Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Украинд 500 сая фунт стерлинг буюу 579 сая еврогийн цэргийн багц тусламж олгохоо амлав. Тэрээр энэ тухайгаа дөрөвдүгээр сарын 22-ны мягмар гарагт мэдэгдсэн юм. Тусламжийн багцад бусад зүйлсийн дотор 400 автомашин, цохилт өгөх болон агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай 1600 пуужин, 4 сая сум багтсан байна.
Сунак Варшавт айлчлахынхаа өмнө "Оросын харгис хэрцгий дайралтаас Украиныг хамгаалах нь Европын аюулгүй байдалд чухал" гээд Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нартай Европын аюулгүй байдал, Оросын заналхийллийн талаар хэлэлцээр хийхээр төлөвлөжээ. Сунак мөн дөрөвдүгээр сарын 24-нд Германы канцлер Олаф Шольцтой уулзана.
Их Британийн Ерөнхий сайдын зарласан 500 сая фунт стерлингийн тусламжийг сум, агаарын довтолгооноос хамгаалах систем, Британид үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц нийлүүлэх, фронтын шугам дахь цэргүүдэд инженер техникийн дэмжлэг үзүүлэхэд ашиглах аж.
Их Британи Киевт ийн тусламж үзүүлэх шийдвэрийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Украинд үзүүлэх томоохон тусламжийн хуулийн төслийг баталсантай холбогдуулан гаргасан байна.
Сэтгэгдэл бичих