Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

Эрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа

10/ 7/ 2022    9 цаг 27 минут

Б НЯМАА

МАН-ын залуучууд засгийн эрх барьж байна. Энэ улс орныг бүхэлд нь захирч байна. Хүн бүхэн тэдэнд бөхөлзөж байгаа биз. Ийм байхад намынхаа эмээ өвөө нарт яасан ч эрдүү, бярдуу байх юм бэ. Наад Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн... бүгдээрээ ажил амьдрал туулсан, ач зээгээ үзсэн, төр засгийн ачааны хүндээс үүрэлцсэн хүмүүс шүү дээ. Ийм хүмүүс МАН-д олон бий.

Сая ажлын танилцуулга дээрээ ХНХ-ын сайд Д.Сарангэрэл яамныхаа мэргэжилтэн, газар хэлтсийн дарга нарын бэлдсэн илтгэлийг уншлаа. Түүн дотор нь “Улны айл өрх” гэсэн үг явж байж. Тэр яамныхан иргэдийг тэгж нэрлэдэг юм байна. Хаалганы цаана төрийнхөн ард түмнээ ямар дорд үздэгийн тод жишээ. Далд хэлдэг ярьдаг, доромжилдог тэр үг хэллэгийг нь Д.Сарангэрэл сайд ил болгосон нь тэр. Харин тэр үгэн дээр нь МАН-ын дүү нар ямар айхавтар тоглолт хийв ээ. Ард түмэн ч үнэндээ тэр үгийг анзаарах сэхээгүй, амьдрахын төлөө зүтгэж явна. Харин тэдэн рүү, масс руу гар утсаар нь дамжуулан хүчээр хүргэдэг технологио МАН-ын эрх баригч дүү нар ганган хэрэгжүүллээ. Ач зээгээ үзсэн, ажил амьдрал туулсан Д.Сарангэрэл авхайд эрэлхүү, бяралхуу л хандлаа. Хэзээ байтлаа хэлсэн ганц үгийнх нь төлөө сайдыг ХЭГ-ын дарга үсэрч гарч ирээд 24 цагийн дотор огцруулсан мэдэгдэл хийж байлаа. Монголын төр засгийн түүхэнд гайхамшигтай хурдан огцруулалт боллоо. Эмээ гэж хэлсэнд Д.Сарангэрэл сайд эмзэглэж байгаа бол уучлаарай. Гэхдээ эмээ болчихсон бүсгүй таныг намын залуус чинь дээрэлхэж байна гэж би харж байна. Эр бяраа гаргалаа гэж үзэж байна. Д.Сарангэрэлийн оронд П.Анужин сайд байсан бол ингэж эрдүү, бярдуу хандах уу. Их аятайхан хандах байх. Ядаж эр хүний нүдээр ширтэж, эргэж мэдэгдлээ хянах байх. Ер нь бол МАН-ын эрх баригч дүү нар эмээ нарыг хүн гэж үзэхээ байгаад хоёр дахь сонгууль дээрээ явж байна. Өмнөх УИХ-д гишүүн байсан М.Билэгт, Ц.Гарамжав, Б.Ундармаа, А.Ундраа, Н.Оюундарь... бүх эмээ нараа тэд жийсэн. Бүр сонгуульд нэр дэвшүүлэх саналыг нь ч асуулгүйгээр эрдүү бярдуу хандсан. Сүүлчийн үлдэгдэл эмээ болох Д.Сарангэрэлд осолдохгүй НАМЭХ-ны Ерөнхийлөгчийнх нь хувьд ХНХ-ын сайдаар томилсон ч, нэр зүүж 10 хонуулаад хусдаг байна шүү. Тэгэхээр өнөөдрийн Их хурлын гишүүн энэ хэдэн эмэгтэйд хандаж хэлэхэд их улс төрд хэдэн жил оршин тогтноё гэвэл эмээ болохгүй байхыг хичээгээрэй гэж хэлэх ёстой юм уу, хаашаа юм. Эмээ л болчих юм бол эрдүү бярдуу зангаа намын залуус чинь харинчиг нэг үзүүлэх нь. Тэдэнд хэрэггүй хүмүүс боллоо гэсэн үг. Ганц Их хурлын гишүүний тухайд ч биш юм. Сая Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг хэрхэн дээрэлхэж байгааг харав уу. Тэр бүсгүйн 55 нас хүрсэн нь, МАН-ын дүү нарын чадалд хүрэхгүй нь түүний буруу юм уу. Цагтаа эдгээр эмэгтэйчүүд нь та нар шигийг байтугай Их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын хүндлэлийг хүлээж явсан юм.

МАН-ын өвөө нарт тэдний хандлага бас буруу байна. Цаст уулын цагаан арслан цагаа болохоор талын шоргоолжинд бариулна гэдэг үг Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн... гээд өнөөдөр төрд зүтгэж байх бүх ахмадуудад, өвөө нарт таарах үг болж. Улс төрд үхэхээс бусдыг үзсэн Ц.Нямдоржийг МАН-ын дүү нар ийм хүнд цаг үед халуун тогоо бариулан ашиглалаа. Тэгээд “Одоо чиний хэрэггүй” гэсэн шиг хөөж явуулав. Монголын улс төр, нийгэм эдийн засгийн амьдралын сүүлийн 30 жилийн түүхэн гэрч, оролцогч, хамгийн том дата бааз болсон Ц.Нямдорж яагаад та нарын дунд байж болдоггүй юм. Эрдүү бярдуу, эрэлхүү дээрэлхүү байхад чинь саад болоод байна уу. Эмээ өвөө нараа хамгаалаад байна уу. Яг үнэндээ Ц.Нямдорж шиг хууль мэддэг, хууль хүчнийхнийг хазаарладаг улстөрч өнөөдөртөө байхгүй шүү.

Д.Хаянхярвааг хүнийх нь хувьд ямар төвөгтэй байдалд МАН-ын дүү нар оруулав. Миеэгийн хүн гэдгээр нь хөөсөн байх. Гэхдээ зүгээр л “Та одоо яв” гэхэд Хаян эрхбиш ойлгох, мэдрээд явчих байсан байлгүй дээ. Ингээд явуулчих хүнийг гүйцэтгэх ажиллагааны “бай” болгож, үр хүүхдээр нь оролдож, цахилгаан гавтай сар жилээр нь шаналган зовоож, бах таваа хангах шаардлага юу байсан юм бэ. Д.Хаянхярваад дэндүү эрдүү бөгөөд бярдуу хандлаа. Намынх нь нэгэн залуу том дарга өглөө утасдаж “Та орой гэхэд нэг нөхрийн гадаадад сурах сургуулийнх нь урьдчилгаа болох 10 мянган доллар бэлэн болгоотох” гэдэг. Өнөө болдоггүй бор өвгөн Д.Хаянхярваа нь юун ч гэнэн юм, улс төрд өчнөөн удсаны хэрэггүй, хуурай дүү рүүгээ залгаад гялс аваад ир гэжээ. Үүнийг нь анаж байсан гүйцэтгэх ажилтнууд авчирч, өгч байгаа үйлдэл дээр нь камертай орчих жишээтэй. Тэр бичлэг, зургаа гэрлийн хурдаар нийгэмд цацчихаж байгаа юм. Ингээд хөөрхий өвөө “Хүүхдүүдийг минь зүгээр орхичих, би авлига авсан гэж хүлээе” л болсон. Иймэрхүү юм нүдэн дээр л болох юм байна шүү дээ. Тэр болгоныг ярьж хөөрч, бичиж нийтлэхээс залхаж байна шүү дээ. Ингээд л УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан, намдаа басчиг нөлөөтэй өвгөнийг намынхаа 30 дугаар Их хурлын өмнө, Миеэгийн фракцийг босгох нь гэдэг хардлагаар будаа болгож, ажил ч үгүй болгон, намынхаа бусад өвөө нарт сургамж болголоо. МАН-ын хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг болох Х.Бадамсүрэнг бас буланд шахлаа. Түүнийг Эрдэнэтээс хөөж гаргангуутаа хамгийн хүнд нөхцөлтэй яамны Төрийн нарийн бичгийн даргаар шахаж, настай хүнийг дооёолдог нь өөдгүй хэрэг. 60-тай хүн байтугай 50-тай хэд нь сөхрөх шахдаг хүнд ажил бол Төрийн нарийнууд шүү дээ. Энэ мэтээр өвөө нараа МАН-ын залуус зүгээр суулгахгүй байна. Эрдүү бярдуу хандаж, төр рүү хошуу дүрэх гэсэн бүгдийг алах нь. Шууд гэрийн мухар руу нь цөлж байна. Ийм нас тэдэнд ирэхгүй юм шиг харгис байна.

Ямар ч цаг үед Монголын төрд ахмад, дунд, залуу гурван үеийн хэлхээ явж ирсэн. Хэзээ ч Монголын төрөөс яваагүй, явбал төр засаг дэнжигнэх тийм алтан хэлхээс. 1937 оны их хэлмэгдүүлэлтээс эхлээд 1940-1950 он хүртэлх Оросын шахалт, дарамт дор Монголын төрд Г.Бумцэнд гэж өвгөн партизан УБХ-ын Тэргүүлэгчдийн даргын албанд хадаастай юм шиг сууж төрийн тамгыг сахисан. 1960 оноос Ж.Самбуу гэж өвгөн АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Өнөөдөр тэгвэл хэн гэгч өвгөн Монголын төрд овойгоод сууж байна вэ. Өнөөдөр Тэргүүн шадар сайдын албыг бий болгож УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайг томилж яагаад болохгүй гэж. Г.Бумцэнд, Ж.Самбуу гуай нар бол тухайн үеийн залуухан удирдагч нартаа юу хийхийг нь биш, харин юу хийж болохгүйг нь хэлж, сануулаад сууж байдаг байсан юм билээ.

Ийм Монгол төрийн мэргэн өвөө нар өнөөдөр байхгүй байгаа учраас эрх баригч МАН-ын дүү нар заримдаа айл гэр болон тоглочих гээд байх шиг харагдах юм. Амьдрал үзсэн, ажлын ард гарч сурсан, сайн мууг их сонссон, тэвчээр хатуужлын туйлууд МАН-д уг нь олон бий дээ. Тэд өнөөдрийн улс төрд оролцоотой байсан бол валютынхаа нөөцийг шавхтал долларын хяналтаа алдах байсан уу, Хятадын хил гааль хаагдах байсан уу, Таван толгойн орд арай эрт эрүүл эдийн засаг болох байсан уу... гээд харамсах зүйлс байна. Өвөө нар мөнгө босгож чадахгүй байж болно. Харин үнэн үгийг бол та нарт яг л хэлнэ. Үнэн үг хэлж байгаа хүн шиг үнэ цэнэтэй хүн амьдралд байдаггүй юм даа. Эцэст нь эрх баригч МАН-ын дүү нартаа хэлэхэд, та нарын зүгээс болж бүтэж байгаа юм шиг ганц л зүйл байна. Тэр бол та нарын пиар л юм даа, пиарыг л айхавтар хийх юм даа...

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube