Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хяналтгүй болж байгаа талаар Геологийн төв лабораториос мэдээлэл хийлээ.
Геологийн төв лабораторийн ажилчид “2022 оны наймдугаар сарын 24-нд Геологи судалгаа шинжилгээний төвийг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 317 тогтоол гарсан байна. Энэхүү тогтоолыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлаагүй. Харин уг тогтоолыг хэрэгжүүлэхэд гарах хүндрэл, хөндөгдөх эрх ашгийн асуудлаар ярья гэж бодсон юм.
Нэгдүгээрт, Манай улсын эдийн засаг уул уурхайд тулгуурласан. Харин манай байгууллага экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүнд хяналт, шинжилгээ хийдэг. Тодруулбал, уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнийг импортоор авч буй гадны оронд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн явууллаа гэдгийг гэрчилдэг. Гэтэл дээрх тогтоол биднийг итгэмжлэгдсэн бие даасан лабораторийн байгууллага биш болгож байгаа бөгөөд гадны орныхон бие даасан бус лабораторийн шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй. Эцэст нь манай бүтээгдэхүүнийг худалдан авагчдын тал буюу гадны улсын лабораторийн шинжилгээ дүгнэх болно.
Хоёрдугаарт, Уул уурхайн ажилд их мөнгө зарцуулдаг. Ингэхдээ манай орон гадны компаниудаас хөрөнгө оруулалт татаж хамтарсан хувь эзэмшлээр уул уурхайн ажлыг өрнүүлдэг. Гэтэл манай байгууллага тогтоолын дагуу өөрчлөгдсөнөөр гадны компаниудын экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүнд хяналт тавьж чадахгүй. Бидний итгэмжлэгдсэн бие даасан шинжилгээний үр дүн баталгаа болдог. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар дахь төрийн хяналтын асуудал суларна. Улмаар үгүй болно гэсэн үг.
Геологийн төв лаборатори нь геологийн судалгаа, эрэл хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн бүхий л төрлийн шинжилгээний ажлыг цогцоор нь хийдэг төрийн өмчит цорын ганц байгууллага мөн. Геологийн төв лаборатори нь уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт 65 жилийн турш хувь нэмрээ өргөж ирсэн байгууллага” гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.