Оросын Галичийн ван Мстислав Мстиславич, Киевийн ван Мстислав Романович, Черниговын ван Мстислав Святославич нарын удирдсан орос-кипчакийн холбоот цэрэг 1223 оны 5-р сард монголчуудтай байлдахаар Днепр мөрний орчимд хүрч иржээ. Оросын зарим ван тухайлбал Владимир-Суздалийн их ван Юрий Всеволодович энэ тулалдаанд оролцсонгүй. Холбоотны цэрэг Днеприйг гаталж монголын алгинч цэргийн захирагчийг барьж авч кипчакуудад өгч алуулжээ.
Монголчууд холбоотны их цэрэгтэй шууд тулгаран байлдсангүй, харин хүчийг нь сарниулж цохихоор төлөвлөж 12 өдрийн турш буруулан зугатаж, тэднийг Калка голыг гаталсны дараагаар 1223 оны 5-р сарын 30-нд гэнэт эргэн цохижээ. Монгол цэрэг ухран буруулсанд Галицын Мстислав, Волыны Даниил нар хүчиндээ эрдэж бусадтайгаа тохиролцолгүйгээр дайран орсон боловч монголчуудад цохиулан цэргээ орхин зугатжээ. Гэвч монголчууд Калка голоор гарахдаа онгоц сал зэргийг нь шатаасан учир Оросын цэргийн зөвхөн арваны нэг нь зугатаан гарч чадсан ажээ. Энэ тулалдаанд амь үрэгдэгсдийн тооны талаар зөрүүтэй тэмдэглэсэн байдаг ч ерөнхийдөө оросын үлэмж тооны цэрэг түүний дотор 6 их ван алагдаж, зэр зэвсэг, хүнсний нөөцөө олзлуулсан гэж үздэг. Галичийн ван Мстиславын ялагдсаныг сонсоод Киевийн ван ирж тусалсангүй.
Тийнхүү Калка голын тулалдаанд холбоотны цэрэг ялагдсан нь нэгд, холбоотны цэрэгт хамтын хүчээр довтлох төлөвлөгөө, туршлага байсангүй, хоёрт, дайсны хүчийг дутуу үнэлж эсрэг талын хүчнийг судалж үзээгүй зэрэг нь нөлөөлжээ. (С.Цолмон)
Ашигласан ном зохиол
Базарсүрэн Ж, Чингис хааны цэргийн зэр зэвсэг, УБ., 2005
Дамдинсүрэн А., Монголын зэвсгийн товч түүх, УБ., 1990
Жүгдэр Ч., Чингисийн төрийн үзэл, цэргийн урлаг, УБ., 1990
Чойсамба Ч., Бат хааны байлдан дагуулал, УБ., 2003
Шагдар Х., Монголчуудын аян дайн ба цэргийн урлагийн түүх (XIII зуун), УБ., 2000
Монгол улсын түүх, дэд боть, УБ., 2003
Монгол цэргийн түүхийн товчоон (МЭӨ III зуунаас ХХ зууны эхэн хүртэл), Тэргүүн дэвтэр, УБ., 1996
Храпачевский Р.П., Чингис хааны цэрэг дайны гүрэн, орчуулсан М.Одхүү, УБ., 2008
Пашуто В.Т., Монгольский поход в глубь Европы // Татаро-монголы в Азии и Европе, 2-е изд., М.: Наука,1977
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.