Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

Г.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах

10/ 7/ 2022    7 цаг 53 минут

Киног амилуулж үзэгчдэд хүргэдэг чимээгүйхэн атлаа авьяаслаг уран бүтээлчид бол арын албаныхан. Зураглаачийн камерт буусан дүрс бүхэн нэг цогц болж киног бүтээдэг. Тиймээс энэ удаагийн “Өөр зочин” буландаа 2019 оны шилдэг зураглаач Г.Гүенбаатарыг урилаа. Тэрбээр саяхан дэлгэцнээ нээлтээ хийсэн “Фантастик” продакшны “Зура II цурам ажиллагаа”, “Гадны нөлөөгүй” кинонд зураглаачаар ажиллажээ. Мөн тэрбээр “Red point media” студийн үүсгэн байгуулагч юм.

 

-Таны зураглаачаар ажилласан “Фантастик” продакшны “Зура II цурам ажиллагаа” кино үзэгчдэд хүрсэн. Энэ киног зураглаачийн өнцгөөс хэрхэн тодотгож харуулахыг зорьсон бэ?

-“Зура II цурам ажиллагаа” киноны зураг авалтыг 45-50 хоногийн хугацаанд хийсэн. Зураг авалтын кадр бүрт ухаанаа уралдуулан ажиллаж байгаа болохоор  хүндрэлтэй хэцүү зүйл бий. Тухайн кадрт үзүүлж байгаа зохиомж үйл явдал бүрийг гаргах хэрэгтэй. Тиймээс хэчнээн энгийн план байсан ч бэрхшээлтэй зүйл гарна. “Зура” кино өмнөх кинонуудаас онцлог нь зодоонтой хэсгүүдтэй. Өмнө нь зодоонтой хэсгийн зургийг дагаж авдаг байсан. Энэ кинонд цонхоор үсрээд зодоон үргэлжилж байгаа хэсгийг нэг удаа л авсан. Тэр үед багийнхан маань алга  ташаад бөөн баяр болсон. Би "Найруулагчаас болсон юм уу" гэж асуухад “Боллоо” гэж хэлж байсан. Би дахин нэг авчих л даа гэхэд болсон гэсэн. Ер нь киноныхон намайг "шуналтай" Гүүеэ гэдэг. Яагаад гэвэл илүү гоё зураг авах шуналдаа хөтлөгдөх үе байдаг. Бас кино зураг авалтандаа Холливудын уран бүтээлчдийн ажилладаг камерыг ашигласан. Бид дараагийн уран бүтээлээ “Netflix”-тэй хамтарч хийхээр ажиллаж байна. Тиймээс гадны уран бүтээлчдийн зарчим, техникээр  урьдчилж кино хийе, алдаа, оноогоо харъя гэж бодсон.  Ингэж урагшаа тэмүүлсэн нь дэлхийд ойртох арга эвээ олоход хөшүүрэг боллоо. Зураглаачийн хувьд зураг авалтын шийдэл, техникээ сайжруулах ёстой юм байна гэдгийг харсан.  Дараагийн удаа “Red point media” студи “Фантастик” продакшнтай хамтарсан түүхэн кино хийнэ.

-Найруулагч Б.Тамир зураглаачдаа ямар шаардлага тавьдаг вэ?

-Найруулагч бүрийн арга барил өөр. Б.Тамир найруулагчийн хувьд бүх зүйлд хөрвөж ажиллах чадвартай. Киноныхоо өнгө, өнцөг, кадруудыг сайн мэддэг. Эхнээсээ киноныхоо ерөнхий өнгө аясыг харсан байдаг учраас зураглаачтайгаа  сайн ярилцана. Бид хоёр ярилцаж байгаад дундаасаа нэг шийдэл гаргаж зураг авалтаа хийдэг.

-Зураг авалтын үед найруулагч, жүжигчидтэй тулж харьцах хүмүүсийн нэг нь зураглаач. Таны хувьд жүжигчидтэй хэрхэн харьцаж, ажилладаг вэ?

 -Найруулагч, жүжигчдийн зураг авалтыг дэлгэцийн араас харах, зураглаач камерын араас хажуунаас нь харах мэдрэмж өөр. Зураг авалтын үед зураглаач жүжигчиддээ “Энэ хэсэг дээр ингэ, тэг” гэж хэлнэ. Найруулагчийн хараагүй өнцгийг зураглаач олж харах үе бий. “Зура” кинон дээр жүжигчин Г.Алтаншагай, С.Ариунбямба хоёр ах дүү гэдгээ мэддэг хэсэг байдаг. Тэр хоёр агуулахад ярьж байгаа хэсэг дээр жүжигчдийн тоглолт илүү гардаг. Жүжигчид тоглолт нь гараад байгаа мөртлөө текст дээрээ хэтэрхий яараад хурдан хэлээд байсан. Би тэдэнд “Тайван, тогтуун текстээ уншвал зүгээр юм байна. Битгий кадртаа баригд” гэсэн. Жүжигчид маань нэг нэгнийхээ зөвлөгөөг хурдан хүлээж авдаг. 

-Зураглаачтай нягт хамтран ажилладаг хүний нэг бол гэрлийн найруулагч. Жүжигчин, гэрлийн найруулагч Б.Батнямбуутай олон кинонд гар нийлж ажилласан байдаг?

-Тийм ээ. Миний хамт ажилладаг гар нийлсэн баг бий. Бид харцаараа нэгнийхээ хийх гэж байгаа үйлдлийг мэддэг болсон. “Зура” кинонд Э.Батнямбуугийн шавь н.Төгөлдөр ажилласан. Кино зураг авалт эхлэхээс өмнө зохиолын задаргаа хийхдээ  энэ анги дээр  ийм объект байх юм байна. Үүн дээр ямар гэрэл тавих вэ гэдгээ ярилцдаг. Кино зөвхөн план, найруулгаас гадна гэрлээс бүх зүйл шалтгаална.  Киноны утга агуулга, өнгө үзэмж гэрлээр тодорхойлогддог.

-“Зура II цурам ажиллагаа” кинонд өнгөний шийдлийг илүү тод харуулсан. Энэ нь киног тодотгосон нэг хүчин зүйл болсон байх?

-Хөх, ногоон, шар, бор ногоон өнгө зонхилсон. Өнгөн дээр зоригтой шийдлүүд гаргасан хэсгүүд бий.  Анх хайрцаганд баригдсан үе байсан. Харин “Зура” кинонд  өмнө нь ашиглаж байгаагүй өнцөг, өнгийг гаргая гэж бодсон.

-Таны уран бүтээлдээ баримталдаг зарчим, арга барил юу вэ?

-Би өөрийгөө адал явдалтай киноны зураглаач гэж хардаг. Шинэлэг зүйл хийхийг зорьж явна. “Зура” киноны зураг авалтын үеэр жүжигчнээ дагаад хоёр давхраас үсэрсэн. Миний нүдээр олон хүн киног үзэж байгаад зураглаач мэргэжлийн онцлог оршдог.

-Манай зураглаачид дэлхийд хөл нийлүүлэн алхахын тулд юуг тусгах хэрэгтэй гэж хардаг бол?

-Монголын кино уран бүтээлчид орос чиг хандлагатай. Ер нь хайрцаганд баригдахгүйгээр задгай сэтгэх цаг нь ирсэн гэж боддог. Гадны уран бүтээлчдийг харахад задгай сэтгэж, зоригтой хөдөлж байна. Камерыг хөл дээр тавьж зураг авна  гэдгийг халсан. Манайд  зураг авалтаа дандаа хөл дээр авдаг. Яагаад гэвэл дүрсээ муухай болчихно гэсэн сэтгэхүй бидэнд суусан байдаг.

-Киноны уран бүтээлчдийн хамгийн том зорилго Оскарын шагнал хүртэх байдаг?

 -“Фантастик” продакшн “Red point media” студи  “Netflix”-тэй хамтарч уран бүтээлээ хийх нь бидний ойрын зорилго. Японы кино групп олон ангит киноны гурван ангийн зураг авалтыг Монголд хийхээр ирсэн байгаа. Намайг зураглаачаар хамтарч  ажиллах санал тавьсан. Энэ нь миний хувьд мөрөөдлөө биелүүлэх нэг алхам. Мэдээж уран бүтээлч хүний мөрөөдөл хүсэл Оскарын шагнал хүртэх байдаг. Найруулагч Б.Тамир ах бид хоёрын ирээдүйн зорилго Оскарын тайзнаа шагналаа хүртээд инээгээд зогсох. Б.Тамир ах бид хоёр үеэлүүд. Бидний багын олон сайхан дурсамж бий. Бид хоёр бага байхдаа кино зураг авалт хийж байна гэж тоглодог байсан. Манай гэрт жижигхэн камер байсан юм. Би камераа барьчихаад  Тамираа ах “Дүү ингэ, тэг” гэж тоглодог байсан. Харин одоо бид хоёр хүүхэд  насны мөрөөдлөө  биелүүлээд явж байгаа нь сайхан санагддаг.

-Та хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж чаджээ. Мэргэжлийнхээ арга барилыг хэн багшаас сурсан бэ?

-Би СУИС-ийн Радио телевизийн сургуулийг 2009 онд кино зураглаач мэргэжлээр төгссөн. Төрийн соёрхолт, хослол зургийн нэрт мастер Л.Шаравдорж гэсэн агуу хүний гарын шавь. Багшаасаа хослол зургийн арга барилаас нь тодорхой хэмжээнд сурсан. Гэхдээ үүнийгээ кино зурагт гаргах нөхцөл бүрдэхгүй байна. Одоо техник технологи хөгжөөд ирэхээр графикийг давамгай ашигладаг болсон. Хэдий багшаараа хичээлээ заалгаж байгаа ч энэ цаг хугацаа надад богинохон санагдсан. Би тэр мундаг хүнээс илүү ихийг сурахыг хүссэн. Тиймээс оюутан байхдаа багшийнхаа студи дээр хадаг, сүүтэй очоод “Намайг шавиа болгож аваач. Би таны хий гэснийг хийж, таны хийж байгаа зүйлийг сурмаар байна” гэж гуйж байсан. Багш маань “Чи хичээл дээрээ сураад л байгаа шүү дээ.  Бусадтайгаа ижилхэн яв” гэсэн. Дараа нь дахин очиход багш маань зөвшөөрөөгүй.  Гурав дахь удаа гуйхад аргагүйн эрхэнд зөвшөөрч намайг гарынхаа шавь болгосон.

Монголын кино урлагийн нэрт төлөөлөгч болсон агуу хүний шавь болсондоо үргэлж талархаж явдаг. Багш маань их бүтээлч. Камераа задалж янзлаад угсарчихдаг. Монгол гэр дотор 360 эргээд орон зайн дүрслэлийг авах боломжтой гар кран хийж байсан. Би багштайгаа кино бүтээл дээр ажиллаагүй ч хүүтэй нь олон кинонд хамт ажилласан. Багшийн хүү Ш.Даваахай “Ноён солиот”, “Уулын төмөр” кинонд ажилласан чадварлаг кино зураглаач байсан. Би бага байхаасаа  “Зүрхэнд шивнэсэн үг”, “Уулын төмөр”, “Хайрыг хайрла”, “Ноён солиот” кинонд туслах зураглаачаар явж эхэлсэн. Монголын кино урлагийн сор болсон олон уран бүтээлчийн арга барилыг дэргэдээс нь харж өссөн нь урлагийн хүн болох замналыг минь нээсэн.

-Таны зураглаачаар ажилласан анхны уран бүтээл “Фантастик” продакшны “Маш нууц” I. Анхны кинон дээр ажилласан цаг хугацаа мартагдахааргүй дурсамж үлдээсэн болов уу?

-Би UBS телевизээс  ажлынхаа гарааг эхэлсэн. Телевизийн салбарт 10 гаруй жил ажилласан. Хоёр ч телевизийг үүсгэн байгуулалцсан. Өөрийгөө  илүү хөгжүүлэхийг зорьж телевизийн салбараасаа гарч “Red point media” студиэ нээсэн. Студи байгуулсны эхний жил “Фантастик” продакшны “Маш нууц” I киноны зураглаачаар ажиллах санал ирсэн. Тэгээд энэ киног хийхийн тулд эхлээд хоёр жил бэлтгэл ажил хийгээд миний анхны бие даасан уран киноны зурагт авалт эхэлсэн. Өмнө нь  “Фантастик” продакшны “Миний ах атаман” киноны хоёрдугаар зураглаачаар  ажилласан. Зодоонтой, шоронгийн хэсэг хүндрэлтэй байсан. Анхны кино учраас бүх хүчээ дайчилсан. Анх киноны саналаа аваад зураг авалтаа эхлэх үед хүмүүс “Бид энэ киног хийхэд ямар нэгэн байгууллага дэмжээгүй. Хувь уран бүтээлчид бор зүрхээрээ явж байгаа. Энэ киног хийхийн тулд хүмүүс байраа барьцаанд тавиад хийж байгаа шүү. Тэгэхээр маш хариуцлагатай байх ёстой” гэсэн.  Киноны монтаж дууссаны дараа би өөрийгөө үнэлээгүй. Яагаад гэвэл миний сэтгэлд киноны хийц, зураг авалтын хувьд сэтгэлд хүрээгүй. Би өөрөөсөө илүү ихийг хүсэж байсан болохоор эмээгээд киноны нээлтэд очмооргүй санагдаж байсан. Харин киногоо нээсний дараа хүмүүсийн нижигнэсэн алга  ташилт, урмын үгс тайвшруулсан. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 195 (6927)

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ6 цаг 55 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ7 цаг 6 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube