Г.Занданшатар: Төр ард иргэдийн харилцаа холбоо, итгэл суларчээ

1/ 21/ 2023    9 цаг 09 минут

Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 

  Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулган Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу ажлын 78 өдөр чуулж, өнөөдөр өндөрлөж байна.

  Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдсан. 180 асуудал хэлэлцсэн байна. Байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо 8 удаа, Хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцлээ. Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталлаа. Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ. Эмийн чанар, хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороод байгуулагдаж, нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. КОВИД-19, хүнсний хангамж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн 3 Түр хороо ажиллаж, зарим нь тайлан, дүгнэлтээ гаргалаа.

  Улсын Их Хурлын гишүүд нийтдээ 88 асуудлаар 18 асуулга, 19 асуудлаар 7 асуулт тавьж, Засгийн газрын 7 мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсож, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 47 гишүүн 180 асуулт асууж, үг хэлсэн байна. Бүхэлдээ намрын чуулган тавьсан зорилтоо хэрэгжүүллээ гэж дүгнэж болохоор байна.

  Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байгаа. Гадаад, дотоод хүчин зүйлээс хамаарсан эрсдэлт нөхцөл бүрэн арилаагүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, хариуцлага тооцох, шударга бус, тэгш бус байдлыг халах, ядуурал, ажилгүйдэл, үнийн өсөлт, аж амьдралын доройтол, орлогын хомсдолыг зогсоох зэрэг шаардлагыг ард иргэд тавьж байна. Иргэдийн бухимдал, шаардлага бол шударга ёсны хүсэмжлэл нийт нийгмийг хамарч байгаагийн илэрхийлэл мөн.

  Тиймээс өнгөрсөн 30 жилийн туулсан зам, ололт амжилт, алдаа дутагдалаа эргэн харж, сургамж дүгнэлт хийх, алдаа буруу байвал засах, Монгол Улсынхаа ШИНЭ СЭРГЭЛТ-ийг эхлүүлэх түүхэн хариуцлага Та бидэнд оногдож байна.

  Эрүүл улс төр, хяналт-тэнцлийг зохистой хангасан засаглал, ард түмний оролцоо, хяналттай төр, гагцхүү хууль засагладаг шударга нийгэм, тогтвортой өсөлттэй эдийн засгийг цогцлоох эрх зүйн шинэчлэл чухал байна.

  Үүнтэй холбогдуулан ШИНЭ СЭРГЭЛТ-ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ийн хүрээнд Эдийн засгийн чиглэлээр 3 багц хууль, Нийгмийн бодлогын чиглэлээр 3 багц хууль, Засаглал-улс төрийн реформын чиглэлээр 3 багц хууль, Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад чиглэсэн 1 цогц арга хэмжээ, нийт 10 чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх шаардлага Улсын Их Хуралд тавигдаж байгаа.

  Эдийн засгийн реформын чиглэлээр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо анхаарч, ойрын хугацаанд эдийн засгийг тогтворжуулах багц хууль, эдийн засгийг либералчлах, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих багц хуулиуд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ.

  “БҮХНИЙГ ЭКСПОРТОД” уриан дор богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, валютын орох урсгалыг дор хаяж 1.0 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөрийг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж, эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэхүү цогц арга хэмжээ нь Үнийн өсөлтийг тогтворжуулах; Экспортыг нэмэгдүүлэх; Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих; Хөрөнгө оруулалт татахад чиглэх ёстой.

  Удаад нь нийгмийн бодлогын багц хуулиудыг хэлэлцэнэ. Саяхан өргөн мэдүүлсэн нийгмийн даатгал, халамжийн багц хуулиудыг ард иргэдээрээ хэлэлцүүлж, бүгд тойрогтоо ажиллаж үгийг нь сонсох хэрэгтэй. Боловсролын багц хууль удаан хүлээгдэж байна. Нийтийн эрүүл мэндийн гээд нь ниймгийн бодлогын гурван багц хуулийг хэлэлцэх юм.

   Гуравдугаарт, улс төр, засаглалыг сайжруулах эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлагдсан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжиж байна. Нээлттэй сонсгол гурав, дөрвөн жилийн дараа буюу одоо л жигдэрч эхэлж байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, заавал амилуулах шаардлагатай 17 хууль өргөн баригдаагүй байна. Энэ хүрээнд улс төр-засаглалын чиглэлээр Улс төрийн намын тухай, Авлигатай тэмцэх багц хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай багц, цогц хуулиуд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах багц, цогц хуулиуд хүлээгдэж байна. Эдгээр хуулиуд Монгол Улсын Үндсэн хуульд оруулснаас хойш дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж эхлэх ёстой.

  Ард түмний өмнө нэн тулгамдсан асуудал нь Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл байна. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад цахим шилжилт хийх, дэд бүтцийг сайжруулах, шинэ хот байгуулах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хэрэгтэй.

  Эдгээр нэн тулгамдсан асуудлуудын ач холбогдлыг үнэлэн цэгнэсний үндсэн дээр чуулганы завсарлагаар Улсын Их Хурлаас “Ард түмнээ сонсъё” аяныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн бүр тойрогтоо ажиллаж, зөвхөн тойргоороо хязгаарлахгүйгээр нийт ард иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодол, байр суурийг сонсож, тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгаа, хуулийн төслүүдээ хэлэлцэж, саналыг авах хэрэгтэй. Энэ бол ард түмний оролцоотой парламент, ард түмний оролцоотой ардчиллын үндэс юм. Ардчиллыг төлөвшүүлж, хөгжүүлэхэд ард түмний  оролцоог хангах хэрэгтэй. Аливаа хуулийг ээлжит чуулганы завсарлагааны үеэр ард иргэдээрээ хэлэлцүүлж, бодитой, амьдралд нийцүүлэхийн тулд ард иргэдтэйгээ уулзах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд КОВИД-19 цар тахлын улмаас гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэйгээ уулзаж чадаагүй. Үүнээс үүдэн төр-ард иргэдийн харилцаа холбоо, итгэл суларчээ. Иймд АРД ТҮМНИЙ ОРОЛЦОО-г өргөн хүрээнд хангаж, ШИНЭ СЭРГЭЛТ-ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ийн зорилгоо танилцуулж, ард иргэдийн саналыг сонсож, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ард түмний засаглах эрхийг эдлүүлж, ард түмний оролцоотой төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлмээр байна.

Ард түмний ХЯНАЛТ-тай парламент байхад нийтийн сонсгол чухал.  Өнгөрсөн 30 жилд бид хууль тогтоох ажилдаа анхаарч ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр парламентын хяналтын чиг үүргийг шинэ шатанд гаргаж, зөвхөн хууль тогтоодог, үйлдвэрлэдэг байгууллага биш баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянан шалгадаг, тэр талаар нээлттэй сонсгол хийж ард түмний мэдэх эрхийг хангадаг, бодлого шийдвэрт ард түмний оролцоог хангадаг,  төсвийн хөрөнгө, төр-ард түмний өмч, эх орны баялгийн хуваарилалт, зарцуулалтад ард иргэдийн хяналтыг тогтоож чадвал төлөөллийн ардчилал, парламентын төлөөллийн үүрэг жинхэнэ утгаараа хэрэгжинэ хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хууль өнгөрсөн оноос хэрэгжиж эхэллээ. Эндээс нүүрс, оффтейк гэрээ, Хөгжлийн банк гээд олон асуудлаар шүгэл үлээж эхэлсэн. Энэ бол нотлох баримт, үйл баримтад тулгуурлан удаан хугацаагаар шалгадаг процесс. Өнөөдөр нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат амжилттай дууслаа. Энэ бол парламентын хяналтын чухал хэлбэр бөгөөд зөв хэрэгжүүлж, төлөвшүүлэх хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь батлаад л бүх зүйл өргөс авсан мэт сайн сайхан болдог зүйл биш. Баталснаас хойш дөрвөн жилийн хугацаанд дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа, цаашид Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлж, сонсголын арга механизмуудыг сайжруулж, төгөлдөршүүлэх ажил хийгдсээр Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт амилах болно. Тийм учраас Улсын Их Хурал хяналт, шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай юм. Хууль үйлдвэрлээд, батлаад байх нэг хэрэг. Нөгөө талаас, хууль тогтоомжийнхоо хэрэгжилт, биелэлтийг хянан шалгах нь парламентын нэг чухал үүрэг байх болно. Энэ нь төлөөллийн ардчиллын нэг чухал үүрэг юм.

  Улсын Их Хурлын намрын чуулганаар бид Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар төсвийн шинэчлэл хийж, алдагдлыг бууруулах, төрийн хэмнэлтийг бүх шатанд хэрэгжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, нэгэнт эхэлсэн арга хэмжээг 2023 онд багтаан дуусгах зарчмыг хуульчилсан. Энэ бодлогыг уриа лоозон, сурталчилгаа болгохгүйгээр, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд цахим, ил тод мэдээллийн систем нэвтрүүлэх ажлыг яаралтай хийх шаардлагатай байна. Ард түмний хяналт бол албан тушаалтны хяналтаас чухал. Нээлттэй, ил тод болгож байж ард түмний хяналт тогтоно.

  Хувьцаат болон төрийн өмчит компаниудын засаглал, худалдан авалт, гэрээ хэлцэл, татвар, өр төлбөр, хөрөнгийн зарцуулалтад ил тод байдлыг хангаж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох, тэдгээрийн ТУЗ-ийг ард түмний төлөөлөл түлхүү байхаар өөрчлөн шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ард иргэдийн хяналтыг тогтоох шаардлагатай. Ийм учраас төрийн өмчит компаниудад анхааруулж хэлэхэд ирэх хаврын ээлжит чуулганаар Улсын Их Хурлаас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүү, тайлан, ил тод байдал, худалдан авалт, үр өгөөжийн байдалд анхаарч, нээлттэй сонсгол зохион байгуулж, анхаарч ажиллах болно гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

 Нэн ялангуяа байгалийн баялгийг үр өгөөжтэй удирдах, тэгш, шударга хуваарилах төрийн бодлого ард түмний хяналтад байж гэмээнэ сая зөв болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Намрын чуулганаар бид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, дагалдуул тогтоол баталсан. Эх орны баялаг, эдийн засгийн өсөлтийг хангагч уул уурхайн бүтээгдэхүүний дээрэм, тонуулыг таслан зогсоох, олборлолт, үнэ, гэрээ, тээвэрлэлт нь ил тод байж, түүнийг ард түмэн хянах нөхцөл энэ хуулиар бүрдүүлсэн. Үүнийг бодитой хэрэгжүүлэх шаардлагатай. Хуулийг батлах нэг хэрэг. Хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, хойноос нь хөөцөлдөж байх бас нэг чухал хэрэг байна.

 Иргэддээ үйлчлэх төрийн ажил үүргээс эхлээд дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг энэ намрын чуулганаар бид баталлаа. Төр зарим чиг үүргээ иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, цаашлаад эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах нь төрд  иргэдийн хяналт тогтоох нэг арга юм. Эдийн засгийн либералчлал, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь төрд байгаа авлига, хээл хахуулийг зогсоох, үр ашигтай болгох үндэс, чиглэл мөн. 

 Төрийн алба, төрийн алба хаагчдын үйл ажиллагаа ард түмнийхээ нүдэнд ил, хүсэлт шаардлагад ойр, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг ирэх хаврын чуулганы эхэнд заавал хэлэлцэн батлах ёстой. Үүнд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо онцгой анхаарах ёстой, хоёр ээлжит чуулган дамнан хэлэлцээд өдий хүрлээ. Ард түмнийхээ итгэлээс алсарсаар буй төрийн албаны нэр хүндийг сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ тогтоож, иргэдийнхээ хяналтад оруулж байж сэргээнэ гэдэг итгэл үнэмшил баттай байна. Монгол Улсын Үндсэн хууль болон аль нэг хуулиас гэхээс илүү төрийн албан хаагчид, иргэдийн ёс зүй, хэм хэмжээний алдагдалд аливаа зөрчил, дутагдал оршиж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс тогтоохыг ард иргэд маань шаардаж байгаа. Зүй ёсны энэ шаардлагад бодит хариу өгөхөд эрх зүйн шинэчлэлийн үндсэн зорилго чиглэх учиртай.

  Энэ чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэн баталсан.

  Халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгасан. Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байх, төрийн байгууллагын удирдах түвшний албан тушаалтнууд авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах, торгох ял хэрэглэхгүй байхаар хуульчилсан.

  Үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн этгээдийн хөрөнгө, орлогыг хурааж 2-8 жилийн хорих ял шийтгэдэг зохицуулалттай болсон. Ингэснээр эрх мэдэл, албан тушаалын ард нуугдаж, хууль завшдаг байдал эцэслэгдэх боломж бүрдсэн гэж ард иргэд үзэж байна. Одоо гэмт үйлдлүүдийг шуурхай шалган шийдвэрлэх, хуулиа хэрэгжүүлэх л чухал болоод байна.

  Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан хянан шалгах чиг үүргээ шинэ түвшинд гаргахад онцгой анхаарч байгааг дээр дурдсан. Энэ хүрээнд 2021 оны арван хоёрдугаар сард батлагдсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Хөгжлийн банкны зээлийн асуудлаар 2022 оны дөрөвдүгээр сард, хилийн боомт, нүүрсний экспорт, тээвэрлэлтийн асуудлаар мөн оны зургадугаар сард Хянан шалгах түр хороодыг Улсын Их Хурлаас байгуулан ажиллаж байгаа нь тодорхой үр дүнд хүрч, ард түмний мэдэх эрхийг хангаж байна.

  Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсэг нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийсэн. 230 шахам иргэн, хуулийн этгээд оролцож, 60 орчим хүн саналаа илэрхийлсэн. Оффтэйк гэрээнүүд ил болсон. Нүүрс хулгай гэх асуудлуудыг хянан шалгах ажил эрчимжиж байна.

  Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хороо энэ 7 хоногт 5 өдөр дараалан нотлох баримтыг шинжлэн судлах нэгдүгээр шатны сонсгол зохион байгууллаа. Хоёр болон гуравдугаар сард үргэлжлүүлж, 3 үе шаттай хийнэ. Эхний шатны сонсголоор  Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, түүний эргэн төлөлт, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авлаа. Зээлийн ашиглалт, зарцуулалтын байдалд хийсэн хянан шалгагч, шинжээчдийн дүгнэлтийг сонслоо.

  Олны анхаарал татсан, нийгэмд дуулиан шуугиан тарьсан, баялгийн хулгайн асуудал хөндөгдсөн энэ мэт хэргийг олон нийтэд ил тод болгох, нягтлан шалгахаас зайлсхийх, бултаж булзах, буруугаа бусдад тохохыг оролдох эрх хэнд ч байхгүй. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрх, үүрэгтэй гэдгээ ягштал санавал зохино.

   Ийм учраас Улсын Их Хурлаас ард түмний оролцоо, хяналтыг хангах зорилгоор “D Parliament” платформ төслийг хэрэгжүүлж байна. Үүний “D Petition” төсөл дээр ард иргэдийн цахим өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэдэг журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа баталлаа. Ингэснээрээ иргэд цахим жагсаал хийж, энэ талбар дээр санал хүсэлт, асуудлаа илэрхийлвэл Улсын Их Хурал хүлээн авч, тухай бүрд Улсын Их Хурлаас Хяналт, шалгалтын түр хороо байгуулах, Ажлын хэсэг байгуулах, нээлттэй сонсгол зохион байгуулах, шаардлагатай хууль тогтоомжийг хэлэлцэх юм. Ард иргэдийн засаглах эрхийг хангах “D parliament” төслийг хэрэгжүүлж байна. Үүнийг ард иргэддээ ойлгуулж, сурталчлахад Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллахдаа сайтар анхаарч ажиллах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар 14 мянган цахим хаягтай, байнгын хэрэглэгчтэй болсон нь төдийлөн хангалттай биш. Нийт иргэд оролцож байвал ард түмний оролцоог хангасан парламент, хууль тогтоох үйл ажиллагаандаа ард иргэдийнхээ саналыг оролцуулах боломж бүрдэнэ.

  Энэ ташрамд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийг батлах, хэрэгжүүлэх, санаачлах,  Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг үр дүнд хүргэхийн төлөө чин сэтгэл, зүтгэл гаргаж байгаа Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт, Жамъянхорлоогийн Сүхбаатар, Эрхэм гишүүн Баттөмөрийн Энхбаяр, Дамбын Батлут, Тогмидын Доржханд нарын гишүүддээ талархал илэрхийлье.

  Улсын Их Хурал “Зөвшилцөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тогтоол гаргасан. Энэ хүрээнд ард иргэд, эрдэмтэн мэргэдээ сонсон эрдэм шинжилгээний хурал, үндэсний зөвшилцлийн чуулган хийж, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөл байгуулагдаж, ажилдаа ороод байна.

  Зөвлөлдөх зөвлөл маань асуулга, сэдвээ маш зөв тодорхойлж, ард иргэдээс маш оновчтой зөв асуулт асууж, бодлого шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Бидэнд одоо саад болоод байгаа асуудлуудыг асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг хэрхэн шийдэх эрэмбэ дараа, гарц шийдлийг олохын тулд ард иргэдийнхээ санал бодлыг сонсож,  зөвшилцөж, ярилцах нь хамгийн зөв зам гэж үзсэн юм. Гэхдээ хэнээс юу асуух вэ, яаж зөвлөлдөх вэ гэдэгтээ Зөвлөлдөх зөвлөл онцгой анхаарч, шинжлэх ухааны үндэстэй нийгмийн тулгамдсан асуудлуудыг олж, асууж, бодлогын зөвлөмж бидэнд өгнө гэдэгт итгэж байна.

  Монголчууд бид түүхэн сонголтын өмнө ирээд байна. Түүхэн сонголт хийх шаардлага монгол үндэстэнд түүхэн цаг үеүдэд тулгарсаар ирсэн. Эгзэгтэй, ээдрээтэй ийм цагт монголчууд улс үндэстнээрээ, сэтгэл зоригоороо эвлэлдэн нэгдэн нягтарч, эвийн хүчээр зөвийг олж, гарцаагүй мэргэн сонголт хийсээр ирснийг бидний мэргэн түүх гэрчилнэ. Ойроос жишээлбэл 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалыг дээд, доодын ялгал үгүйгээр, нам эвсэл харгалзалгүйгээр, харц, хар шар, хаан эзнээ хүртэл хамтран байж тэмцэж хийж ирсэн. Сонголт зөв байсан. Ялалт ололт Монголд ирж байсан. Бид эвлэсэн үедээ Эзэн Чингис хааны Монгол байсан. Эвдэрсэн, бутарсан үедээ харь гүрний харьяалалд орсон Монгол байсан гэдгийг санаж, уруудсан, буруудсаны шалтгаанаа зөв оношилж, Монголоо шинээр сэргээн мандуулах энэ цагийн түүхэн сонголтоо хамтдаа хийхийн учир бид ард түмэнтэйгээ зөвлөлдөж, цаашдын гарц, бодлого, шийдлээ олж, зөв арга замаа олно гэдэгт эргэлзэхгүй байна.

  Бидэнд юу саад болж байгаа вэ? Энэ асуултын хариу болгож эрдэм шинжилгээний хурал дээр 65 хүн 231 санал, үндэсний зөвшилцлийн чуулган дээр 161 хүн 358 санал гаргасан. Энэ бол хуримтлагдсан асуудал олон байгаагийн, тэдгээрийг шийдэхийн төлөө хүн бүр сэтгэл хүслээ шингээж буйн илэрхийлэл юм.

  Эдгээр саналаас нэгийг ч орхигдуулалгүй судлан шинжилж, хэлэлцэн зөвшилцөж, зөв зүйтэйг нь Зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдээсээ асууж, тодруулж, шийдүүлэх гэж буй асуултуудад тусгах нь чухлыг тэмдэглэж хэлье.

Хөгжил дэвшлийн, шинэ ирээдүйн зууны зүгийг тодорхойлох эдгээр олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ. Нийт ард түмнээ төлөөлж бүрэн чадахуйц Бага олонлог энэ санал асуулгад оролцох байх. Монгол төрийн энэ чухал үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд, монгол түмэн хөгжлийн түүхэн сонголтоо хийхэд нь бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, түүний дотор ардаа төлөөлсөн Улсын Их Хурал, ард түмний элч, төлөөлөгчид болсон Улсын Их Хурлын гишүүд онцгой хариуцлагатай, идэвхтэй хандаж оролцох ёстойг эцэст нь онцлон тэмдэглэе.

  Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага. Эндээс бүх бодлого, хууль, түүний хэрэгжилт, хяналт шалгалт эхэлнэ. Ингээд Та бүхэндээ, Улсын Их Хурлын гишүүддээ ажлын өндөр амжилт хүсэж, тойрогтоо ажиллан, ард түмнээ сонсож, ард түмнийг төлөөлөх элчийнхээ хувьд өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө эвийн хүчээр ихийг бүтээхийг хүсэн ерөөе.

  Монгол Улсынхаа нийт ард иргэд, Эрхэм гишүүд та бүхэндээ сайн сайхныг хүсэж, удахгүй тохиох уламжлалт Цагаан сарын баяраа хотол олноороо тэгш дүүрэн угтахын ерөөл өргөе.

  Улсын Их Хурлын 2022 оны  намрын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Төрийн албаны үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийнэ5 цаг 43 минутын өмнөГ.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна6 цаг 46 минутын өмнөМ.Баяраа: Цагаан даваанд нохой унтуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна7 цаг 12 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ7 цаг 19 минутын өмнөХүүхдийн эмч ердийн үеэс 1.5-2 дахин их ачаалалтай ажиллаж байна7 цаг 21 минутын өмнө"Japan Airlines" Монгол руу нислэг үйлдэх талаар санал солилцов7 цаг 28 минутын өмнөАвтомашины нүүрсэн яндан хулгайлдаг 4 бүлгийн 45 хүнийг баривчилжээ8 цаг 34 минутын өмнөБ.Батцэцэг: Монгол Улсад аливаа улс орноос дарамт шахалт ирсэн юм байхгүй8 цаг 39 минутын өмнөБайгалийн хийн хоолойн төслийн ажил ОХУ, БНХАУ-ын худалдааны гэрээнээс шалтгаална8 цаг 54 минутын өмнөХилийн чанадад долоо хоногт 2-5 монгол хүн амиа алдаж байна1 сар 30. 14:20Н.Учрал: Би гар дээрээ хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна1 сар 30. 13:57Ж.Сүхбаатар: Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга1 сар 30. 13:18Н.Учрал тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших үү1 сар 30. 13:14Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа1 сар 30. 13:01Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна1 сар 30. 13:00Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс медаль хүртсэн эмэгтэйчүүд1 сар 30. 12:58НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ1 сар 30. 12:06 Ираныг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх тухай хуулийн төслийг батлав1 сар 30. 10:30О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медаль хүртлээ1 сар 30. 10:28Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна1 сар 30. 10:26Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ1 сар 30. 10:26П.Бямбацэрэн: Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна1 сар 30. 10:18Төмөр замын ачаа тээвэр 3,6 сая тонноор багасжээ1 сар 30. 9:22“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсжээ1 сар 30. 9:17Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхэд Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна1 сар 30. 9:08Шведийн НАТО-д элсэх үйл явцыг түр зогсоолоо1 сар 30. 8:45Украин сөнөөгч онгоц авах асуудлаар өрнөдийн орнуудтай хэлэлцээгээ түргэтгэв1 сар 30. 7:37ЗЕЛЕНСКИЙ: Орост хариу өгөхийн тулд Украинд алсын тусгалтай пуужин хэрэгтэй байна1 сар 30. 7:11Түүхэн товчоон: Мөнххайрханы соёл1 сар 30. 6:40Энэ өдрийн зурхай1 сар 30. 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 30. 6:30Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд П.Павел ялжээ1 сар 29. 13:32БНТУ-ын эсэргүүцлийн улмаас Швед, Финландын НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт хойшлогдлоо1 сар 29. 13:30БНСУ БНХАУ-аас ирэх иргэд жуулчдад тогтоосон визний хязгаарлалтаа сунгана1 сар 29. 13:29Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв1 сар 29. 13:25ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гарагт эхэлнэ1 сар 29. 13:13​Л.Цэрэндолгор: Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг тохиолдож байна1 сар 29. 13:08Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно1 сар 28. 12:07Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна1 сар 28. 11:47АНУ  Оросын "Вагнер"-ийн эсрэг хориг арга хэмжээ авлаа 1 сар 28. 11:33
 Facebook Twitter Youtube