Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-24 нд нийтлэгдсэн байна.

У.Хүрэлсүх: Бид Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг мөнхөд бадрааж явах журамт үүрэгтэй

11/ 24/ 2022    11 цаг 02 минут

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан  “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ! 

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ! 

Эрхэм хүндэт зочид оо!

Та бүхэнд дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, аугаа их цэргийн жанжин, хаадын хаан Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.  

Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, Монгол үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.  

Чингис хаан олон монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, эртний түүхт монгол төрийн алтан аргамжийг бататган бэхжүүлж, монголчууд бидний түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэж, үеийн үед мөнхжин дуурьсагдах аугаа их алдар гавьяаг байгуулсан билээ.  

Чингис хааны түүх бол дан ганц монголчуудын түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм. 

Эзэн хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан.

Их хааны суу билиг, үйл хэрэг дэлхий ертөнцийн хөгжилд онцгой ихээр нөлөөлж, зуун зууныг өртөөлөн хүн төрөлхтний түүхэнд дуурьсагдаж, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ.

Эзэн Чингис хаан бол Монгол үндэстний тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн эзэн хаан мөн.

Их эзэн Чингис хаан бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг уламжлан, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо  сэтгэлийг хурааж, итгэлийг тэтгэж, өнгөрснөө санаж, одоогоо мэдэж, ирээдүйгээ таньдаг, ертөнцийн түүхийг бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа хүмүүн билээ.

Тиймээс монголчууд бид их хааныхаа билиг сургаалыг танин мэдэж, даган мөрдөж, түүний өвлүүлэн үлдээсэн эх түүх, их өвийг сурвалжлан судалж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлж, Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг өнө мөнхөд бадрааж явах журамт үүрэгтэй.  

Энэхүү журамт үүргийг биелүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, гадаад орны иргэн, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай. 

Энэ жил Эзэн Чингис хаан болон түүний үйл хэрэг, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, дэлхийн олон ард түмэнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулсан Америкийн эрдэмтэн судлаач доктор, профессор Жак Уэдерфорд болон Их хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн эх орныхоо газар нутаг, хөрс шороо, цаг уур, байгаль орчны судлалд жинтэй хувь нэмэр оруулсан академич, шинжлэх ухааны доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна. 

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнагдсан эрхэм хүндэт Жак Уэдерфорд, Дэчингунгаагийн Доржготов нарт ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Эрхэм нөхөд өө,

Профессор Жак Уэдерфорд бол Америкийн улс төрийн түүх, Монголын түүх, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар томоохон судалгааны ажлууд хийж, олон арван ном бүтээл туурвин,  олон улсад өндрөөр үнэлэгдсэн нэрт эрдэмтэн судлаач юм.

Тэр бээр 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд түүний энэ бүтээл “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 20 гаруй орны хэлээр орчуулагдан хэвлэгдэж дэлхий нийтийн хүртээл болсон юм. 

Эрдэмтэн Жак Уэдерфорд нь энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд байдаг зарим нэг ташаа ойлголтыг шинжлэх ухаанчаар тайлбарлан залруулж, Чингис хаан болон түүнийг залгамжлагчид эв эеийг эрхэмлэн, хууль цаазын дор амар амгаланг цогцлоож, шашин шүтлэг, тэгш байдлыг тэтгэсэн ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж, худалдаа арилжаа, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарыг хөгжүүлж, элч солилцох ёс, дипломат албаны ойлголтыг анх бий болгон, өнөөгийн дэлхий ертөнцийн үнэт зүйл, үзэл санаа, даяаршлын үндэс суурийг тавьсан Их эзэн хаан гэдгийг дэлхий дахинаа дахин таниулсан юм. 

Тэгвэл түүний 2010 онд хэвлүүлсэн “Монголын их хатдын нууц товчоо” хэмээх бүтээл нь монгол хатад эмэгтэйчүүд зуун зууны турш үг хэл, үзэл санаа, үйл хэргээрээ хүн төрөлхтний түүхийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дэлхий нийтэд таниулсан бол 2016 онд хэвлүүлсэн “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” хэмээх бүтээл нь Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг хүн төрөлхтний түүхэнд анхлан таниулж, түүний энэ дэвшилтэт, ардчилсан үзэл санаанаас дэлхийн нэр хүндтэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайлал авч ирсэн тухай өгүүлсэн байдаг.  

Мөн тэр бээр 1998 оноос хойш манай улсад олон удаа ирж нийт 40 орчим хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг түүхэн газруудаар явж, Монголын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж Чингис хаан судлал болон монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.  

Түүнчлэн 2010 онд монголын залуу судлаачдыг дэмжих, түүхийн ташаа ойлголтуудыг засах, монголын түүхийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Жак Уэдерфорд Сан” байгуулагдсан бөгөөд “Жак Уэдерфордын нэрэмжит шагнал” олгож монгол судлалыг дэмжих чиглэлээр олон чухал ажил хийсэн байна.  

Эрхэм таны Чингис хаан, түүний залгамжлагчид болон монгол хатдын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг шинжлэх ухаанчаар сурвалжлан судалж, үнэлэн дүгнэсэн бүтээлүүд нь монголчуудын талаарх үнэн бодит ойлголтыг өнөөгийн ертөнцөд дахин таниулж, Чингис хаан болон монгол үндэстний олон улс дахь үнэлэмжийг нэмэгдүүлж, түүх соёлыг сурталчилж, Чингис хаан судлал болон Монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаад гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Жак Уэдерфорд Та бол Монгол Улсын төрийн дээд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртэж байгаа гадаад улсын анхны иргэн болж, Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдлээ.

Таны цаашдын эрдэм номын их үйлсэд өндөр амжилт хүсэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм нөхөд өө,

Манай улсын нэрт эрдэмтэн, академич Дэчингунгаагийн Доржготов бол Их эзэн хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн эх орныхоо газар нутаг, хөрс шороо, цаг уур, байгаль орчны судлалын тэргүүлэх эрдэмтэн бөгөөд Монгол орны хөрсний гарал үүсэл, газар зүй, ангилал, шинж чанар, үржил шим, чанарын үнэлгээний талаарх онолын суурь судалгааг хөгжүүлж, Монгол Улсад хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан юм. 

Тэр бээр хөрсний суурь судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал үүрэгтэй хөрсний зураглалаар дагнан ажиллаж, 1975 онд Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, мөн анх удаа сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, монголын газрын хөрсний хэв шинж, орон зайн бүтэц, тархалтыг дүрслэн харуулсан. 

Түүний судалгаа манай орны бүх төрлийн хөрсний нөөцийг тооцон гаргах боломжийг бүрдүүлснээрээ зураг зүйн үнэ цэнтэй ховор бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг билээ. 

Түүнчлэн академич Д.Доржготов 1984 оноос хойш Монгол Улсын анхны “Үндэсний атлас” зохиох эрдэмтэн судлаачдын багт оролцож, удирдан зохион байгуулж, 1990 онд орос, монгол хэлээр 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схемийг багтаасан “БНМАУ-ын Үндэсний атлас” хэмээх анхны үндэсний атласыг хэвлүүлж, 2009, 2022 онуудад “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг шинэчлэн хэвлүүлэх ажлыг удирдсан байна. 

Энэхүү “Монгол Улсын Үндэсний Атлас” нь манай улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны бүтэц, байгаль-газарзүйн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, аж ахуй, нийгэм, эдийн засгийн олон талт цогц мэдээллийг багтаасан байдаг тул  эрдэм шинжилгээ, танин мэдэхүй, онол практикийн үнэлж баршгүй ач холбогдолтой, иж бүрэн зураг зүйн  суурь бүтээл болсныг олон улсын эрдэмтэн судлаачид өндрөөр үнэлдэг билээ. 

Түүнчлэн 1995, 2005 онд “Монгол орны экосистемийн зураг, атлас”, 2015 онд “Байгал нуурын сав газрын экологийн атлас”, 2019 онд “Монгол орны экосистемийн атлас” зэрэг томоохон бүтээлүүд хэвлүүлсэн нь экологи, эко-геохими, экосистем, байгаль орчны шинжлэх ухааны хөгжил, судалгаа-хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд шинэлэг дорвитой алхам болсон юм. 

Мөн академич Д.Доржготовын удирдсан судалгааны баг өнөөгийн дэлхий дахинд тулгамдаад байгаа байгаль орчны бохирдол, доройтол, уур амьсгал, экосистемийн өөрчлөлт, экологи-геохимийн төлөв байдлын асуудлыг дагнан судалж, 1999 онд “Улаанбаатар хотын байгаль орчны, бохирдлын тойм зураглал”, 2004 онд “Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрүүдийн орчмын хөрсний бохирдлын судалгаа”, 2009 онд “Дархан хот орчмын геоэкологийн судалгаа”, 2010 онд “Улаанбаатар хот орчмын хөрсний бохирдлын судалгаа”, 2015 онд “Сэлэнгийн сав нутаг дахь уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төвүүдийн байгаль орчин, экогеохимийн судалгаа” зэрэг олон чухал ажлыг гүйцэтгэн, технологийн шийдлийн санал зөвлөмжийг боловсруулсан бөгөөд 2008 онд “Хөрс бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээний улсын стандарт” боловсруулжээ.

Академич Д.Доржготов нь ахисан түвшний нарийн мэргэжлийн судлаач эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, оюутан залуусыг сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт хичээнгүйлэн зүтгэж, МУИС, МУБИС-д багш, тэнхимийн эрхлэгчээр олон жил ажиллахдаа 20 доктор, 4 шинжлэх ухааны докторын эрдмийн ажлыг удирдан хамгаалуулсан байна. 

Академич Д.Доржготов таныг Монгол Улсын хөрс судлал, газар зүй, зураг зүй, байгаль орчны судлалд нэгэн жарны амьдралаа зориулж, Монгол Улсын шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн төрийн дээд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээж, түмэн олноо алдаршуулж байна.

Таны цаашдын эрдэм номын их үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, танд болон таны гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ6 цаг 16 минутын өмнө“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон6 цаг 42 минутын өмнөЦасан болон шороон шуурга шуурна7 цаг 10 минутын өмнөЦ.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна7 цаг 38 минутын өмнөЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй8 цаг 4 минутын өмнөД.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна8 цаг 9 минутын өмнөАрабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав8 цаг 11 минутын өмнөЭрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!8 цаг 14 минутын өмнөХуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө8 цаг 16 минутын өмнөПрокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58
 Facebook Twitter Youtube