НЯМ, May 31, 2020

Захирлууд нь золигт гардаг “ЭТТ” буюу захирал асан Д.Ариунболдыг баривчиллаа

5/ 6/ 2020    10 цаг 36 минут

Энд шүтлэг, эсвэл бэлгэдлийн талаар ярих гэсэнгүй. Зүгээр л бодит байдал, болж буй явдал ингэж үргэлжлээд байгааг хэлж байгаа хэрэг юм.

Тавантолгойн орд газрын лицензийг Монголын төр, Монголын ард түмний өмнөөс хариуцдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын суудал суусан хүндээ үнэхээр халгаатай. Шулуухан хэлэхэд энэ компанийн захирал болсон хүн удалгүй ямар нэг байдлаар “золигт гараад” байдаг юм.

Дээр хэлсэнчлэн энэ нь шүтлэг, бэлгэдлийн аль нь ч бус. Харин бүтэн 12 жилийн турш тал талын улс төрийн нөлөөлөл, эдийн засаг бизнесийн ашиг сонирхлын дунд тэлчилж буй Тавантолгойн ордын баялагтай холбоотой ажээ.

Олон хүний хүсэл шунал гүйцэлдэнэ гэж юу байхав. Тиймээс л “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар залагдаж очсон эрхмүүд тун удахгүй тааруухан замналаар явдаг болчихсон юм. Энэ нууц биш. Бүгд мэднэ.

"Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны арванхоёрдугаар сарын сарын 23-нд байгуулжээ. Тэр үед Ерөнхий сайд Сү.Батболд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны захирлаар Б.Энэбиш томилогдож байв. Б.Энэбиш нь 2008 оны арванхоёрдугаар сараас 2011 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гурван  жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Өөрөөр хэлбэл, түүнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь 2010 оны арванхоёрдугаар сарын 21-нд "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж гүйцэтгэх захирлаар Б.Энэбишийг түр томилох шийдвэр гаргажээ. Тэр үед "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга нь ТӨХ-ны дарга байсан Д.Сугар байжээ. Ингээд 2011 он гараад удалгүй Б.Энэбишийг жинхэлсэн байдаг. Б.Энэбиш нь 2012 оны УИх-ын сонгуульд МАН-ын тараасан “Эх орны хишиг”-ийг Хятадын Чалькогоос босгож, тэр нь тухайн үедээ гавьяа хэмээн яригдаж байлаа. Гэвч 2012 оны сонгуульд АН ялж, засаг авсны дараа буюу 2012 онд түүнийг чөлөөлсөн. Тэр зүгээр чөлөөлөгдсөнгүй. Хятадын Чалько компанитай маш хямдаар нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Том даацын 10 машины дугуй бас таван тэрбум төгрөгийн дугуй "шахсан” зэрэг хэрэгт буруутгагдсан. Улмаар эх орноосоо дайжиж, харьд амьдрах болсон.

Б.Энэбишийн дараа АН-ынхан 2012 оны аравдугаар сарын 11-нд Я.Батсуурийг  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Уг нь Я.Батсуурь бол дипломатч, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан тулхтай нэгэн байсан юм. Гэвч түүнийг хоёр жил гаруйн дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 25-нд Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Учир нь Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал байхдаа “хүргэн” Г.Дэнзэнгийн компанид 14 тэрбум төгрөгийг гаргаж өгсөн хэрэгт буруутгагдсан. Улмаар Я.Батсуурь, хүргэн Г.Дэнзэн нарыг шүүсэн. Шүүхээс Я.Батсуурьт 2.0, “хүргэн” Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял оноосон. Тэд одоо суллагдсан.

Я.Батсуурийг баривчилсны дараа 2015 оны дөрөвдүгээр сарын 8-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилов. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан энэ эрхэм Тавантолгойн ТУЗ-ийн дарга нь байсан. Харин тэрээр "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар 20 хүрэхгүй хоног ажилласны дараа ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг. Яагаад, ямар учраас ийм хурдан чөлөөлөгдсөн нь тодорхойгүй үлдсэн.

Дараа нь 2015 оны тавдугаар сарын 7-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэгийг гүйцэтгэх захирлаар томилов. Б.Батбилэг нь тус компанийн Борлуулалт, Маркетинг, Ложистикийн газрын захирлаар 2013 оноос ажиллаж байсан юм.  Б.Батбилэг бас л удсангүй. Түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд "Эрдэнэс Тавантолгой” компанид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг эсэргүүцсэн "Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн юм. Ингээд шинэ гүйцэтгэх захирал томилогдтол  "Эрдэнэс Монгол” ХК-ийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Т.Билгээ гүйцэтгэх удирдлагыг түр орлохоор болсон байдаг. 2016 оны есдүгээр сарын 2-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, Д.Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томилсон юм. Д.Ариунболдын хувьд мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга байсан. Хувийн бизнесээ ч амжилттай хийж явсан. Ер нь л маш сайн менежер юм. Үүнийгээ ч "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа харуулж байсан.

 Д.Ариунболд нь ажлаа аваад хэдхэн сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 30-нд Чалкогийн өрийг өлж дуусгасан тухайгаа зарлаж байлаа. Энэ үеэрээ Тавантолгойн нүүрсийг сонгон шалгаруулалтаар олборлуулах болсон тухайгаа дуулгаж байв. Дараахан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэс Тавантолгой” ХК, жижиг "Тавантолгой” ХК хоёрын дундын мөргөцгөөс сонгууль, наадам дамнуулаад хулгайгаар нүүрс олборлосон. Төлбөр мөнгө нь сураггүй алга болсон. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээллүүд гарах болсон. Удалгүй Д.Ариунболд ажлаа өгч, оронд нь дэд захирлаар нь ажиллаж байсан Б.Ганхуяг дээшилж томилогдсон юм.

Тэгвэл Д.Ариунболдыг уржигдар буюу 2020 оны тавдугаар сарын 4-ний үдшийн 22:00 цагийн орчимд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баргивчилжээ. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээллээр Д.Ариунболдыг баривчилсан нь гурван жилийн өмнөөс яригдаж байгаа нүүрсний хулгайн хэрэг гээчтэй холбоотой юм байна. Түүнчлэн Д.Ариунболдын асуудалд УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн холбогдож буй бололтой. УИХ-ын ээлжит сонгууль ойртсон ийм цаг үед болсон гэнэтийн баривчилгааны ард юу ч байж мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс бас хэлж байна. Юутай ч энэ баривчилгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын суудал эзнээ золигт гаргадаг гэж дэмий ч нэг яриагүйг бас нотоллоо.

Өмнөх захирлуудынхаа туулаад гарсан амьдралыг Д.Ариунболд их бага хэмжээгээр туулах нь тодорхой боллоо.

Ерөөс Тавантолгойн орд тойрсон шунал л “Эрдэнэс Тавантолгой”-н захирлуудыг ийм болгож байна гэвэл зохино. “Зууны мэдээ” сонин яг энэ сэдвээр “Захирлуудыг золигт гаргасаар байх тогтолцооны гажиг” нэртэй нийтлэлийг 2016 оны аравдугаар сарын 18-нд нийтэлж байлаа. Хэдийгээр бараг дөрвөн жил өнгөрч, дараагийн сонгууль хаяанд ирсэн ч энэ гажиг засагдалгүй “Эрдэнэс Тавантолгой”-н дахин нэг захирал хоригдлоо.

Шулуухан хэлье. Дараагийнх нь ч болгоомжлогтун!

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.180.220.172ИРГЭН   • 5 сарын 7. 14 цаг 22 минут

ДӨРВӨН УИХ-ЫН ГИШҮҮН НЬ ХЭН БЭ. ДАРААГИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ЮМ БИШ БИЗДЭЭ. ДАРАА НЬ БҮРЭН ЭРХ ГЭЭД СУУЧИХНА. ҮҮНИЙГЭЭ ХУРДАН ШАЛГААД НЭГ МӨР БОЛГООСОЙ. ХУЙЛГАЙЧ ЛУЙВАРЧДАД ГИШГИХ ГАЗАР БҮҮ ӨГ.

ШИНЭ МЭДЭЭ

Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулжээ6 цаг 7 минутын өмнөД.Нямхүү: Халдвар аваад эмчлэгдэж буй 8-16 насны таван хүүхэд байна6 цаг 11 минутын өмнө“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө7 цаг 8 минутын өмнөД.Нямхүү: Нэг хүн эдгэрч, коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр илрээгүй5 сар 30. 11:33Дорнодоос их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ5 сар 30. 10:23ТАНИЛЦ: Ирэх сард хийх 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5 сар 30. 10:06Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно5 сар 30. 9:52Өнөөдөр өдөртөө бороогүй5 сар 30. 9:50Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ5 сар 29. 13:53Найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирнэ5 сар 29. 12:33ФАТФ  Монгол Улсыг гэрийн даалгвараа биелүүлсэн гэж үзжээ5 сар 29. 11:52Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ5 сар 29. 11:32СЕХ-нд бүртгэл нь баталгаажсан 121 бие даан нэр дэвшигч5 сар 29. 10:54Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ5 сар 29. 10:44Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь5 сар 29. 9:32Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламент дэмжлээ5 сар 29. 9:19БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянголын аманд 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина5 сар 29. 9:13НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гурван Монгол эмэгтэй алба хааж байна5 сар 29. 9:06Сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютеролгож байна5 сар 29. 9:02Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5 сар 29. 8:58Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5 сар 29. 8:26Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа5 сар 28. 15:55Далай лам маргааш, нөгөөдөр хоёр өдөр онлайнаар авшиг хүртээнэ5 сар 28. 15:28ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ5 сар 28. 14:42Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна5 сар 28. 14:14Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5 сар 28. 13:31Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ5 сар 28. 11:24Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц5 сар 28. 11:15Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!5 сар 28. 10:46Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хийнэ5 сар 28. 10:37Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави5 сар 28. 10:32Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ5 сар 28. 10:26Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ5 сар 28. 10:00Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ5 сар 28. 9:36ОХУ-аас 570 оюутнаа татан авлаа5 сар 28. 9:11Ноолуурын урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ5 сар 28. 8:40Богд уул 100 бугатай болжээ5 сар 28. 8:36ТАНИЛЦ:Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалт5 сар 28. 8:33Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална5 сар 28. 8:25Монгол залуус амны хаалтны автомат төхөөрөмж бүтээжээ5 сар 27. 14:03
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube