Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-06 нд нийтлэгдсэн байна.

Элчин сайд Обрущанский Борбала Анна: Унгар, Монгол хоёр орны шинжлэх ухааны харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна

2/ 6/ 2023    6 цаг 49 минут

Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор, Обрущанский Борбала Аннатай ярилцлаа.


-Унгар улсад Бат хааны тухай түүхэн киноны зураг авалт хийгдэж байгаа гэсэн. Монгол жүжигчид оролцон тоглож байгаа юм билээ. Уг киноны талаар эхлээд сонирхох гэсэн юм?

-Тийм ээ, кино зураг авалт өнгөрөгч арваннэгдүгээр сарын эхээр Будапештэд эхэлсэн. Энэ кино маань “1242 он. Барууны хаалган дээр” нэртэй, үйл явдал нь Бат хааны Унгар улс дахь байлдан дагууллын эцсийн цэг Эстергом хотод өрнөдөг. Энэ хот Унгарын эртний нийслэл байсан. Түүхийн эх сурвалжуудад дурдсанаар монголчууд хотыг эзэлсэн боловч уулын орой дээрх цайзыг эзэлж чадаагүй. Энэхүү уран сайхны кино нь түүхэн баримтад тулгуурласан уран сайхны зохиол бөгөөд Монгол хаан Унгарын хаант улсын нутаг дэвсгэрээс цэргээ гаргах шийдвэр гаргасан 72 цагийн үйл явдлын тухай юм. Киноны бэлтгэл ажилд Унгар, Монгол, Англи, Австралийн хамтарсан уран бүтээлчид гурван жилийг зарцуулж, Унгарын талаас Унгарын үндэсний кино хүрээлэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Кинонд Рэй Стивенсон, Майкл Айронсайд, Эрик Робертс зэрэг алдартай жүжигчид тоглож байна. Бат хааны дүрд Чоймболын Болд тоглож байгаа. IV.Бела хааны дүрд Матрой Ласло тоглож байгаа. Түүнчлэн тус кинонд Монголын бусад алдартай жүжигчид, каскадёрууд тоглож байна. Яг одоо үзэсгэлэнт Силвашварод тосгонд Монгол цэргийн хуарангийн зураг авалт хийгдэж байна. Монгол жүжигчид маш сайн бэлтгэгдэн, шаргуу хөдөлмөрлөж байгаад кино найруулагч Петер Шууш сэтгэл хангалуун байгаа. Тэд Унгар жүжигчдийн адил өөрсдийн түүх болон хаад язгууртнуудынхаа талаар дэлгэцэнд зөв зохистойгоор харуулахыг хүсдэг.Унгар, англи, монгол жүжигчид хамтран ажиллаж чадаж байгаа учраас кино багийн гишүүд маш их урам зоригтой ажиллаж, кино зураг авалт амжилттай явагдаж байна.

Унгарууд болон монголчуудын талаар эерэгээр харуулсан олон улсын хэмжээний уран бүтээл болно гэж кино бүтээгчид найдаж байна. Кино зураг авалт 2023 оны нэгдүгээр сарыг дуустал Унгарт хийгдэх бөгөөд дараа нь Унгарын студидэд боловсруулалт хийгдэнэ. Урьдчилсан байдлаар кино ирэх арваннэгдүгээр сар гэхэд бэлэн болно. Кино бүтээгчид киногоо Будапешт, Лондон зэрэг хэд хэдэн дэлхийн томоохон хотууд болон улсуудад толилуулахаар төлөвлөж байна. Мөн Улаанбаатар хотод киноны нээлт болох бөгөөд тус киног Монголын кино театруудаар үзэгчдийн хүртээл болгоно.

-1241-1242 оны монголчуудын Европ дахь аян дайныг унгарууд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Манайд Бат хааны байлдан дагууллыг татарын байлдаан буюу татарын явдал гэж нэрлэдэг. Энэхүү түүхэн үеийн талаарх анхны томоохон ойлголтыг Унгарын Зичи Ладомер гэдэг судлаач түүхэн баримтуудыг судалсны үндсэн дээр 1930 онд хэвлүүлсэн номондоо, Унгарууд монголчуудыг олон газар (голчлон уулын цайз, цайзуудад) амжилттай эсэргүүцсэн хэмээн тэмдэглээд Өгэдэй хаан нас барсан учраас Монголчууд Унгараас гарсан гэсэн ойлголтыг үгүйсгэсэн. Би өөрөө энэ талаар чухал мэдээлэл олж уншсан. Их хааны нас барсан тухай мэдээ Бат хаанд хүрээгүй хэмээн тухайн үеийн Персийн түүхч Рашид-ад-дин бичсэн байдаг. Сүүлийн арваад жилийн хугацаанд Унгарын зарим түүхчид 1241-1242 оны үйл явдлуудыг дахин судалж үнэлсэн. Тухайн үеийн археологийн дурсгалт газрууд олноор шинээр олдсон.

Бат хаан ч Унгарын цэргээс болгоомжилж, Унгарын IV Бела хаантай дипломат хэлэлцээр хийхийг оролдсон нь тухайн үеийн тэмдэглэлээс тодорхой харагддаг.Сонирхолтой нь тэрээр 30 гаруй захидал илгээсэн бөгөөд үүний нэг нь бидний мэдэх захидал юм. Энэхүү захианд кумануудыг буцааж өгөхийг Унгарын хаанаас шаардсан байдаг.Мөн Унгарт довтлохоосоо өмнө тэрээр цэргийнхээ тоог нэмэгдүүлсэн байдаг.Весприми Ласло болон Унгарын олон түүхчдийн үзэж байгаагаар 1241 оны 4 дүгээр сард Унгарын цэрэг бүр мөсөн устаагүй бөгөөд цэргийн багахан хэсэг нь устсан. IV-р Бела хаан амжилттай зугтаж улсаа удирдсаар байсан.

Унгарын цэрэг ихэвчлэн цайзуудаар хамгаалагдан олон газар татаруудтай амжилттай тулалдаж байсан. Монголчууд 8 сарын турш Дунай мөрнийг гаталж чадаагүй нь унгарчуудын амжилттай эсэргүүцлийн баталгаа юм.

Хааны шилтгээнүүд болон олон цайзууд хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан тул Бат хаан урт хугацааны дайныг үргэлжлүүлэхийг хүсээгүй тул буцахаар шийдвэр гаргасан бололтой. Гэсэн хэдий ч монголчуудын довтолгоон Унгарын хаант улсад аюул занал учруулсан хэвээр байсан тул Бела хаан дипломат арга замаар зохицуулж, "Татарууд" дахин тус улсад довтлохоос сэргийлсэн. Тус улсын томоохон их сургуулиудын нэг болох Еөтвөш Лорандын Шинжлэх Ухааны Их Сургууль дээр уг сэдвийг судлах судалгааны ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн наймдугаар сард Унгарын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан олон улсын томоохон хуралд хамгийн сүүлийн үеийн үр дүнг танилцуулсан.

-Унгар, Монголын хоёр талын харилцаа сүүлийн хоёр жилд нэлээд хөгжсөн. Унгар, Монголын соёлын харилцааны голлох ямар төслүүд байна вэ?

-Хоёр талын харилцааны үндэс нь соёлын харилцаанаас улбаатай гэдэгт би итгэдэг. Энэ нь бид бие биенийхээ соёлыг таньж, хүлээн зөвшөөрч, хүндэтгэх тухай юм. Ази тивийн олон улс орон тэр дундаа Монгол улс Унгаруудыг гарал үүсэл нэгтэй ард түмэн гэж үзэн, халуун дулаан сэтгэлээр онцгойлон хүлээж авдаг.

Элчин сайдын хувьд, хоёр улсын хоорондох соёлын харилцаан дээр тулгуурласан боловсрол, шинжлэх ухаан, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээж, бэхжүүлж хөгжүүлэх нь миний үүрэг юм. Өнгөрсөн жилүүдийн хоёр орны хоорондох эдийн засаг худалдааны амжилтууд нь соёлын харилцааны үр дүн юм.

Би хэдэн жишээ дурдмаар байна. 60 жилийн түүхтэй Унгар, Монголын хамтарсан археологийн экспедицийг 2021 оноос сэргээж, Хүннүгийн булшинд малтлага хийж, булшнаас олдсон яснаас генетикийн дээж авсан. Бидний зүгээс Үндэсний телевизүүдийн хамтын ажиллагааг бий болгох мөн соёлын байгууллагууд тэр дундаа киноны салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд анхаарал тавин ажиллаж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотноо “Унгарын өдрүүд”-ийг анх удаа зохион байгуулсан нь маш үр дүнтэй арга хэмжээ болсон. Хоёр өдөр үргэлжилсэн уг ёслолын үеэр унгар ардын хөгжим, бүжгийг танилцуулан Оскарын шагналт уран сайхны киног театрт гаргаж, унгар хоол, хүнсний дээжээс амталгааг явуулсан. Унгарын Шинжлэх ухааны өдрийг бид хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулж, хоёр орны судлаачид ололт амжилтаа тайлагнаж, тавигдсан илтгэлүүдийг нэгтгэж, товхимол болгон хэвлүүлж байна. Үндэсний төв номын санд Унгарын яруу найрагч Петөфи Шандорын хүндэтгэлийн самбарын нээлтийг хийж, энэ үеэр Унгар улсаас хандивласан номыг гардуулан өгсөн. Өнгөрөгч аравдугаар сараас МУИС-д унгар хэлний хичээлийг эхлүүлсэн. Мөн бид саяхан, 1235-1236 онд Ижил мөрөнд аялахдаа монголчуудын тухай олж мэдэн Европт анх удаа тэмдэглэл бичиж үлдээсэн Юлианус хэмээх Унгар ламын тэмдэглэлийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлж олны хүртээл болголоо. Энэ тэмдэглэл бол Италийн лам Плано Карпинигийн тэмдэглэлээс найман жилийн өмнө бичигдсэн тэмдэглэл юм. Энд ташрамд, Унгар, Монгол, Австрали, Англи дөрвөн улсын хамтран бүтээж буй “1242 он. Барууны хаалган дээр” түүхэн уран сайхны кинонд Монгол талаас хөрөнгө оруулан хамтран ажиллаж буй “Mongol SAT net­works” ХХК-ний удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье.

-Унгарууд өөрсдийгөө хүннүчүүдээс гаралтай гэж үздэг. Азийн хүннү нартай ямар холбоотой байж болох вэ?

-Өнөөдөр судлаачдын дийлэнх нь Европын Хүннү нарын өвөг дээдсийг Төв азиас гаралтай гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь археологи, угсаатны зүй, филологи болон сүүлийн үеийн археологийн олдвор баримтуудаар батлагдаж байна. ХХ зууны үеийн археологийн малтлагын олдворуудаар Хүннү нарын Азиас Европ руу нүүдэллэсэн замыг тодорхойлсон. XVIII зууны дунд үед Францын номлогч Жозеф ДеГиньс Хятадын сурвалжид бичигдсэн Хүннү нарын тухай хэсгийг орчуулан нийтлүүлсэн нь Европын Хүннү нарын судалгаанд ихээхэн түлхэц болсон. Гэсэн хэдий ч Европын ихэнх судлаачид Европт зэрлэг гэж тооцогддог ард түмэн ийм урт түүхтэй гэдэгт эргэлзэж, Азийн Хүннү нарыг Европын Хүннүтэй адилтгахыг эрс эсэргүүцэж байсан. Тэд Унгарын түүхэн судар руу довтолж эхэлсэн нь Хүннү нарыг үзэн ядах явдалтай холбоотой. Хүннүгийн судалгааны эргэлтийн үе бол 1924 он бөгөөд тухайн жил Петр Козлов Монгол орны умард хэсэгт малтлага хийж, Ноён уулын орчмоос Хүннүгийн хаадын булш олсон юм. Үүгээр Хүннү нар бодитоор оршин тогтнож, материаллаг соёлын хувьд өндөр хөгжилтэй байсныг баталсан.

Дорнын нүүдэлчдийн судалгаатай эн зэрэгцэн өмнө нь гот, герман гэж тодорхойлогдсон олдворуудын нилээд хэсэг нь тал нутгийн (сармат, алан, хүннү) нүүдэлчдийн олдворууд болох нь тодорхой болсон.

Олон зуун жилийн нүүдлийн явцад эдлэл хэрэглэл болон соёлын хувьд ихээхэн өөрчлөгдсөн ч Ази, Европын Хүннү нарын дунд байдаг хэрэглээ, зан үйл, заншлын (жишээ нь, морьтой нь хамт оршуулдаг зан үйл) талаар судлах боломжтой хэвээр байна. Эдгээр олдворууд дээр үндэслэн бид зөвхөн Ази, Европын Хүннү гэлтгүй Азийн Хүннү, Арпадын Унгаруудын хооронд ижил төстэй зүйлсийг олж харж болно. Мөн угсаатны зүйн шинжлэх ухааны судалгаагаар Азийн Хүннү, Европын Хүннү, Монгол, Түрэг, Унгар үндэстний хооронд ижил төстэй олон зүйлийг олж илрүүлсэн.

Дундад зууны үеийн Унгарын түүх судруудад тэмдэглэгдсэн түүхүүд бодитой болох нь археологийн олдворууд болон угсаатны зүй, археогенетикийн судалгаагаар ч өнөөдөр батлагдаж байна.

Хүннү болон Арпадын Унгаруудын тухай эртний домог, баатарлаг туульсуудад илэрхийлэгдэж ирсэн нь дундад болон төв азийн ард түмний дунд өнөөдөр хүртэл оршсоор байна. Монголын Жангар тууль нь МЭӨ III зууны төгсгөлд хаан ширээнд суусан Азийн хүннүгийн хаан Модун Шаньюгийн тухай гэж үздэг. Харамсалтай нь, Унгарын хэл, утга зохиолын шинжлэх ухааны салбарын холбогдох төлөөлөгчид сүүлийн 70 жилийн хугацаанд бий болсон олон улсын эрдэм шинжилгээний үр дүнд хангалттай анхаарал хандуулаагүй, эсхүл анхааралдаа авахыг ч хүссэнгүй.

2020-иод он хүртэл Унгарын шинжлэх ухаанд дорно дахины судалгаа хязгаарлагдмал хүрээнд байсан. Унгарын Засгийн газрын дорно дахиныг нээх бодлогын үр дүнд сүүлийн арван жилд Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсыг сонирхох сонирхол нэмэгдэж, Унгарын судлаачид олноороо дорнын нүүдэлчин гаралтай ард түмнүүдийг сонирхох болсон. Унгарын Эрдэм шинжилгээний хүрээлэн хэмээх нэр хүндтэй шинжлэх ухааны байгууллага Монголыг илүүтэйгээр сонирхож, хоёр талын шинжлэх ухааны харилцаа улам өргөжин хөгжиж байгаад маш их баяртай байна. Археогенетикийн судалгаагаар эртний Ази, Европын Хүннү нарын ураг төрлийн холбоог улам тодорхой болгосноор Хүннү нарын гарал үүсэл болон тэдний үр удам хаана амьдарч байгааг олон улсын шинжлэх ухааны түвшинд батлагдана гэдэгт итгэлтэй байна. Унгарын анхны хаант улс болох Турул хаант улс буюу Арпад гэгддэг улс Хүннүгийн хаан Аттилатай ямар жимээр холбогдож байгаа тухай маш онцгой сэтгэл хөдөлгөсөн судалгаа юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube