Ерөнхий сайд энэ тавдугаар сарын 27-нд Өмнөговь аймагт ажиллахдаа Цагаандэл-Уул хүртэлх автозамын бүтээн байгуулалтын ажлыг нутгийн иргэд эсэргүүцсэн учраас түр түдгэлзүүлсэн. Ингээд Говийн хөгжлийн зөвлөл байгуулж асуудлыг судлахаар болсон ч өнөөг хүртэл тодорхой мэдээлэл гараагүй байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд энэ талаар Засгийн газрын гишүүдээс тодруулсан юм.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод Боомтын сэргэлт гээд томоохон бодлого суусан. Боомтын сэргэлтийн хүрээнд боомт руу чиглэсэн төмөр зам, автозамыг хурдан хугацаанд барьж байгуулах ажлыг онцгой ач холбогдолтой гэж үзэж нэгдүгээрт эрэмбэлж байгаа. Тийм болохоор ямар нэгэн саад тотгоргүйгээр төмөр зам, автозамуудыг боомтын чиглэлд барьж байгуулах ажлуудаа эрчимтэй явуулах бодлого барьж байгаа. Өмнөговь аймгийн тухайд Гашуунсухайт руу чиглэсэн төмөр замыг барьж байгуулаад ашиглалтад хүлээж авлаа. Цааш нь, Хятад улстай өргөн нарийн царигаар холболтын цэг терминал байгуулах ажлыг хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлж байж, жилдээ 50 орчим сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болно. Одоогийн байдлаар 20 орчим сая тонн ачаа хил дээр хүргэх боломжтой болсон гэж харж байгаа. Дараагийн том ажил бол Шивээхүрэн –Арц суурь чиглэлд баруун босоо чиглэлийн төмөр замыг барьж байгуулах төсөл сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Энэ ондоо багтаад гүйцэтгэгчээ шалгаруулаад гэрээ хийхээр төлөвлөөд ажиллаж байна.
Мөн Цагаандэл-Уулын боомт хүртэлх автозамын ажлын концессын гэрээ 2018 онд хийгдсэн боловч одоог хүртэл ажил нь эхэлдэггүй. Орон нутгийн иргэд нь эсэргүүцдэг. Энэ ажлыг хурдан эхлүүлэх шаардлага байгаа. Монгол Улсын болоод Хятад Улсын Засгийн газар хамтраад хоорондоо тохиролцоод гэрээ хийчихсэн. Хятадын талаас боомтоо бариад замаа тавьчихсан. Монголын талаас ажлаа хийж, үүргээ биелүүлээгүй. Энэ тал дээр манай Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүд Засгийн газартай хамтарч ажиллаж, ажлыг нь хурдан эхлүүлэх нь зөв байх аа. Тавантолгойгоос Цагаандэл-Уулын боомтыг чиглэсэн 240 км автозам баригдах юм бол энэ чиглэлд импортын болон экспортын ачаа бараа эргэлтэд орох томоохон боломж бүрдэнэ” гэсэн хариулт өглөө.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.