Ираны эрх баригчид улс орныг бүхэлд нь хамарсан эсэргүүцлийн давалгаатай холбоотойгоор заавал хижаб өмсөх тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байна гэж The Guardian мэдээлэв.
Ираны Ерөнхий прокурор Мохаммад Жафар Монтазери “Парламент болон шүүх засаглал аль аль нь энэ асуудал дээр ажиллаж байна” гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Ибрахим Раиси Ираны бүгд найрамдах болон исламын үндэс суурь нь Үндсэн хуульд тусгагдсан боловч "Үндсэн хуулийг хэрэгжүүлэх уян хатан арга байдаг" гэж онцлон тэмдэглэв.
Хаант засаглалыг унагасан Исламын хувьсгалаас хойш дөрвөн жилийн дараа буюу 1983 оны 4-р сард Иранд хиджабыг бүх эмэгтэйчүүд заавал өмсөх ёстой болсон. Хижаб өмсөх нь тус улсын хувьд маш эмзэг асуудал хэвээр байна. Консерватив үзэлтнүүд үүнийг заавал хийх ёстой гэж зүтгэж байгаа бол шинэчлэлийнхэн үүнийг хувь хүний сонголтод үлдээхийг хүсч, хуулийг хүчингүй болгохыг үгүйсгэхгүй байгаа юм.
Сануулахад, хижаб өмсөх асуудалтай холбоотойгоор үүссэн эсэргүүцэл есдүгээр сарын дундуур хурцадсан. Энэ нь Махса Амина хэмээх оюутан бүсгүйн цаг бусын үхэлтэй холбоотой байв. Учир нь цагдаа нар түүнийг хижаб буруу өмссөн хэргээр саатуулсны дараа охин нас барсан юм. Үүний дараахан тус улсад олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв. Хамгийн сүүлийн мэдээллээр энэ хугацаанд 200 орчим хүн нас баржээ. Хохирогчдын дунд террорист халдлагад амиа алдсан аюулгүй байдлын ажилтнууд, "дайсагнагч бүлэглэлүүд" болон үймээн самууны улмаас амиа алдсан энгийн иргэд байгаа юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Ираны Исламын хувьсгалын шүүх гурван жагсагчийг давж заалдах боломжтой хэмээн цаазаар авах ял оноосон. Мөн тус улсад мянга гаруй хүнд ял оноосон байна.
Тодотгоход, Хижаб гэдэг нь мусульман эмэгтэйн толгойн алчуур буюу толгойг битүү бүрхсэн ороолт юм.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.