Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-20 нд нийтлэгдсэн байна.

Н.Цэвээнмядаг: Хурх-Хүйтэний хөндий усны шувуу тэр тусмаа тогорууны амьдрах орчин хамгийн сайн бүрдсэн газар

4/ 20/ 2023    9 цаг 12 минут

“Ахмад эрдэмтдийн туршлага, залгамж халаа” цуврал семинарын зочноор Биологийн хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн тэргүүн, доктор Н.Цэвээнмядаг оролцож “Монгол орны нүүдлийн шувууд ба тогорууны судалгаа, хамгааллын асуудал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр 1955 онд Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн бөгөөд агнуурчнаас амьтан судлаач, хамгаалагч болжээ. Ингэж хэлэхийн учир нь “Манай аав анчин хүн байсан учраас аав шигээ хүн болно гэж их сургуулийн агнуур зүйн ангид оров. Хоёрдугаар курст байхдаа профессор Болд багштайгаа хөдөө Оросын экспедицэд нэг жил явсан. Дараа жилээс нь эхлээд хөхтөн амьтан, шувуу сонирхдог болж, өдийг хүрлээ” хэмээн илтгэлийнхээ өмнө дурссан юм.

Доктор Н.Цэвээнмядаг нь их сургуулиа төгсөөд 1978 онд Биологийн хүрээлэнд орсон цагаасаа эхлэн шувууны урт хугацааны ажиглалтыг хийж, Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгуудад ажиллаж байжээ.

Дэлхийд 15 зүйл тогоруу байдгийн найм нь манай оронд бий

Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв нь 2004 онд байгуулагдсан төрийн бус байгууллага. Бусад төрийн бус байгууллагаас ялгаатай нь манай төв зөвхөн өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Янз бүрийн төсөл бичиж, цалин болон судалгааныхаа зардлыг бүрдүүлнэ. Манайх экологич, ургамал, шавж судлаач нарын 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Анх үйл ажиллагаагаа шувуу судлалаар эхлүүлсэн бол одоо цэвдэг, ургамал гээд олон төрлийн судалгаа хийнэ. Хэнтий аймгийн Хурх-Хүйтэний хөндийд байрлах суурин цэг, Сүхбаатар аймгийн Дарьганга болон Ховдын Манхан сумын төвд судалгааны газар бий. Мөн говийн бүсэд жороо тоодог, могой загалай зэрэг говийн шувуудыг түшиглэсэн төв байна.

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвд академич А.Болдын нэрэмжит шувуу судлалаар дагнасан хамгийн олон номтой номын сантай. Дэлхийд 15 зүйл тогоруу байдгийн найм нь манай оронд бий. Тэр дундаа Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Өмнөдэлгэр, Биндэр гэсэн дөрвөн сумын нутгийг дамнан оршдог Хурх-Хүйтэний голын хөндийд 7 зүйл байдаг бол манай оронд элбэг тохиолддог өвөгт, хархираа тогоруу, болон дэлхийд нэн ховордсон цэн тогорууны хамгийн олноороо өндөглөн зусдаг төрөлх нутаг болдог бол дэлхийд ховорт тооцогдох цагаан, хар, алаг, борлог тогоруунууд ирж зусдаг онцлогоороо тогорууны диваажин нутаг хэмээн хэлж болно.

Өдгөө Монголд 513 зүйлийн шувуу байгаагаас 88 зүйл нь суурин. Нүүдлийн шувуу судлах ажлыг ганц байгууллага, улс дангаараа хийх боломжгүй. Олон байгууллага, улс хамтарч ажиллах ёстой. Манай ихэнх шувуу Зүүн өмнөд Ази руу явдаг учраас тус нутгийн хүмүүстэй хамтарч нэгдсэн арга зүйгээр ажиллахаар тохирсон юм. Тухайлбал, ЗАСХТ- ийнхөн гадаад, дотоодын байгууллага, судлаач, оюутнуудтай хамтран 2016-2022 оны хооронд 60 зүйлийн 1150 шувуунд сансрын дамжуулагч, 10 зүйлийн 300 орчим шувуунд жеологгер зүүж нүүдэл судаллаа. Бид аль шувууг ямар хэмжээгээр хэрхэн судлах, багаж төхөөрөмжийг нь хэн гаргах уу, шувуу барихад аль байгууллагатай хамтрах уу гэх мэтээр олон улсын хэлэлцээрийн түвшинд ажилладаг. Одоогоор гадна, дотоодын 40 орчим байгууллагатай хамтарч байна.

Нэг дамжуулагч ойролцоогоор 3000 орчим доллар, хээрийн судалгааны зардал ямар болсон билээ, нэг тогоруу барихад 10 орчим хүний хүч нийлдэг. Энэ мэтээр зардал мөнгөнөөс гадна оюутан, залуу судлаачид маш хэрэгтэй. Бид ихэнх санхүүжилтийг Америк, Европыг орноос, бусдыг  нь Хятад, Солонгосоос авдаг. Судалгааны нэг төсөл бичээд түүгээр нэг ажлыг нь хийж санхүүжилтээ бүрдүүлдэг.

Намайг анх шувуу судалж эхлэх 1980-аад онд энэ салбарт 4-5 хүн байсан. Харин одоо олон хүн ажилладаг болжээ

Хуучин шувууны нүүдлийг зөвхөн шувуунд бөгж зүүж, түүний эргэн давтан барилтаар баримтжуулдаг байлаа. Тэгэхэд бөгж зүүсэн 6000 шувууны нэгэнд нь эргэж баригдах магадлалтай байсан бол сүүлийн үед шувуу бөгжилдөг судалгааны цэгүүд олон улс оронд бий болж, мөн сансрын дамжуулагч ашигладаг болсон. Эхний судалгаанууд үр дүн муутай байсан бол одоо дамжуулагч төхөөрөмжийн тусламжтайгаар тухайн шувууны нүүдлийн замналыг цаг, өдөр, хоногийн гэх мэт маш нарийн нарийвчлалтай авах боломжтой.  Дамжуулагчийг том шувуудад хөл, нуруу, хүзүүнд зүүдэг бол жижиг нүүдлийн шувуудад “geologger” ашигладаг. Тус төхөөрөмж байгаа цэгийнхээ байршлыг нарийвчлан өгдөггүй, тухай цэгт нар хэдийд мандаж, шингэж байна вэ гэх мэдээллийг өөртөө хадгалж үлдээдэг.  “Geologger” зүүсэн шувуугаа дараа жил нь эргүүлж барьж түүнээс мэдээллийг нь хуулж авч боловсруулалт хийдэг. Энд аль болох ховор шувууг хамруулахыг хичээдэг.

Жишээ нь, Хангайн нуруунд өндөглөдөг ховор шувуу болох өгөөлэй шулганаа, амьдралын ихэнх, зөвхөн өндөглөн, ангаахайг бойжуулахаас бусад хооллох, хоноглох бүх хугацааг агаарт өнгөрүүлдэг ураацай гэх мэт 10 орчим зүйл шувуунд зүүгээд байна. Биднийг шувуу судлаач болох үед буюу 1970-1980 онд Монголд хамгийн элбэг шувуу нь шар элэгт хөмрөг гэдэг жижиг шувуу одоо ховордлын зэрэглэлээр “устах аюулд орж байгаа” гэсэн ангилалд ороод буй. Энэ шувуу бол өнгө зүс гоётой, сайхан дуулж жиргэдэг учраас Хятад зэрэг улсад барьж тэжээх, мөн хоол хүнсэнд маш ихээр хэрэглэснээс эрс ховордсон. Монгол бол өндөглөн зусдаг гол нутаг нь болдог. Манайд барьж тэжээж, хоол хүнсэнд хэрэглэхгүй боловч үүрлэн өндөглөдөг голын хөндийн бургас шугуй нь малын хөлд давтагдаж өндөглөх орчин алга болж байгаа нь бас нэрмээс болж байна.

Хятадын Хөхнуурт монгол орны шувуудын ихэнх нь очиж өвөлждөг

Дэлхий дээр нүүдлийн шувуудын найман зам байдаг бөгөөд гурав нь Монгол нутгаар дайрна. Зүүн Ази - Австрали, Төв Ази, Зүүн Африк - Баруун Ази гэсэн гурван чиглэлээр олон зүйлийн шувуу дайран өнгөрөх нүүдлийн зам байдаг.Зарим шувууны судалгаанаас сонирхуулахад, манайд гурван янзын хун байдаг. Хоёр нь Монголд өндөглөдөг. Гангар хун хамгийн элбэг тааралдана. Манайд шувууны томуу 2006, 2009 онд гарснаар хунгийн нүүдлийг зайлшгүй судлах шаардлагатай болсон. Монгол улс ОХУ, БНХАУ-тай хиллэн оршдог бөгөөд хавар, зун, намартаа усны шувууд нүүдэллэн ирж, дайран өнгөрч, зусаж, халуун орон руу нүүдэллэн буцаж, дахин ирэх байдлаар жил бүр давтагдан нүүдэллэсээр байдаг онцлогтой. Тухайн үед шувууны томуу Хятад, Орос,  манайд гээд хаа сайгүй гарсан. Тиймээс энэ хавьд гарсан өвчин хэдийд, хаана тархах боломжтой вэ гэдгийг судлахаар судалгааг эхлүүлж байв. Ингэснээр шувуудын нүүдлийн онцлог, тоо толгой, хорогдол, өвчлөл, үржил гээд бүх мэдээлэл, датаг бүрдүүлнэ. Манай тогоруу болон бусад ихэнх шувууд очиж өвөлждөг Хятад, Орос, Солонгос, Япон, Энэтхэг зэрэг орны судлаачтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна. Хүзүүвч, бөгж, дамжуулагч зүүсэн шувууд хаана очиж, хэдийд энд ирэх боломжтойг судлах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ судалгааныхаа дүнгээр олон өгүүллүүд нийтэлсэн.

Мөн манайд хамгийн сайн судлагдсан шувуу нь хээрийн галуу юм. Энэ шувуу Алтай, Хангай, Хөвсгөлийн нууруудад өндөглөн зусаад Гималайн нурууг давж Энэтхэгийн төв хэсэг болон хамгийн урд цэгт очиж өвөлжөөд буцаж ирдэг онцлогтой. Бид тус шувууг судлахдаа зөвхөн байршил тодорхойлогч “GPS” нуруунд зүүхээс гадна, гэдсэнд хагалгаа хийж хүчилтөрөгчийн хангамж, булчингийн энерги зарцуулалтыг хянах төхөөрөмж зүүсэн. Судалгааны үр дүнд тулгуурлан Монголд далай төвшнөөс дээш 2000 орчим метрт өндөглөсөн шувууд Гималайн нурууг давахдаа д.т.д. 5000-6000 метр өндөрт, Энэтхэгт өвөлжихдөө д.т.д 0-100 метр очиход байгаль, цаг уурын эрс тэс ялгаатай орчин нөхцөлийг давж туулахад бие физиологийн ямар дасан зохицолт явагдаж буй талаар шинжлэх ухааны том том сэтгүүлд хэд хэдэн өгүүлэл гадаадын эрдэмтэдтэй хамтран гаргасан.

Их нуурын хотгор, Увс нуурт өндөглөсөн халбаган хошуут хэмээх шувуу Хятадын Хөхнуурт өвөлжөөд буцаж ирж байна.. Хятадын Хөх нуурын хөндий, Поян нуурт монгол орны шувуудын ихэнх нь очиж өвөлждөг. Жишээ нь, гунгар болон гангар хун, цагаан тогоруу, цэн тогоруу, хошуу галуу зэрэг очно.

Бид могойч загалай хэмээх махчин шувууг Монголд яг хаа өндөглөдгийг нь тодруулахаар судлахад манай говьд өндөглөдөг байж таарсан. Могойгоор хооллодог энэ шувуу Хятадаар дамжин Бутан, Мьянмар улсын нутагт очиж өвөлждөгийг тогтоолоо. Харин загасаар хооллодог усны нөмрөг бүргэдийг монголд өндөглөдөг гэж бодсон. Гэтэл дамжуулагч зүүгээд нүүдэл байршлыг судлахад монголд өндөглөдөггүй байв. Харин Бутан, Бангладеш зэрэг Гималайн нурууны зүүн өмнөд хэсэгт өвөл өндөглөөд залуу шувууд долоо болон наймдугаар сард монголд ирдэг юм болж таарсан.

Хурх-Хүйтэний хөндийд долоон зүйлийн тогоруу бий

Хуучин манайд зургаан зүйлийн тогоруу байсан ч сүүлд хоёр зүйл шинээр нэмэгдсэн юм. Тэднээс долоо нь Хурх-Хүйтэний хөндийд бий. Онон голын сав газарт хамаарах Хурх-

Хүйтэн голын хөндий бол 40 гаруй км сунаж тогтсон цэвдэг, хүлэрт намаг бүхий олон тооны нуур цөөрөм, ус намгархаг газрыг бүрдүүлдэг үржил шимтэй нутаг учраас нүүдлийн шувууд, тэр тусмаа нэн ховордсон усны шувууд бусад олон амьтны амьдрах тун таатай орчин билээ.

Өвөгт тогорууны нүүдэл нь Хурхаас Хятадын Өвөр Монголын Шилийн голын нутагт хүрч тэндээ сар орчим байж байгаад шууд баруун урагшаа Гималайн нурууг даваад Энэтхэгийн баруун талд очно. Тэнд өвөлжөөд буцахдаа Гималайн нурууг хойгуур нь тойрч нутагтаа ирдэг. Хурх, Хүйтэний хөндийд 2014 оноос хойш өвөгт тогоруу, хархираа тогоруу, цэн тогоруу зэрэг шувуу болон тэндхийн ургамал, хөрс, цэвдгийн байнгын мониторинг хийж байна.

Өвөгт тогоруу - Grus virgo, зургийг Ш.Цэвэгсүрэн, Өвөрхангай аймаг, Орхоны хөндий, 2014 оны найман сар

 Хурх-Хүйтэн голын хөндийд усны шувуу нутаглахад экосистемийн хувьд хамгийн ач холбогдолтой. Эл хөндий орчмыг 2004 онд Рамсарын конвенцод бүртгэж авсан. Энд бүртгүүлэх гол шалгуур нь дэлхийн ховор шувуудын нэг хувь нь тэр газарт нутагладаг байх. Харин Хурх-Хүйтэн голын хөндийд дэлхийн цэн тогорууны популяцийн 11 хувь, хархираа тогорууны гурван хувь, өвөгт тогорууны нэг хувь, хар өрөвтасын бүс нутгийн популяцийн 15 хувь нь байршиж байна.

Бид дээрх хөндийд жилдээ 3-5 удаа очно. Хавар тогоруунууд ирэхэд, дараа нь өндөглөхөд нь, өндөгнөөс гарсан дэгдээхэйг гарахад, дэгдээхэйг нисэхээс нь өмнөхөн барьж бөгжлөхөөр, намар нутгаа орхин нисэх үед бүх шувуудын тоо бүртгэлийг гаргахаар очиж судалгааг хийдэг. Тэнд Цэн тогоруу, Өвөгт тогоруу, Хархираа тогоруу, Цагаан тогоруу, мөн бусад нүүдлийн шувуудыг бөгжлөн бүртгэх, заримд нь дамжуулагч суулгах ажлыг хийдэг. Тус хөндийд тогоруу нь дэлхийд байхгүй харьцангуй их нягтшилтай өндөглөдөг. Бид одоогоор монголд цэн тогорууг бие гүйцсэн 49, дэгдээхэй 364, нийт 413 шувууг дахин давтагдахгүй өнгөт бөгжний  хослолоор бөгжлөөд байна. Харин устаж байгаа ангилалд ордог цагаан тогоруу Хурх-Хүйтний хөндийд цөөн тоогоор зусдаг. Сүүлийн үед тоо толгой нь  нэмэгдэж байна.

Н.Цэвээнмядаг: Дэлхий дээр цэн тогорууг 5700-6500 орчим бий гэж тооцоолдог. Манай судалгааны талбайд 80-90 хос бүртгэгдээд жил бүр 60-70 хос нь өндөглөдөг

-Яагаад Хурх-Хүйтэний хөндийг ингэж чухалчилж үздэг юм бэ?

-Хурх-Хүйтэний хөндий ус намгархаг газар юм. Цэн, хархираа, цагаан, хар тогоруунууд бүгд ус намгархаг орчинд байдаг. Харин өвөгт тогоруу голын хөндийн хуурай хээрээр байршдаг. Тэгэхээр Хурх-Хүйтэний хөндий бол усны шувуу тэр тусмаа тогорууны амьдрах орчин хамгийн сайн бүрдсэн газар юм. Тогоруу өндөр зэгс хулстай намгархаг газар өндөглөдөг бол тэнд байнгын мөнх цэвдэгтэй, хүлэрт намаг ихтэй. Тус газар тариан талбайтай учраас тус шувуу цуглахад хамгийн тохиромжтой. Хурхын хөндийгөөс хойгуур Онон голын хойд хэсэг, Барх, Номгон, Эг, Хөмөл, Балж голын хөндийгөөр өндөглөсөн тогоруунууд намар явахын өмнө бүгд уг хөндийд цуглана. Найман сарын эхээс есөн сарыг дуустал тэнд байж, арван сарын эхээр явдаг. Өвөгт тогоруу найман сарын сүүл есөн сарын эхээр нүүдэллэнэ. Тэд Гималайн нурууг даваад Энэтхэгт очиж өвөлждөг. Цэн тогоруу Хөх мөрний Поян нуурт очиж өвөлжих бол хар тогоруу Солонгос, Японд, хархираа тогоруу арай наана Бээжингийн урдуур очиж өвөлждөг.

Хурхын хөндий бол ганц цэвдэгтэй үлдсэн газар. Үүнийг хамгаалж чадвал хүлэрт намаг ихтэй. Янз бүрийн ургамлын судалгаа хийхэд тохиромжтой. Монголд хамгийн их хур бороо ордог нутаг. Мөн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг юм. Тиймээс бид бусад байгууллагатай хамтарч, бэлчээрийн ургамлын олон жилийн мониторинг, чиглэг газарт үзүүлж буй уур амьсгал, цэвдэгт болон хүлэрт хөрсний судалгаа хийдэг. Харин уур амьсгалын нөлөө, хүний буруутай ажиллагаанаас болж жилээс жилд энэхүү үзэсгэлэнтэй, үржил шимт хөндийн нуур, цөөрмүүд ширгэж, доройтож, нэн ховор амьтдын амьдрах орчин хумигдсаар байгаа. Хадгалж хамгаалж үлдэх асуудал нэн чухал тул 2016 онд орон нутгийн хамгаалалтад, 2022 онд Улсын хамгаалалтад оруулж байгалийн нөөц газар болгож 193 мянган га газрыг хамгаалалтад авч чадсан.

Дунд нь тариан талбай, тойроод Хурх голын намагтай. Энд цэн тогоруу голчлон өндөглөдөг газрыг тойруулж хамгаалалтад авахыг хичээсэн. Бид энэ жилээс эхэлж Хэнтий аймгийн болон дөрвөн сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Үүгээр хамгаалалтад авсан газрын менежментийг манай байгууллага 10 жил хариуцаж ажиллахаар болсон юм.

-Манай орны шувууны тоо толгойнд хамгийн ихээр нөлөөлж буй сөрөг хүчин зүйл нь өвчлөлөөс гадна юу байна вэ?

-Монгол 2009 онд Хөвсгөлийн Цагаан нуурын шувуунд өвчин гарсан. Энэ өвөл Японы Изюми арал шувууны томуу өвчин гарч 1000 гаруй хар тогоруу, мөн 100 гаруй цэн тогоруу халдвар авч үхлээ шүү дээ. Тэнд хар тогорууны дэлхий популяцийн 90 гаруй хувь нь очиж өвөлждөг, тэжээл тавьж өгдөг юм. Ер нь бол нэн хоруу чанарын шувууны томуу өвчнийг голдуу усны шувуу тараагаад байх шиг. Усны шувуудаас гадна махчин шувуу өвчин тараадаг. Гэхдээ усны шувууг бодвол нэг дор бөөгнөрдөггүй учраас сайн мэдэгдэхгүй байна.

Үүнээс гадна шувууны үхэл хорогдолд өндөр хүчдэлийн шон их аюултай. Махчин шувууд шон дээр суугаад нисэхдээ өртдөг бол усны шувууд утас мөргөж их өртөнө. Нөгөөтээгүүр зарим шувууны нисэлтийн өндөр нь шон, утасны өндөртэй таардаг байх магадлалтай. Тиймээс өндөр хүчдэл дээр нь шувуу үргээдэг тусгай зүйл суулгадаг болсон. 6-15 кВт-ын шугам маш их аюултай. Жилд 1000 орчим идлэг шонхор өртөж үхдэг гэсэн судалгаа байдаг. Гэтэл бид гадаад руу 300 шувуу гаргахад л хамаг шувуу дууслаа гээд байгаа шүү дээ. Одоо 6-15 кВт-ын шугамаас шувуунд ээлтэй байх судалгааг хийсний дүнд стандартыг шинэчлэн боловсруулаад шинээр барих шугамыг энэ стандартын мөрдлөг болгож байна. Мөн хуучин баригдсан 15 кВт-ын шугамын шонгийн орой дээр хамгаалалт хийж  шувуунд ээлтэй нэмэлт төхөөрөмж суурилуулах ажлыг хийж байна. 

Монголчууд тогорууг бол агнадаггүй шүү дээ. Төмөр дөрөө сэтэртэл хараадаг гээд айдаг. Гэтэл нүүдлийн замдаа маш их эрсэддэг. Жишээ нь, Афганистан, Пакистанд өдөрт 400 орчим өвөгт тогорууг тор тавьж барьж, идэж байгаа мэдээлэл цахим хуудсаар их ирж байна.

Хурх-Хүйтэний хөндийд тогорууны тоо толгой, үржилд нөлөөлж буй зүйл бол байгалийн гэнэтийн үзэгдлээс (шар усны үер, гэнэтийн салхи шуурга, хүйтрэлт, түймэр, хуурайшилтаас нуур, гол, намгархаг газар ширгэх) гадна хүн, мал, нохой нөлөөлөл их бий. Айлууд тогоруу өндөглөсөн газарт их ойрхон хаваржиж зусдагаас амгалан тайван байдлыг тогтмол алдагдуулна. Мал үүр, өндөг, дэгдээхэй орчимд байнга бэлчээрлэдэг, өндөглөдөг зэгс, шагшуургыг идэж, гишгэдэг. Айлуудын нохой тогоруу, галуу зэрэг шувууны өндөг, дэгдээхэйг идэж устгадаг тохиолдлууд олон тааралддаг юм. Тиймээс бид тэр нутгийн айлууд, орчны сум, баг, сургуулиудын ажилтан, хүүхдүүдэд тогорууг таниулах, байгаль орчны хамгаалахын ач холбогдлыг ойлгуулах нөлөөллийн ажил хийх үүднээс Биндэр суманд тогорууны баярыг жил бүр зохион байгуулж байгаа. Монголд болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах, төрөлх нутгийнхаа байгалийн баялгаар бахархах сэтгэлийг дэмжих замаар Хурх-Хүйтэний хөндийн ховор зүйл шувуудын өлгий нутгийн хамгаалалтыг нутгийн иргэдтэй хамтарч хийхийг хичээж байна. Үүний хүрээнд орон нутагт чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус баярыг зохион байгуулдаг.

Дэлхий дээр цэн тогорууг 5700-6500 орчим бий гэж тооцоолдог. Манай судалгааны талбай дээр 80-90 хос бүртгэгдээд жил бүр 60-70 хос нь өндөглөдөг. Жижигхэн газар гэхэд бусад орноос хамаагүй илүү нягтшилтай. Гэвч энд үүрлэсэн тогоруунуудын үржлийн амжилт харьцангуй бага байгаа юм. Иймээс хамгаалалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай болоод буй.

-Нийгмийн сүлжээнд Тураг гогойг их хэмжээний загас иддэг, тоо толгой хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэх юм. Энэ тал дээр та тайлбар өгөөч?

-Энэ бол Тураг гогой гэдэг шувуу юм. Манайхан хар галуу гээд байдаг. Үнэндээ галуу биш. Энэ амьтан загасаар хооллодог тул өдөрт тодорхой хэмжээний загас иднэ. Тоо толгой нь сүүлийн үед олширлоо гэж яриад буй. Тураг гогой манай хэд хэдэн газраар тарж байршдаг байсан ч зарим газрын ус багасаж, загасгүй болсон зэрэг шалтгааны улмаас нэг газар олноор бөөгнөрөх байдал ажиглагдсан. Буйр нуур загас элбэгтэй, өндөглөх орчин сайтай. Тус шувуу арал юм уу бургас дээр үүрээ засдаг.

Зургийг Erdenebulgan Photography

 Өмнө нь 2000-2003 оны үед Дорнодын Хөх нуурт тураг гогой өндөглөдөг байсан ч нуурын ус нэг үе их болоод дундах арлууд байхгүй болчихсон. Тэнд 1000-2000 орчим тооны тураг гогой өндөглөдөг, нийт 5000-6000 толгой байсан. Мөн ОХУ-ын нутагт орших Тарь нуурт олон мянгаараа өндөглөдөг байсан ч тэр нь ширгээд алга болсон учраас Улз, Хэрлэн голын савд байдаг бүх тураг гогой  Буйрт очоод буй. Иймэрхүү маягаар нэг газар олноороо байрших болсон. Буриад улсын хэмжээнд нэг үе тоо толгой нь хомсдоод “Улаан ном”-доо хүртэл бүртгэсэн байсан. Одоо харин эргээд тоо толгой нь олширч байгаа гэсэн жишээ нэлээд байна. Цахим орчинд тураг гогойг буудаад алчихъя, устгая, хүнсэнд хэрэглэе гэсэн санал мэдээлэл их байна. Загас идэштэн учраас мах нь хүнсэнд хэрэглэхээр тийм таатай амттай биш. Мэдээж шувууны өөрийн идэх хэмжээ хязгаартай, тэрнээс биш цахим орчинд бичиж буй шиг хоногт 5-6 кг загасыг байнга идэж үй олноор нь устгадаг амьтан биш. Нэг идэхдээ  10-15 см хэмжээтэй 1-3 загасаар хооллоно. Дээрээс нь 3-5 өндөг гаргадаг. Ангаахайгаа хооллоход тодорхой хэмжээний загас иднэ. Өөрийн биеийн жин нь 2 кг учраас түүнээс илүү идэж чадахгүй.

Мөн тураг гогой загас барихаараа шархдуулж, алдах тохиолдол бий. Тэр шархадсан загасаар нь цахлай, хотон зэрэг шувууд хооллоно. Ийнхүү харилцан бие бие нээ дэмжиж явдаг.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube