Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-10 нд нийтлэгдсэн байна.

Н.Мөнхцэцэг: Монгол хэлнийхээ дархлааг хадгалж, цэвэр ариун байлгахын тулд аль болох гадаад үг, нэр томьёог орчуулж хэрэглэх хэрэгтэй

5/ 10/ 2023    6 цаг 39 минут

Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэгтэй нэр томьёо, гадаад үг хэллэгийг хэрхэн орчуулж, хэрэглэх талаар ярилцлаа.

-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээр сонин сайхан юу байна? Ойрын үед ямар ажилтай байна вэ?

-Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн ажил ихтэй байна. Хэдхэн хоногийн өмнө дэлхийн номын өдөр тохиож, манайхаас Үндэсний номын санд ном хандивлалаа.  Мөн олон эрдэм шинжилгээний хурал боллоо. Бид өөрсдийн ажлын судалгааны чиглэлийн дагуу олон улсын семинарт оролцдог. Би дөрөвдүгээр сарын 20-21-нд Бельги улсын Брюссель хотод болсон “Terminology: Domain loss and gain” олон улсын хуралд илтгэл хэлэлцүүллээ. Тус хуралд Бельги, Австри, Герман, Франц, Итали, Испани, Ирланд, Норвег, Унгар, Нидерланд, Финланд, Португал, Грек, Словени, Их Британи, Эстони, Гүрж, Колумби , Канад, Монгол гэсэн 20 орны 40 илтгэгч нийт 200 гаруй эрдэмтэн судлаач танхим болон цахимаар оролцлоо.

Хурлын гол агуулга нь нэр томьёо, гадаад үг хэллэгийг хэрхэн хэрэглэж байгаа талаар болон англи хэлний нөлөөгөөр тухайн орны төрөлх хэлний хэрэглээ багасаж, аливаа мэдлэгийн салбар (domain)-т нэр томьёо, шинэ үг хэллэгийг ихэвчлэн англи хэлнээс зээлдэж (anglicism)  байгаа нь шинжлэх ухаан, нийгмийн харилцаанд тулгамдсан асуудал болж буйг олон илтгэгч дурдсан. Цаашид энэ асуудлыг шийдэхийн тулд нэр томьёоны шинжлэх ухааныг хэрхэн хөгжүүлэх талаарх судалгаа шинжилгээний үр дүнг хэлэлцлээ.

-Даяаршлын өнөө үед нийгмийн харилцаанд тулгарч буй нэг асуудал бол гадаад хэл, тэр дундаа англи хэл монгол хэлэнд их нөлөөлж байна гэж их ярьж буй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Даяаршлын өнөө үед англи хэл хүчирхэг болж, манай улс гэлтгүй, дэлхийн хөгжилтэй орнуудын хэл ч англи хэлний нөлөөнд автаж буй гэдгийг дээр дурдсан. Дэлхийн улс орнууд ихэнх мэдээ мэдээллийг тус хэлээр олж авч байна. Манай улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнө орос хэлийг гадаад хэл болгон сонгон үзэж, шинжлэх ухааны ном зохиол бүтээлийг орос хэлээс орчуулан хэрэглэж байсан. Тухайн үед орос хэл монгол хэлний үгийн сан, хэл зүйн тогтолцоонд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж болно. Харин зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос хойш хэлний бодлого, зохицуулалт алдагдав. Гадаад хэлийг хэт их шүтэн бишрэх болсны уршгаар монгол хэлний үнэлэмж буурч, бүх шатны боловсролын байгууллага дахь монгол хэлний сургалтын чанар муудсан. Гадаад нэр томьёог хэн дуртай нь дураараа оноож, эсвэл орчуулгагүй хэрэглэж, гудамж талбай, зам, албан байгууллагын нэр хаягийг эрээвэр хураавар гадаад хэлээр бичих зэргээр монгол хэлний хэрэглээ, хөгжил, халдашгүй дархан байдалд сөргөөр нөлөөлөх болсон байна.

Тэр дундаа миний нэг эмзэглэж явдаг зүйл бол хүүхдийн сэтгэлгээ, ухамсар төлөвшөөгүй үеэс нь монгол хэлнийхээ оронд гадаад хэлийг сургаж байгаа явдал юм.

Гудамж, олон нийтийн газраар явахдаа эцэг эх нь нялх балчир хүүхэдтэйгээ англиар ярихыг нь харахад үнэхээр харамсалтай санагддаг. Эсвэл тэр хүмүүс гадаадад цагаачилж амьдрах гэж хүүхдээ монгол хэлний оронд англи хэлийг эх хэл болгож байгаа юм уу би ерөөсөө ойлгодоггүй. Ер нь хатуухан хэлэхэд, хэл соёл, үндэс угсаагаа дорд үзэж байгаа хэлбэр.

Аливаа үндэстний хэл, соёл оршин байх нөхцөл нь тухайн хэлийг уламжлан өвлөх залуу үеийн эх хэлний боловсролоос шалтгаалдаг. Тиймээс цөөхөн хүн амтай манай улсын хувьд үндэсний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, гадаад хэлийг үндэсний ухамсар, сэтгэлгээ төлөвшсөн хойно нь зааж сургах бодлого баримтлах хэрэгтэй.  

-Монгол хэлэнд гадаад үгийн хэрэглээ ихэслээ, хэл бохирдлоо гэдэг. Монгол хэлний үгийн сангийн хэдэн хувь нь гадаад үг байдаг вэ?

-Аль ч хэлэнд гадаад үг бий. Зарим үг үгийн санд орж ирээд, эргээд хэрэглээнээс гардаг. Яг тоо хэмжээг нь нарийн гаргасан судалгаа одоогоор байхгүй байна. Өөрийн судалгааны хэмжээнд авч үзэхэд, 10 орчим хувьтай байгаа болов уу. Манай хүрээлэн монгол хэлний үндэсний цахим хөмрөг байгуулахаар зорин ажиллаж буй. Тэгэхээр удахгүй гадаад үгийн тоо хэмжээг нарийвчлан судалж гаргана.

Монгол хэлэнд 30 гаруй хэлнээс үг орж ирсэн гэж эрдэмтэд үздэг. Харь үг дотроос зарим нь монгол хэлэнд орж ирэн, аль хэдийн бидэнд танигдахын аргагүй болтлоо нутагшсан байдаг. Жишээлбэл, лууван, байцай, бууз, банш, хуушуур гээд л хүнсний нэр хятад хэлнээс; гарчиг, горим, гарчиг гээд төвөд хэлнээс; балгас, бэх (бат бөхийн)  гэх мэт үгс турк хэлнээс; жижүүр, бирвааз гэх мэт үгс орос хэлнээс орж ирсэн үгс гэдгийг ихэнх хүн бараг мэдэхгүй байх. Ер нь гадаад үг орж ирэх үзэгдэл улс орон тухайн үед ямар улстай харилцаа холбоотой байсан, нийгмийн байгуулал, хувьсал өөрчлөлттэй салшгүй холбоотой. Монгол хэлэнд танигдахгүй болтлоо нутагшсан эдгээр үг ч бас Монгол Улсын нийгмийн түүхтэй холбоотой юм. Түүхэндээ монголчууд зөвхөн гаднаас үг аваад байсан юм биш, бас монгол үгс гадаад хэлэнд орсон. Монголын эзэнт гүрний үед араб, перс, турк, орос зэрэг хэлэнд олон арван монгол хэлний үгс орж одоо бас монгол гэдэг нь мэдэгдэхгүй болтлоо идээшсэн байгаа.

-Та тийм үгсийн жишээ хэлж өгөөч?

-Тухайлбал, орос хэлний богатырь гэдэг үг XIII зууны үед монголчуудын европ руу хийсэн аян дайны үеэр монгол хэлний “багатур” буюу “баатар” гэдэг үгээс орос болон Европын зарим хэлэнд орж идээшсэн байдаг.

Гадаад болон дотоодын хэсэг эрдэмтэн монгол хэлний зарим үгийг түрэг гаралтай үг гэдэг. Гэхдээ миний бодоход, монголын уламжлалт ахуй амьдралтай холбоотой үгс учир зүйн хувьд авч үзэхэд яавч гадаад хэлнээс авсан байх учиргүй гэж боддог. Өөрөөр хэлбэл, түрэг гаралтай үг биш, харин ч түрэг угсаатан манай монгол хэлээс авсан байж болох юм. Ер нь одоогийн жишээг ч харсан аль хүчирхэг улс орны хэл нөгөө хэлэнд нөлөөлөх үзэгдэл түгээмэл. Хүннү Сүннүгийн үеэс хүчирхэг байсан улс шүү дээ манай улс. Тэр үүднээсээ ч бодсон монгол хэлнээс бусад хэлэнд орсон олон үг байх аа.

Энэ мэтчилэн аливаа хэлнүүд хоорондоо өгөө аваатай байдаг нь хэлний хувьсал хөгжлийн хууль юм. Гэхдээ гадаад үгийн тоо хэмжээ тухайн хэлний үгийн сангийн 15-аас дээш хувийг эзэлбэл аюултай гэж үздэг. Монгол хэлний хувьд арай ч тийм байдалд хүрээгүй.

Ер нь хэлээ цэвэр ариун байлгахад шинээр орж ирж буй гадаад үгийг аль болох монгол хэлнийхээ бүтэц, зүй тогтол, монгол хэлний сэтгэлгээний онцлогт тохируулан үг бүтээх бүтээлч аргуудыг хэрэглэн орчуулах хэрэгтэй.

-Монгол хэлэнд шинээр орж ирж байгаа үгс ямар төрлийн үгс байдаг вэ?

-Ер нь шинээр орж ирж буй үг хэллэгийн 70-80 хувийг нэр томьёо эзэлдэг. Нэр томьёо бол шинжлэх ухааны мэдлэгийн түлхүүр ойлголтыг тэмдэглэсэн үг юм. Тиймээс тухайн шинжлэх ухааны мэдлэгийг зөв дамжуулахын тулд нэр томьёо зөв оновчтой байх ёстой. Гэвч шинэ ойлголт ухагдахууныг нэрлэсэн нэр томьёог монгол хэлэнд зөв оновчтой оноож тогтооно гэдэг бол хэцүү. Нийгмийн салбар болгонд гаднаас шинэ мэдлэгийн хамт нэр томьёо орж ирнэ. Үүнийг нь нэг хүн галиглаад авахад, нөгөө нэг хүн өөрөөр үгчлээд орчуулчихсан байдаг жишээтэй. Үүнээс үүдээд нэг ухагдахууныг олон янзаар тэмдэглэсэн олон хувилбарт нэр томьёо, хоёрдмол утгатай нэр томьёонууд үүсээд буй. Ингээд олон нийт үүнийг нь хэрэглэж, заримдаа нийгмийн харилцаанд үл ойлголцол үүсэх тохиолдол гарна. Тэгэхээр нэгдсэн хяналт, төрийн зохицуулалт хийхгүй бол тэр бүх үгийг манай хэдхэн хүн хянана гэж байхгүй. Урьд нь 1990-ээд оноос өмнө Улсын нэр томьёоны комиссоор нэр томьёог цэгцэлж, нэгдсэн журмаар баталж, түүнийг улс орон даяар мөрдүүлдэг байсан. Гэтэл ардчилал гараад зах зээлийн эдийн засагт шилжсэнээр энэ нэгдсэн удирдлага ерөнхийдөө үгүй болж, мэргэжлийн салбартаа тус тусдаа нэр томьёо оноогоод түүнийгээ хэрэглэдэг болсон. Тэгэхээр одоогийн УНТК болон манай хүрээлэнгийн нэр томьёо судалдаг салбарыг эрх зүйн хувьд чадамжтай болгон дэмжиж, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа юм.

Ажиглахад, монгол хэлэнд техник, технологийн нэр томьёог орчуулах хэцүү байх шиг. Тухайн ухагдахууныг нэрлэх, дүйцүүлэх ухагдахуун байхгүй учраас галигчилж, зээлдэж аваад байна. Амрыг нь бодоод зээлдээд хэрэглээнд байх юм бол үгийн сангийн ихэнх үг гадаад үг болж хувирна. Монгол хэлний дархлаа суларна. Энэ асуудлыг хэлний салбарын эрдэмтэд төдийгүй багш, орчуулагчид маш сайн анхаарах хэрэгтэй. Заримыг нь хэт үгчлэн орчуулсан байдаг. Дээр ярьсан хурлаар тухайн хэлний дархлааг амь бөхтэй, цэвэр ариун байлгахын тулд англицизмаас татгалзах. Өөрийн хэлний боломжийг сайн ашиглах. Манай хэлэнд үүнийг орчуулахад хэцүү юм аа гээд амарчилж, гадаад үгийг зээлдэхийн оронд монгол хэлний уугуул үгийн баялгийг уудалж, хуучин үгийг сэргээх, утга шилжүүлэн хэрэглэх, шинэ үг бүтээх, нутгийн аялгууны үгийг хэрэглэх, жирийг үгийг нэр томьёоны үүргээр хэрэглэх зэргээр үг бүтээх бүтээлч аргуудыг хэрэглэх нь зүйтэй. Нэр томьёог аль болох өөрийн хэлээр орчуулан хэрэглэх нь тухайн орны шинжлэх ухааны хэл хөгжих үндэс юм.

-Тэгвэл гадаад үг, нэр томьёог зээлдэх, үгчлэхээс илүү утга дүйлгэн орчуулах нь зохистой гэж ойлгож болох уу?

-Дүйлгэнэ гэдэг нь яг гадаад хэлэнд байгаа үг монгол хэлний үгийн санд байгаа үгтэй түүний тэмдэглэж буй ухагдахууны хувьд дүйхийг хэлнэ. Жишээ нь, нар сар, од, хүн, ус зэрэг түгээмэл үг шууд дүйнэ. Харин үгчлэх гэдэг нь цаад хэлэнд байгаа үгийг үг, үгээр нь буулгахыг хэлж байгаа юм. Энэ орчуулга зарим тохиолдолд таарна, заримдаа таарахгүй. Ингэж орчуулсан үгс дотор монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирохгүй жишээ олон бий. Үүнд, гамшгийн нөөц гэх үгийг монгол хүн гамшгийг нөөцөлсөн юм шиг ойлгох ч юм уу, гэх мэтчилэн хэлэхэд эвгүй, буруу ойлгогдох зэрэг сөрөг үр дагавартай.

Тийм учраас ихэвчлэн утгачлах аргыг хэрэглэж, цаад хэлний ойлголт ухагдахууныг ойлгочхоод өөрийн хэлний онцлог, монгол хүний сэтгэхүйд тааруулж буулгах хэрэгтэй. Манайхан гадаад хэлнээс орчуулахдаа үгчлэх, шууд зээлдэх хоёр аргыг түгээмэл хэрэглэсэн нь ажиглагддаг. Хэрвээ их үгчлээд байвал монгол хүний сэтгэхүйд тохирохгүй нэр томьёо үүсэх, зээлдэх нь ихэсвэл хэл бохирдох хор уршигтай. Ер нь нэр томьёог оноохдоо маш болгоомжтой оноох хэрэгтэй.

-Саяхан “Трио” хэмээх кино гарснаар “Уйгур хэлний утгаас нь үүдэлтэй Монгол гэсэн нэрээр 19-р зуунаас даун синдромыг “монголиод” гэж европт нэрлэсэн” асуудлыг дахин хөндсөн. Үүнийг дауны синдромтой хүүхдийн царай төрх монгол хүний төрхтэй адил байсан гэх шалтгаанаар дүйцүүлсэн гэж ойлгох уу?

-“Mongoloid” гэх үгийн “-oid” дагавар нь “төст” гэсэн утгатай буюу монгол төст гэсэн монгол үндэстнийг доромжилсон нэр томьёо юм. Энэ нэр томьёог Монголын анхны генетикч эрдэмтэн, анагаах ухааны доктор М.Отгон гомдол гаргаж солиулсан. Их буянтай хүн. Тухайн үед тэр улсад нэр томьёог оноохдоо хэлэлцүүлдэг комисс байсан л байх. Яагаад бүхэл бүтэн үндэстнийг ингэж нэрлэж болохгүй гэж нэг хүн ч болтугай шүүмжлээгүй юм бол! Миний бодлоор энэ нэр томьёог зохиосон тэр хүнийг үндэстнийг доромжилсон хэргээр Олон улсын хүний эрхийн комисст хандаж, хариуцлага хүлээлгэж болох тохиолдол. Тухайн үед тэр хүнд ямар нэг хариуцлага хүлээлгэсэн үү үгүй юу гэдгийг мэдэхгүй л дээ (Инээв)

Тэгэхээр аливаа нэр томьёо гадаад үгийг буулгахдаа маш сайн анхаарч, оноохгүй бол энэ мэтчилэн алдаа завхрал гарч, хууль зөрчсөн үйлдэл болж хувирна. Саяхан “улны айл” гэх нэр томьёо гарсан нь үгчилж орчуулсны гай. Хэрвээ монгол хүний сэтгэлгээнд тохирохооргүй, зохистой биш байвал утгачилж л орчуулах хэрэгтэй. Орчуулахад нэр томьёоны оноолт гэдэг чухал асуудал. Тэр орчуулгаар л тухайн нэр томьёогоор тэмдэглэсэн ойлголтыг монгол хэлэнд буулгаж байгаа гэсэн үг шүү дээ. Нэр томьёо бол мэдлэгийн нэгж учраас мэдлэгийг зөв дамжуулахын тулд нэр томьёо оновчтой байх хэрэгтэй.

-Ер нь гадаад үгийг зээлдэх тогтсон дүрэм журам гэж байдаг уу?

-Монгол хэлний зөв бичгийн журамласан толь бичигт голдуу орос хэлнээс орж ирсэн болон зарим нэг шинээр орж ирсэн гадаад үгийн бичлэгийг журамласан байдаг. Гэхдээ гадаад үгээс хэдийг түүж аваад ингэж галиглая гээд тогтоочихвол гадаад үгийг янз бүрээр бичээд байдаг асуудал хэзээ ч цэгцрэхгүй. Тиймээс бид англи үгийг хэрвээ зээлдэх бол хэрхэн галиглан болон үсэгчлэх талаар тогтолцоотой дүрэм боловсруулж стандарт болгохоор ажиллаж байна.

-Цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд надтай ярилцсанд мөн талархлаа. Соён гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.

Б.Лхагва

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



59.153.113.41Зочин   • 2023, 5 сарын 18. 18 цаг 03 минут

Delhii dahinaaraa dayarshin hugjij baihad ternees hoishoo suugaad baival "uuliinhaa muhart," " humursun togoon dotoroo", "hudgiin melhii" shig l vldene shvv dee ! Mongol helnii bodlogiig aldagduulj baigaa bol mongol helnii bagsh nar bvgd l muu, temtcehgvi bna baa !



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube