Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-08 нд нийтлэгдсэн байна.

Хулгайч ба түүний дайснууд

12/ 8/ 2022    10 цаг 43 минут

Манай нийгэмд хулгай нүүрлэжээ. Хэнээс ч асуусан ингэж л хариулна. Том багагүй, хөгшин залуугүй хулгай хийж байгаа ба улсын хэмжээгээр ганц нэгхэн хүн л ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч байгаа, тэр нь өөрөө гэж бид боддог. 

Гэвч байдал арай өөр. Өөрийгөө хулгайч биш гэж үзэж байгаа нэг, нэг ширхэг хүн маш олон байгаа. Зуу, зуун хүн хулгайг эсэргүүцэн жагсаж, түүнийг гэрээсээ дэмжигч мянга мянган иргэн байгааг бодоход шударгаар амьдарч байгаа хүн ганцхан “чи” биш бололтой. 

Гэхдээ хулгайч ба түүнийг эсэргүүцэгчдийн алин ч баталгаатай биш. Жагсагчдийн нэгийг сугалаад “Энэ бас хулгайч” гэхэд чи дорхноо үнэмшиж багалзуурдахад бэлэн болно. “Аль нь жинхэнэ жогорхой вэ” гэгчээр, хэн нь жинхэнэ хулгайч , хэн нь “шодоргос” вэ? Яагаад хулгайчийг хулгайч бишээс нь ялгахад ийм хэцүү болчихов? Хариуг хамтдаа хайх гээд үзье!

Хулгайч, авилгач нар юунаас айдаг гээч? Тэд хууль цаазаас айдаггүй. Бас шударга ёс, үйлийн үрээс айдаггүй. Юу хийж байгаагаа, ямар үр дүн хүлээж буйг, бас баригдвал юу болохыг цөмөөрөө мэдэж байдаг. Тэд огт өөр юмнаас айдаг.

Зэрэгцэн амьдарч байгаа шударга хүмүүс л тэднийг айлгадаг. Шударга иргэд шударгаар тэмцэхээс айх нь мэдээж боловч гол аюул энэ биш. Хамгийн аймшигтай нь шударгаар амьдарч байгаа хэсэг нь хулгайч луйварчдыг илрүүлэх, харьцуулах дэвсгэр өнгө, тодруулагч бодис болдог. Мөн үү, жагсаал хийлгүй, уриа лоозон хашгиралгүй зүгээр л шударгаар амьдрах нь өөрөө нийгмээ эрүүлжүүлж байдаг байх нь. (Шударга хүн жагсдаггүй гэж байна гэж битгий ойлгочихоорой доо, хэн минь!)

Иргэд шударга хүмүүсийн гэгээн фон дээр луйварчдынх хар мөрийг амархаан олж хардаг. Шинэ цасан дээр амьтны мөр тод байдаг шиг шударга хүмүүстэйбусармаг үйлтнүүд зэрэгцэн амьдрахад бараан зам нь тодроод үнэхээр хэцүү.

Иймээс хулгайч, луйварчид эргэн тойрныхоо шударга хүмүүсийг харлуулах, шахан зайлуулахад хамаг анхаарлаа тавьдаг. Жишээлэхэд, авилгачдаас бүрдсэн тээндэрийн комисст нэг шударга хүн орчихвол хамаг төлөвлөгөө нурна. Тэр гайг зүгээр нэг хөөгөөд явуулчихвал хамаг юм задалж мэднэ. Ямар алалтай биш.(Энэ янзаараа явбал, цаашдаа алдаг л болно л доо) Ингээд, нэг бол өөрсөд шигээ хулгайч болгох, эсвэл тас хараар будаж хулгайч, луйварчны пайз зүүх үлдэнэ. Гүтгэгдсэн этгээд гэмгүй болохоо шүүхээр нотолж болох ч олон түмний ой санамжинд цагаатгалын тогтоол биш, харин хар пайз нь дурсагдаж үлдэнэ.Хулгайч авилгачин, луйварчин гэдэгт нь бидний бат итгэдэг олон хүний ихэнх нь жинхэнэ хулгайч нарт гүтгэгдсэн, тэдний зүүж өгсөн пайзтай шударга хүмүүс байгаад би итгэдэг. 

Авилгачдын дайсан нь мөрөөрөө яваа шударга хүн байдаг бол зорилго нь юу вэ? Хулгай илрэхгүй байх ч бас гол зорилго биш. Шударга хүнгүй юм шиг болох, бүгдээрээ хулгайч юм шиг харагддаг нийгэмд амьдрах нь тэдний хүсэл. Тэгвэл тэд хар газар дээр хар мөр гардаггүй шиг ажиглагдахгүй явна. Ингээд тэд олз олборийнхоо ихэнхийг шударга нэгнийг харлуулахад, нийтээрээ падан хар хөөнүүд болон өнгө ижилсүүлэхэд зориулдаг. Угаасаа, улс даяараа хулгай нүүрлэсэнд итгэдэг олон түмэн үүнд маш амархан үнэмшинэ. 

Тод жишээ нь С.Баярцогт байна.Офшоор гэдэг мангаа зохиогоод түүнтэйгээ холбон баахан тоо ярьж түүн рүү дайрсан. Технологийн дэвшлээс болоод үнэн юм харагдах хуурмаг баримтыг үйлдвэрлэхэд амархан болсныг хэлэх үү? 

Тэр тоо, баримт гэж наасан зүйлийг нь бидний хэн нягталсан билээ? Хэн ч биш. Зурагтаар сурталчлахдаа “Энийг уугаад өвчнөө мартсан” гэдэг ухуулгатай юмыг шууд аваад уучихдаг, ядаж, “яагаад өвчнөө мартах болов, ой санамж алдуулдаг ч юм биш байгаа” гэж боддоггүй бид ч юугаа нягтлах билээ дээ, угаасаа ?

Гэснээс “Офшоор”гэж зөвхөн хулгайлсан мөнгө нуудаг нэг агуй байдаг, шударгаар олсон мөнгөө бариад очвол зодоод хөөдөг, “Үхснээ хийж хөдөлмөрлөж олсон мөнгөтэй явдаг хүүр вэ” гээд өшиглөдөг газар л гэж төсөөлөөд өнгөрсөн байх даа. Зүгээр л татвар багатай бүс шүү дээ. Хэрвээ Хан-уул дүүрэгт НӨАТ 10 хувь байхад, Баянзүрх дүүрэг 01 хувь байвал яах вэ? Хүмүүс Баянзүрх рүү очиж дэлгүүр, түцээ нээдэг юм байгаа биз дээ. Тийм л орчин. Барууныхан ихэс дээдсээ юу гэж шүүмжилсэн гэхээр, энд ард түмэндээ үйлчилнэ гэж ярьчихаад, улстаа татвар төлөхийн оронд тэнд мөнгөө эргэлдүүллээ “Еэ еэ бөөвөө” л гэсэн юм. Хууль зөрчлөө гээгүй, шийтгэнэ гээгүй. Зүгээр л ичээх гэсэн хэрэг. 

Тэхэн дээрээ тулбал, миний мөрөөдөл бол монголчууд мянга мянгаараа офшор бүст бизнестэй болох, болж өгвөл өөрөө тэдний дунд багтах. Эсвэл Монгол улс өөрөө офшоор бүс болоод мөнгөндөө хахаж хөгжих юм шүү, тоглоомгүй.

Манайхан гэтэл С.Баярцогтыг барьж аваад л шоронд хийчихсэн. Түүнийг шал өөр шалтгаанаар, хөрш орны ашиг сонирхлын оролцоотойгоор, улс төрийн шатгаанаар ялласан юм шүү дээ, уг нь. Нэг их удахгүй энэ нууц ил болж таарна. Харин манай нийгэм түүнийг луйвар хийж офшоорт мөнгөө хийгээд шоронд орсон гэж итгэсээр үлдсэн. Айхавтар хулгайч баригдлаа гэж бодсон. Яг л П.Гэндэнг, А.Амарыг буудахад “Ёстой том дайсан илэрч шийтгэгдлээ” гэж үнэмшсэнтэй агаар нэг явдал. 

Нөгөө талаасаа тэр баян байсан. Маш олон хүнд “яаж баяжих вэ” гээд бодохоор хулгай хийхээс өөр олигтой шийдэл санаанд нь ордоггүй нь түүнийг буруу замаар баяжсанд итгүүлсэн. Монгол хүн муухай учраас ингэж боддог ч юм биш. Цаанаасаа шалтгаантай. Юуны өмнө төр авилгад идэгдээд шударгаар бизнес хийх боломж хаагдсан нь олон хүнийг ингэж бодуулахад хүргэсэн юм шүү. 

Судлаачид хэлдэг юм, хүн бусдын үйл хэргийг шинжихдээ юун түрүүн “Хэрвээ би түүний оронд байсан бол яах вэ” гэж боддог гэж. Ямар сайндаа “Эдийн засагчдийг адууны аж ахуй судлуулах гэхээр өрөөндөө орж суучихаад “Хэрвээ би морь байсан бол яах вэ” гэж бодоод суудаг” тухай шог үг гарах билээ. Яг түүн шиг С.Баярцогтыг хөрөнгө мөнгөтэй гэж дуулсан зарим хүн “Хэрвээ би түүний оронд байсан бол яаж ийм их  мөнгө олох байсан бэ” гэж бодохоор л нэг иймэрхүү хариу гараад байсан шиг байгаа юм. Ганц Баярцогт ч биш, хулгай хийхгүйгээр мөнгө олдог, шударгаар хөрөнгө хуримтлуулдаг олон бизнесмэн яг ийм шалтгаанаар адлагдаж байгаа шүү.

Монголчууд тэнэг маанагтаа ч тэгж байгаа юм биш. Нүүдэлчдийн дунд хөрөнгөтөн байсан түүх үгүй. Байдаг хэдэн баяныхаа баялгийн эх сурвалжийг бүгд мэднэ. Нэг бол үе дамжсан баян, эсвэл мал нь нүдэн дээр өссөн байх жишээний. Арилжаа наймаагаар баяжсан нэгнийхээ үйлдэл бүрийг андахгүй, ямар хурдан морь хэдээр аваад хэдэд өгснийг, гаанс хөөргөө яаж арилжсныг бүгд мэднэ. Хэн нэгэн мэдэгдэхгүйгээр гэнэт баяжаад ирвэл хулгай л хийсэн байж таарна. Тийм учраас гэнэт гоё дээл өмссөн, учиргүй үнэтэй гаанс зуусан нэгийгээ хардаж эхэлдэг. Хардлага ч ихэнхдээ ул үндэстэй байх.

Харин иргэншсэн ертөнцөд хөрөнгөжих, мөнгө хийх нь урлаг маягтай болсон. Бизнес өөрийн нууцтай, төр түүнийг хамгаалах хадгалах үүрэгтэй. Тийм, иргэний бизнесийн нууцыг төр хамгаалах үүрэгтэй. Татварын алба орлогоо нуусан эсэхтэй л тэмцэх болохоос яаж олсныг нь сонирхох үүрэггүй. Мэдээж, “Хулгай мөнгө хийсэн юмаа, гэхдээ яахав татвараа өгье. Хүн амьтанд битгий хэлээрэй” гэж арай ч болохгүй л байх л даа. 

Гэтэл иргэншил хотшил, чөлөөт зах зээлийн гучаадхан жилийн өнгөц туршлагатай бид үүнийг ойлгож өгдөггүйд их зовлон байна. Ингээд, гаансаа хэдээр зарснаа хэлэхгүй, морио яаж арилжсан нь мэдэгдэхгүй байгаа юм чинь хулгайч л байж таарна гэж үзээд, хэцүү ч юмаа даа. За энэ ч яахав.

Том нууцыг хэд хэдэн жижиг нууцаар хамгаалдаг гэлээ гэгчээр “Том хулгайг олон тооны жижиг хулгайгаар хамгаалдаг” тухай бид ярилцлаа. Тэд хийсэн хэрэг нь булавч бултайгаад ирэхийн үед яадаг вэ гэхээр илүү том хулгайн дуулиан дэгдээдэг. Наян саяын хулгайг найман тэрбумын хулгайн хэргээр, найман тэрбумынхыг найман их наядыг хуссан гэх дуулианаар дарна. Бүр өөрснөө туг хиур бариад “Наймын тэрбумын хулгайчийг барь”, “Наян их наядын луйвраа зогсоо” гэж бархирна. Нийгэм даяар тэрээр “Хулгайтай тэмцэгч баатар” болж харагдах ба хожим хэрэг илрэхийн цагт “Хулгайтай тэмцээд хулгайд гүтгэгдсэн хэлмэгдэгч” болж үлдэнэ.

Хулгайч л “хулгайчийг бариарай” гэж хамгийн түрүүнд хашгирдаг гэж оргүй үг биш бололтой. Хулгайг хулгайгаар хамгаалж, баригдах гэвэл хулгайгаар дардаг гэж.

Өнгөн дээрээ бид цөмөөрөө хулгай, луйварт дургүй. Ингэж, улс орноороо, бүх ард түмнээрээ, бүүр төртэйгээ нийлж аваад хулгайтай тэмцээд байхад яагаад барахгүй байна гэдэг асуулт гарна. Хариулт нь: Хулгайтай тэмцэх замаар хулгайг бас хамгаалж болдог.

Одоо тэгээд яах вэ? Хэн нь жинхэнэ хулгайч, алин нь пайз наалгасан хулгайч болохыг хэрхэн ялгах вэ? Хэн нь үнэнээсээ хулгайтай тэмцэж, алин нь хулгайгаа нуух гэж хулгайтай тэмцэж буйг яасхийн тунгаах вэ? Хэн нь жинхнээсээ хулгай луйврыг үзэн ядаж, алин нь өөрт нь хулгай хийх боломж өгөөгүйд, эсвэл ногдох хулгайн талбайгаа голсондоо уурсаж явна вэ? Төрийн эрхийг хулгайчийн гараас булаах тэмцэл маань зүгээр л олзоо булаалдсан хоёр хүнд гарын тэмцэлд туслах төдий ажил болоод байвал цаашдаа яах ? 

“Байснаар байж ч болохгүй, байснаараа байхгүй байж ч бас болохгүй. Асуудал энд л байна” даа, хэн минь! 

2022.12.07

Эх сурвалж: Baabar.mn

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.118.140зочин   • 2022, 12 сарын 9. 12 цаг 20 минут

Нэг сая доллараа офшорт нуугаад баяжчихсан. Оюу толгойн гэрээг алдаатай хийсэн Баярцогтыг зөвөөр тодруулсанаар энэ нөхөрийн бичсэн зүйл үнэ цэнэгүй болов.



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ3 сар 29. 11:49“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв3 сар 29. 11:28Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв3 сар 29. 10:58Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ3 сар 29. 10:28Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 сар 29. 9:52Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube