Алтан ургийн Агданбуу тайжийн голомт залгасан ганц хүү. Гонгор нэртэй байгаад 1910-аад оны сүүлчээр өвдөж, лам багш нь Амар хэмээн нэрийг нь сольсон. Эцэг Агданбуу тайжийн сахилын нэр Ананд тул Анандын Амар гэдэг.
Тэрбээр багадаа Дайчин вангийн хүрээний сургуульд сурч монгол бичиг сурч улмаар манж, төвд хэл сурч, Монголынхоо түүхийг сонирхон судалж эхэлжээ. А.Амар арван гэр, багийн бичээчээс төрийн албанд зүтгэх гараагаа эхэлж, 1913 оноос Гадаад яаманд эх зохиогч, дэс түшмэлээр ажиллаж байв. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараа Гадаад яаманд эрхэлсэн түшмэл, Дотоод ба Аж ахуйн яамны сайд, Ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, 1928-1930, 1936-1939 онд Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага Хурлын даргаар ажилласан.
А.Амар төрийн өндөр дээд албанд зүтгэхдээ үндэсний ардчилсан чиг шугам баримталж, улс орны эдийн засгийг хөл дээр нь босгох, хууль, дүрэм, заавар зэрэг төрийн 300 гаруй баримт бичиг боловсруулахад оролцон, улс оронд орчин үеийн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэх, улс орны гадаад харилцааны алтан аргамжийг улс үндэсний эрх ашгийн үүднээс зөв татах, хууль ёсыг завхруулан гажуудуулахын эсрэг эрслэн тэмцэх зэргээр бололцоотой бүхнийг хийж байв. Гэвч түүний үйл ажиллагаа Коминтерн, Зөвлөлтийн бодлоготой зөрчилдөж, 1939 оны 3 дугаар сарын сүүлчээр Сталины тусгай удирдамжаар “ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч”, “Японы тагнуул, төлөөлөгч” хэмээх хилс ял тулган баривчилжээ.
1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр А.Амар: “Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?... Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй... хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” гэжээ. Чингээд Монголын ард түмний баяр наадмын өдөр түүнд ялын дээд хэмжээ өгч, 7 сарын 27-ны өдөр цаазалжээ.
ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1956 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаар А.Амарт оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, 1962 онд түүнийг цагаатгасан. (Ж.Болдбаатар)
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.