэсэн сайн үйлс хийж буй ээжүүдийг алдаршуулах, тэдний дуу хоолойг хүргэх зорилгоор “Ээжүүд зүгээр суудаггүй” буланг эхлүүлсэн билээ. Бид эхний дугаартаа бялуу урладаг, хөдөлмөрч ээж Н.Дашдуламыг онцолж байсан бол энэ удаад гурван дэрсхэн хүүхдийн ээж, тархины саажилттай хүүхдэд зориулсан “Гэгээн ирээдүй” цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, хөдөлгөөн засалч Д.Өнөрцэцэгийг зочноор урилаа. 

 

АНХНЫ ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛЧИЙН НЭГ

Бяцхан хайрын цэцэг хэвлийд соёолж, өдрөөс өдөрт өсөн торниж, өөдөсхөн хөлөөрөө тийрэн тонгочих нь гайхалтай мэдрэмж билээ. Ээжүүдийн хувьд тэсэхүйеэ бэрх өвдөлтийг тэсэж төрүүлсний дараа тэр л жижигхэн ертөнцийг хараад бүх хайраа зориулдаг нь жам гэлтэй. Гэхдээ энэ удаад эх үрийн хайр илүү асгарч, тэр хэрээр шаналдаг тархины саажилттай хүүхдүүдийн тухай хөндөх гэж байна. Өнөөдөр бусад хүүхдийн адил дэгж дэрвээд гүйж чаддаггүй ийм оноштой  4000 гаруй хүүхэд байдаг гэсэн тоо байна. Насаараа ээж аавынхаа арчилгаанд байж, хөл дээрээ зогсож сурахын төлөө жижигхэн биедээ баймгүй хүч гаргаж байгааг нь харахад өр эмтрэм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах “Park view” хотхонд эдгээр хүүхдүүдэд зориулсан “Гэгээн ирээдүй” хөдөлгөөн заслын цэцэрлэг бий. Цэцэрлэгийн хаалгаар ороход яг л бяцхан үлгэрийн ертөнцөд ороод ирсэн мэт содон. Харин энэхүү цэцэрлэгт бяцхан багачуудын хөлийн чимээ, инээд шуугиан сонсогдохгүй. Тэргэнцэр дээр суусан, зориулалтын орон дээр хэвтсэн, жижигхэн хөлөө чирж ядан мөлхөх бяцханууд гурван багшийн хамт биднийг угтсан юм. Харин энэ л хүүхдүүдийн өмнөөс шаналж, өөрийнхөө гурван хүүхэдтэй ижилсүүлэн хайрлаж, 10 жилийн турш тархины саажилттай хүүхдүүдийн төлөө чин сэтгэлээ зориулж, чадах бүхнээ хийж, эмчилж яваа залуухан ээж Д.Өнөрцэцэг энэхүү нийтлэлийн гол баатар билээ.

Д.Өнөрцэцэг 2007 онд дунд сургуулиа төгсөөд ЭМШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн бага эмчийн ангид элсжээ. Харин төгсөх жилээ сургуульд нь хөдөлгөөн засалчийн анги шинээр элсэлт авахад тухайн ангид суралцаж, энэхүү мэргэжлийг эзэмшсэн байна. Энэ тухайгаа “Би хөдөлгөөн засалчийн ангийн анхны төгсөгчийн нэг. Энэхүү мэргэжил нь Монголд хамгийн эрэлттэй, шинэлэг мэргэжил. Бидэнд анх Японоос багш нар ирж хичээл зааж, манай ангийнхан дадлагаа Японд очиж хийж байсан. Миний хувьд төгссөн цагаасаа хүүхдийн хөдөлгөөн засалчаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Анхны дадлага, ажлын гараагаа тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгээс эхэлсэн. Цэцэрлэгтээ таван жил ажиллаад 2015 онд том хүүгээ төрүүлсэн. Хэдийгээр дикриттэй байсан ч үргэлж эмчилж байсан хүүхдүүдээ санаж, сэтгэл зовнидог байлаа. Тиймээс хүүгээ зургаан сар хүргээд хүүхдээ харангаа цөөн тооны саажилттай хүүхдүүдэд тусалъя  гэсэн сэтгэлээр анх цэцэрлэгээ нээж байсан. Тэр үеэс хойш зургаан жил өнгөрсөн байна.

Одоогоор манай цэцэрлэг 15 хүүхэдтэй. Үүнээс олон хүүхэд авах боломжгүй. Анх цэцэрлэгээ нээхдээ өөрт байсан, нөхрийнхөө бэлэглэсэн үнэтэй бүхнээ барьцаанд тавьж байрны түрээсээ төлж эхэлсэн. Хүүхдүүддээ хоол хийж өгөх материалаа гэрээсээ илүүчилж бэлдэж ирдэг байлаа. Энэ үед би хүүхдийн цагаан буян эргээд надад ирнэ дээ гэж сүсэглэдэг байсан.

Өнөөдөр манай улсын хэмжээнд тархины саажилттай 4000 гаруй хүүхэд бий гэсэн судалгаа гарсан. Гэтэл улсын хэмжээнд энэ хүүхдүүдэд зориулсан ганцхан цэцэрлэг байдаг нь харамсалтай. Намайг ажиллаж байх хугацаанд 10 дугаар цэцэрлэг 1.5-12 насны 120 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай байсан. Тэгэхээр нийт тархины саажилттай хүүхдийн дөнгөж 4 хувь нь л энэ цэцэрлэгт явах боломжтой. Үлдсэн 96 хувь гэртээ ээж аавынхаа асаргаанд өдрийг өнгөрүүлж байна. Тархины саажилттай хүүхэдтэй ээж аавуудын нэг нь заавал ажил төрлөө орхиж хүүхдээ харах шаардлагатай болдог. Харин би цэцэрлэгээ нээснээр цөөн ч болтугай ээж аавд хүүхдэдээ санаа зоволтгүйгээр мэргэжлийн хөдөлгөөн засалчдад үлдээж, ажлаа хийх, сурч боловсрох, сэтгэл тайван амрах боломж өгч байгаа ажлаараа бахархдаг” гэсэн юм.

 

“НАДАД ХҮҮХДЭЭ ҮЛДЭЭСЭН ЭЦЭГ ЭХИЙН ИТГЭЛИЙГ АЛДАХ ЁСГҮЙ”

Д.Өнөрцэцэгийн хувьд өөрөө бага насны гурван хүүхдийн ээж билээ. Бага охин нь одоо дөнгөж ой дөрвөн сартай. Тэрбээр хөл хүнд болж шинэ хүнээ өлгийдөх бүртээ гэртээ хүүхдээ хараад суухыг урьтал болголгүй цэцэрлэг рүүгээ яарч, өвлийн хүйтэнд өлгийтэй хүүхдээ тэврээд нийтийн унаанд  суугаад ирдэг байсан тухайгаа ярьж байсан юм. Энэ үедээ шантарч болимоор байсан ч “Би нэгэнт л энэ мэргэжлийг эзэмшсэн юм чинь энэ хүүхдүүдийн төлөө ажиллах ёстой. Надад итгэж хүүхдээ үлдээсэн эцэг эхийн итгэлийг алдаж болохгүй” гэсэн сэтгэлээр өөрийгөө хурцалдаг байжээ.

Одоогоор энэхүү цэцэрлэгт тасралтгүй зургаан жил явсан хүүхдүүд ч байна.  Тэд багшийгаа таньж, ойртоод ирэхэд нь гараа өгөхөөр тэмүүлж, дууг нь сонсоод толгойгоо эргүүлэн хайх нь өхөөрдөм. “Гэгээн ирээдүй” цэцэрлэг одоо гурван багштай үйл ажиллагаа явуулдаг. Багш нар хүүхдүүдэд өөрт нь тохирсон дасгал хийлгэж хооллохоос гадна дуу хөгжим сонсгож, харандаа бариулж, хамтарч зураг будна гээд СӨБ-ын бүхий л үйлчилгээг үзүүлдэг ажээ.

Д.Өнөрцэцэг “Би анх хөгжлийн бэрхшээлийг хараагүй, хөлгүй, гаргүй, тэргэнцэртэй хүнээр л төсөөлж явсан. Харин анх 10 дугаар цэцэрлэгт очиж дадлага хийхдээ ийм жаахан хүүхдүүд хөдөлж, зогсож, тайван сууж ч чадахгүй байхыг хараад сэтгэл эмтэрсэн. Би өнөөдөр энэ хүүхдүүдээрээ үнэхээр их бахархаж, хайрладаг. Учир нь эд маань тэсвэр тэвчээрийн туйлыг үзүүлж байгаа. Өдөр бүр хоёр цаг тогтмол дасгал хийж, ганцхан удаа эргэж, хөл дээрээ зогсохын төлөө ямар их ядарч, туйлдаж, тэвчдэг гэж санана” гэсэн юм.

Үнэхээр “Гэгээн ирээдүй” цэцэрлэг дээр нэг өдрийг өнгөрүүлэхдээ Д.Өнөрцэцэг багшийг ямар хүнд мөртлөө аз жаргалтай ажил хийдэг юм бэ гэх бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Бид л өөрийнхөө 2, 3-хан хүүхэдтэй өдрийг өнгөрүүлэх ямар чанга байдаг билээ. Гэтэл өөрийгөө хянаж, хоолоо идэж, зоргоороо гүйж чадахгүй 15 бяцхан зүрхийг эхийн сэтгэлээр хайрлаж, өглөөнөөс орой болтол асарч, уйгагүй заасан ганцхан дасгалынх нь үр дүнд өнөөх хүүхэд нь нэг алхахад өөрийн хүүхэд нь хөлд орж буй мэт баярлах гэгээн сэтгэлтэй энэ ээжээр бахархаж, хайрлахгүй байхын аргагүй байсан юм. Асуулт асуух бүрт “Би энэ нийгмийг өөрчилж чадахгүй ч, тархины саажилттай хүүхдүүдийн төлөө өөрийнхөө чадах хэмжээнд заавал нэг зүйл хийх ёстой” хэмээн зорьж яваа  гэж байв. Д.Өнөрцэцэг “Би тархины саажилттай хүүхдүүдэд зориулж төрийн бус байгууллага байгуулсан. Энэ байгууллагаараа дамжуулаад  хуучин хувцасны  аян зохион байгуулахаар зорьж байна. Хүн бүхний хувцасны шүүгээнд хэзээ авснаа мартчихсан, эсвэл өмсөж амжаагүй багадсан хувцас байж л байдаг. Бид эдгээр хувцсыг нь аваад багахан мөнгөөр хэрэгтэй хүнд нь борлуулж, олсон орлогоороо хүүхдүүдээ чиглэсэн нийгмийн ажлыг зохион байгуулахаар зорьж байна” гэсэн юм. 

Мөн “Тархины саажилттай хүүхдийг анх харахад жаахан эвгүй. Гэхдээ эд чинь ээж аавдаа бол сэтгэлд нь мандсан нар. Хүүхдэд ямар ч буруу байхгүй. Тиймээс тэд үргэлж инээмсэглэж, жаргалтай амьдрах ёстой. Гэхдээ энэ бүхнийг би ганцаараа хийж бүтээсэн гэвэл худал. Хамгийн эхэнд миний хань намайг ойлгож, ажлыг минь дэмждэг. Мөн цэцэрлэгээ нээсэн цагаас ээж минь тогоочоор ажиллаж, хүүхдүүдийг минь харж байна. Энэ хүмүүсийнхээ хүчээр би энэ хүртэл явсан” гэж онцолсон юм.

 

“ХҮНДРЭЛ БАГАТАЙ ХҮҮХДИЙГ ЭНГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ЯВУУЛАХ НЬ ҮР ДҮНТЭЙ”

 

Өнөөдөр манай нийгэмд тархины саажилттай хүүхдүүдийг эвэртэй туулай үзсэн юм шиг хардаг. Ядаж л тэргэнцэр дээрээ суугаад гарч салхилахад нь зориулалтын зам байхгүй нь харамсмаар. Энэ тухай ч хөдөлгөөн засалч Д.Өнөрцэцэг “Тархины саажилт нь хүнд, хөнгөн гээд олон хэлбэртэй байдаг. Харьцангуй бага хүндрэлтэй ярьж, ойлгож чаддаг хүүхдүүдийг нийгмээс тусгаарлах бус харин ч энгийн цэцэрлэгт явуулж үеийн хүүхэдтэй нь хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй санагддаг. Гэтэл авах цэцэрлэг олддоггүй учир эргээд манайд хандах үзэгдэл их байна” гэв.

Энэхүү ээжтэй ярилцаж суухдаа үнэхээр тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан төрийн бодлого, мэргэжлийн хөдөлгөөн засалч дутмаг байгааг мэдэх ёстой, хийх ёстой хүмүүст нь хүргэхсэн, ажил хэрэг болгохсон гэж бодогдсон. Хүүхэд бүхэн Монголын ирээдүй гэж бид ярьдаг. Гэтэл ирээдүйн эзэд болсон 4000 хүүхэд өнөөдөр мэргэжлийн тусламж авч чадалгүй өдөр хоногийг өнгөрөөж байна.  Тэдэнд гурван хүүхдийн ээж Д.Өнөрцэцэг шиг саажилттай хүүхдүүдийн төлөө бүхнээ зориулж, чин сэтгэлээсээ ажлаа хийх олон олон багшийг бэлдэж, ажиллах орчин нөхцлөөр хангаж өгөх үүрэгтэйг төр засаг анхаараасай билээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.6 цаг 51 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.7 цаг 1 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube