Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-17 нд нийтлэгдсэн байна.

Ц.Байды: “Үнэн” сонины захын буланд л анхны зургуудаа зурж байлаа

2/ 17/ 2023    7 цаг 00 минут

Сар шинийн босгон дээр "Монгол Улсын Ардын зураач" цол хүртсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байды хэмээх эрхэмтэй ярилцлаа. Тэрбээр 1974 онд ЗХУ-ын Москва хотын Строгановын Уран зургийн академийг төгсжээ. 1976 онд “Ардын засгийн төлөөлөгч” зургаараа Улсын уралдааны тэргүүн байр, “Баянцогтын говьд”, “Хаалга шинэтгэсний баяр” бүтээлээрээ Улсын уралдааны 2,3-р байр эзлэн, 1981 онд Москва хотноо болсон Олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртэж, 1985 онд “Хүн байгаль” Олон улсын уралдааны тэргүүн байр эзэлж байв.

Ц.Байды гуай шог зураачдаас төрсөн анхны Ардын цолтон болж байна. Түүнийг 1981 онд Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал, 1991 онд Алтан гадас одон, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, 2005 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг, 2009 онд “Улаанбаатар хотын Хүндэт иргэн” тэмдгээр тус тус шагнажээ. Тэрээр 2003 онд "Адра" ОУБ-аас зохиогдсон уралдаанд тэргүүн байр, 2005 онд "Эмнести интернэйшнл" Олон улсын байгууллагын шагнал хүртсэн бөгөөд ЗХУ, Япон, БНСУ, АНУ, Англи, Итали, Франц, Алжир зэрэг улсад зохиогддог олон улсын зураачдын үзэсгэлэнд тогтмол оролцсон байна.

-Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Ер нь хэдэн настайгаасаа зураг зурж эхэлсэн бэ?

-Би Дундговь аймгийн Хулд суманд төрсөн хүн. Тэр үед бөглүү нутагт машин тэрэг байхгүй, сард нэг удаа л холуур яваа харагдана. Тэгээд бидний хэдэн хүүхэд машин үзэх юмсан гэж их бодно. Тэгтэл манай аав Тээхийн буудлын даргаар томилогдов. Олон машин дайрч өнгөрнө, жолоочид хоол ундаа тэнд иднэ. Оросууд ч цувна. Ингээд л анх соёлтой газар аавыгаа дагаж очсон нь тэр. Сардаа 2-3 удаа, заримдаа их олон машин ирнэ. Түмэн амьтан цугласан газарт машин сонирхохын хажуугаар улсуудын яриаг л сонсдог болов. Тэр үед соёлын үрийг л тарьж байсан хэрэг шүү дээ.

Би Тээхийн тэр л буудлаас зураг зурах хүсэлтэй болж эхэлсэн юм. Нэг удаа Довын дэрсэнд хийсэж явсан хуучин “Матар” сэтгүүлийн хуудсыг оллоо. Үеийнхээ хүүхдүүдэд үзүүлэв ээ. Гоё зурагтай. Бид зурсан, зураагүй гээд маргав. Тэгтэл нэг нь ихээ мэдэмхийрч, долоогоод үз “Зурсан зураг бол хэлэнд будаг нь наалддаг юм. Үгүй бол хүн зураагүй гэсэн үг” гэв. Долоогоод үзтэл будаг нь ховхордоггүй ээ. “Хүн зураагүй атал яагаад ийм зурсан юм шиг байгаа юм” гэж бодсон тэр үе үнэхээр бүдүүлэг байж. Түүнээс хойш “Матар” сэтгүүлийн хүслэн болов. Тээхийн буудал эрх биш төв газар юм хойно хааяа нэг тус сэтгүүл үзэгдэнэ.

Гэхдээ 1995 онд гаргасан миний бүрэн хэмжээний үзэсгэлэнд Батмөнх эгч маань ирээд “Зургаан настайгаасаа зураг зурж эхэлсэн. Тэр үед хэлд ч сайн ороогүй байж, Тээхийн буудлын хар гэр, машин зэргийг их зурдаг байсан” хэмээн ярьсан юм. Тэгэхээр их жаахнаасаа зуржээ.

Миний аав Цэвэг гарын ур дүйтэй, алт мөнгөний дархан байсан. Номун баян хэмээх хүний ач. Бидний өвөг дээдэс болох тэр хүн 91 насандаа тэмээ унаж яваад нас барсан гэдэг. Намайг багад “Үнэн” сонин л суманд ирдэг. Зах, голд нь хоосон цагаас цаастай. Түүнийг л хайчилж, харандааны хугархайтай нийлүүлж зураг зурна. Хаанаас ч юм ах эгч нар харандаа олж өгнө л дөө хөөрхий. Тэрийг нь ааваараа үзүүрлүүлж аваад л зургаа зурна даа. Миний зурах гэж нэг иймэрхүү л эхэлж дээ.

-Тухайн үед  сургуульд сурах хүүхэд ховор байсан гэдэг. Та хэдэн настай сургуульд орж байв?

-Тийм ээ, хүмүүс хүүхдээ сургуульд сургахгүй. Зарим нь бүр тэмээ эрээд говьд яваа, хоёр, гурван сар болж байна гэнэ. Намар болохоор л сумын төвөөс дарга нар хүүхдүүдийг сургуульд оруулахаар ирнэ. Ирээд л бичиг үсэг сурах нь хүмүүсийг эрдэм ухаантай болгоно, хамгийн дээд зүйл гээд л ярина.

Миний ээж биднийг багад нас барсан юм. Олон хүүхэдтэй тарчигдуу л байж. Би гэдэг хүн айлын хаяа бараадаж, хонь, хурга хариулсан шиг тараг, сүү олж ууна. Дайны үеийн хүүхэд учир хоол хүнс тааруу. Би их л жижигхэн биетэй байсан. Тэр үед цагаан идээ л олдоно, гурил, будаа ховор. Оросоос л ирнэ. Ер нь хивэг л иддэг байлаа.

Ингээд л таваргаж явтал манай нутагт лам байж байгаад сүүлд намд элссэн Дамбажамсран гэх хүн анх намайг хөтөлж аваачаад сургуульд оруулсан юм. Тэр хүн манайхаар аав, ээжтэй уулзах гэж ирдэг байсан. Би юмыг их хурдан цээжилж, ирсэн хүмүүст уншиж өгнө. Тэгээд л намайг анзаарч Ингээд би арван настай сургуульд орсон.

-Дотуур байрны хүүхдүүд харьцангуй хоол хүнстэй бас арай соёлжсон байсан байх. Хөдөө дураараа таваргаж явсан хүн дасах гэж хэцүү байв уу?

-Улсаас намайг ядуу айлын хүүхэд гээд дотуур байранд оруулсан юм. Ардууд дотуур байрны хүүхдүүдийн мах, түлшийг бэлдэнэ. Гурилыг нь улсаас. Тэр байтугай надад шаравтар дээл ч улсаас өгч байлаа. Өвөл бас үстэй, нэхий дээлийг хаанаас ч юм бидэнд өгнө. Мөн дээрээ таван хошуу оёсон цэнхэр цүнхтэй. Хөрөнгөтэй болсон нь энэ.

Би жаахан зурах гэж оролдоно, онц сурна. Охид надаар цэцэг, навч, эрвээхэй зуруулна. Намайг жижигхэн биетэй учраас асруулахаар охидын байранд байлгадаг байв. 

-Багадаа хэр сахилгагүй хүүхэд байв?

-Би ёстой томоохон хүүхэд байсан. Их томоотой болохоор ямар сайндаа Барамсай “Чи муу одоо их бөөрөнхий. Огт уурладаггүй” гэж байлаа.

-Хөдөө сумын хүүхэд анх яаж шог зурагтай танилцаад, сонирхсон юм бэ?

-“Матар” сэтгүүлийн тасархай хуудаснаас л эхэлсэн байх. Гэхдээ манай аав их шогч, хөгжилтэй юм их ярьдаг хүн байсан. Түүнээс ч болсон байж магад. 

Хулд суманд сурч байхад Нацагдорж гэж сайхан зурдаг, тогтмол ханын сонин гаргадаг багш байв. Ханын сонин гаргахдаа зураг, тайлбартайгаар их гоё хийнэ. Тэр багш л надад анх зургийн боловсрол олгож, зураач болоход их нөлөөлсөн. Багш маань сайхан зантай, эрдэм боловсролтой хүн байсан. Хоёрдугаар ангидаа Дэлгэрхангай сумын бага сургуульд шилжиж очоод багшдаа “Ханын сонин гаргамаар, ханын сонин гэж юм Хулд сумын сургуульд хийдэг” гэж хэлээд сонин гаргахаар боллоо.

Би их идэвхтэй хийнэ. Гэтэл манай С.Лувсандорж гэж багш усанд ордоггүй, муу сурдаг гэх мэт хүүхдүүдийг шоглож зурах санал гаргаж, ханын сониндоо нөгөө хүүхдүүдийг нь зурсан. Багш маань засварлаад зарим хүүхдийг их адилхан болгочихож билээ. Дээрээс нь “Огонек” сэтгүүлийн хайчилбар нэмлээ. Тэгсэн чинь сумын захиргаанаас хүртэл хүмүүс ирж үзээд, учир зүггүй магтав. Дээр нь онц сурдаг баатар маань шүлэг бичдэг болов. Ингээд жигтэйхэн магтуулж байтал “матарлаж” зурсан гурван хүү намайг хэмх зодож, би анхныхаа шог зургийн шагналыг авсан даа.

Тэгээд тавдугаар ангидаа онц сурсан найман хүүхэд аймгийн төв рүү шилжив. Ганц хоёр төгрөгтэй. Түүгээрээ гуанзад ортол ханан дээр хачин гоё зураг зуржээ. Ойртоод харахаар сонин, холдоод харвал маш гоё. Тэгсэн тосон будгаар зурсан байж. Түүнийг нь хайтал олддоггүй ээ, эргээд л усан будгаараа зурах болсон доо.

-Та цэрэгт очоод зохиолч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байсан гэл үү?

-Цэрэгт байхдаа их бууны тусгай дивизийн клубийн зураач болж, бас зохиол оролдож, роман хүртэл бичсэн шүү. “Улаан од” сонинд миний өгүүллэг гарлаа. Цэргүүд сонин эргүүлээд л байхаар нь хажууд нь очоод суулаа. Миний өнөөхийг тоож ч хардаггүй. Цэрэгт байхдаа сар бүр ханын сонин гаргана. Тэгэхдээ жаахан шооч өнгө аястай зургуудаа оруулна. Нэг удаа “Улаан од” сонины сурвалжлагч ирээд “Манай сонинд шог зураг гэдэг зүйл их хэрэгтэй байна. Үүнийгээ дахиад зураад өгөөч” гэв. Тэгэхээр нь нөгөө зургаа хайчлаад өгчихөв. Манай ангийнхан Дархан хотын бүтээн байгуулалтад оролцоно гэж бөөндөө явж, би яагаад ч  юм ганцаараа үлдсэн байсан юм. Дарханд байгаа хэд маань над руу “Улаан од сонин дахь зургуудаа үзсэн үү” гэж захидал бичжээ. Тэгэхэд “Яагаад миний зохиолыг ярихгүй байж, энэ муу шог зургийг ярьдаг байна аа” хэмээн бодсон удаатай. Ингээд л ер нь олонд түмэнд шог зураг хэрэгтэй юм байна, надад жаахан ч гэсэн авьяас байгаа юм байна гэж бодоод тэрнээс хойш зургаа зурж эхэлсэн дээ.

Цэргээс халагдсаны дараа бүх сонинд миний зураг гардаг байлаа. Гэхдээ боловсролгүй, бүдүүлэг хүний зураг сайн биш. Би чинь хэд хэд шалгалт өгч байж ОХУ-д мэргэжлийн сургуульд нь тэнцсэн юм. Намайг сургуульд оруулах вэ, өөрөө л хичээнэ. Жинхэнэ эрийнхээ сайнд сургуульд орж, орос үгийг толь бичгээс зөрөхгүй цээжилсэн. Хэрвээ намайг тэнцэхгүй бол зураач Н.Цүлтэм гуай  ирж уулзаарай гэж байсан юм.

-“Тоншуул” сэтгүүлд ажиллаж байхдаа Нийгмийг аюулаас хамгаалах яаманд байцагдсан гэсэн үү?

-Зураг, уран бүтээлийг ойлгохгүй хүмүүс байна. Ялангуяа дарга нар юмыг мушгих нь бий. Би улсын болоод хүний эсрэг юу ч хийгээгүй. Нэг удаа нүдний шил зүүсэн хав нохойг орос эмэгтэй хөтлөөд явж байгаа шог зураг зурсан. Одоо хүртэл зарим нэг нь намайг “Чи Цэдэнбалыг зурсан” гэдэг юм. Тэнд Цэдэнбал гэж огт байхгүй. Гэтэл намайг НАХЯ-нд дуудаж, сүүлдээ баахан бичсэн юман дээрээ гарын үсэг зуруулах гээд. Тэгэхээр нь би ураад хаячихсан юм. 1981 он хавьцаа намайг шоронд хийхдээ тулж, би “Шог зураг гэдэг чинь урлагийн төрөл. Та нар ойлгохгүй байна шүү дээ. Сүүлд нь та нар онигоонд орно. Ямар хүн энэ нохойг Ю.Цэдэнбал дарга гэж бодоод байгаа юм бэ. Тэгж яриад байгаа хүнээ шалга. Шог зураг юм чинь нохой нь нүдний шилтэй байж болно” гэсэн дээ.

Хошин, юумар зураг гэдэг чинь хүний оюун санааг хөгжүүлнэ. Юмыг өөрөөр харах боломжийг олгоно. Шог зураг бол сэтгэлгээний урлаг. Дэлхийн мундаг уран бүтээлчид чинь юмсыг олон талаас нь бодож байгаа юм.

-Та дэлхийн хэдэн оронд үзэсгэлэнгээ гаргасан бэ?

-Би өөрөө яваагүй ч гэсэн АНУ, Японд үзэсгэлэнгээ гаргасан. Гэхдээ их олон оронд монголын зураасан зургийн уран бүтээлийг толилуулахад бүтээлээ явуулж байсан. Би чинь уран зургаас гадна зураасан зургийн мэргэжилтэй шүү дээ. Энэ төрөл чинь шог зурагт ойр юм.

-1985 онд “Хүн байгаль” Олон улсын уралдааны тэргүүн байрыг эзэлсэн. Тэр үед дэлхийн цаг уурын асуудал харьцангуй гаагүй байсан биз дээ?

-Тэр зурагт том хар шувуу бүх байгаль дэлхий сүйдсэний дараа барилгын карказ дээр үүрээ засаж, үрдээ эрэг боолт өгч байгаа тухай юм. Үйлдвэр, аж ахуй хөгжихийн хэрээр хөрөнгөтөн орнууд байгалийг бохирдуулж байна. Энэ хэвээрээ байвал эх дэлхий сүйднэ гэсэн санааг агуулсан юм.

-Таны аав уран дархан, та өөрөө зураач, хүү тан зураач. Тэгэхээр авьяас өвлөгддөг байх нь ээ?

-Хүний оюун санаа бүрэлдэн тогтохдоо л удмаа дагадаг юм шиг байгаа юм. Дуучин хүний хүүхэд хүртэл дууг хүндэлж өсдөг. Сайд дарга нарын хүүхэд хүртэл сайд дарга болдог биз дээ. Тэд ямар арын хаалгаар болж байгаа биш. Гэр орон хүртэл улс төржиж, ирж байгаа хүмүүс нь хүртэл улс төрчид. Тэгэхээр зураачийн хүүхэд зураач болохгүй яах юм.

-Шог зураг зурахад ажиглалт чухал уу. Ер нь зургийн санаа хаанаас төрдөг вэ?

-Ер нь юмыг тал талаас нь бясалгах хэрэгтэй. Харагдах талаас нь биш. Зураг тийм амархан гарч ирэхгүй. Би олон зураг зурсан. Зарим нь маш муу. Нам, засгийн даалгавраар зурсан юм зураг биш шүү дээ. Олон түмний санаанд нийцүүлэхийг хичээх л юм ямар ч юм явахгүй шүү дээ.

 

8


Сэтгэгдэл (8)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.118.127Зочин   • 2023, 11 сарын 2. 18 цаг 54 минут

mgloos baidii guai gadaadaas herlup bidstrup 2riin zurgiig yzej osloodoo

222.229.227.77Зочин   • 2023, 11 сарын 1. 17 цаг 18 минут

Бас их далжигнаж байгаа хөгшин. Доржготовын өрөөсөн сүүж, зөв өтлөх болтугай.

202.21.109.17Зочин   • 2023, 8 сарын 15. 12 цаг 47 минут

Сайхан бууралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхэд байхдаа таны 60 шог, дараа нь 100 шог-ийг үзэж өслөөдөө

103.229.123.42Зочин   • 2023, 5 сарын 25. 8 цаг 47 минут

С.Зоригийн алуурчны ам зургийг хэн хэлж өгч зуруулж байсан бэ гэж асуулдаа. Ц.Байды гуай бол ам зургийн монголын ганц мастер гэж байгаа шүү. Анх зурсан ам зургийг дараа нь Содномдаржаатай адил болгож өөр хүнээр өөрчлүүлсэн гэсэн яриа байдаг

202.126.88.161Иргэн   • 2023, 3 сарын 26. 21 цаг 33 минут

/ХОЙЧ ҮЕДЭЭ/бүтээлийг нь хотын төвд;, олны нүдэн дээр тавьж, залуу үеийхэнд сургамж болгохсон....Та бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах уу? Тэгвэл мөн сайхнаа.Танд амжилт хүсье!

202.126.88.161Зочин   • 2023, 3 сарын 26. 21 цаг 29 минут

Ёгтолсон мөн ч гоё зургуудыг үзэж өслөө.Бидний үед тоншуул сэтгүүлийн шог зураг гэж гайхамшигтай бүтээл блаа.Үгээр ёгтлохоос, зургаар ёгтлоно гэдэг хэцүү ажил шиг санагддаг. Авъяас бхад болдгийг Ц.Байдий гуай үзүүлсэн.Танд УРТ удаан насалж, сайн сайхан явахыг ЕРӨӨЕ!

202.9.46.249Зочин   • 2023, 2 сарын 28. 22 цаг 50 минут

Би бага байхдаа Ц.Байды гуайн зургуудыг их сонирхон үздэг хүүхэд байсан юм. Сайхан бууралдаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж, та сайхан сэтгэгдэл төрүүллээ. Танд талархал илэрхийлье

192.82.74.60Зочин   • 2023, 2 сарын 17. 7 цаг 21 минут

Сайхан буурайдаа аз жаргал хүсье



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube