Олон улсын биологийн олон янз байдлын өдөр тохиож буй энэ өдөр Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн экологич Ж.Очирхуягийн дэлхийд шинэ зүйлийн аалз нээснийг баталсан “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” өгүүлэл “Acta Arachnologica” сэтгүүлд хэвлэгдэхээр болжээ. Тэрээр өөрийн олж, тогтоосон шинэ зүйлийн аалзаа удирдагч багш, профессор Б.Болдгивын алдраар нэрлэсэн байна.
Тодруулбал, олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрэм журмын дагуу энэхүү шинэ зүйлийг МУИС-ийн профессор, багш Б.Болдгивын нэрээр буюу “Coreodrassus boldgivi” хэмээн нэрлэх гэнэ. Профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн манай тэргүүний биологич эрдэмтдийн нэг юм. Түүний шинжлэх ухаанд олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл ийнхүү дэлхийн шинжлэх ухаанд данслагдан үлдэж байна.
Ж.Очирхуяг нь Хурх экологийн судалгааны сууринд анх судлаач оюутнаар ирж, тус намгархаг хөндийд аалзны бүлгэмдлийн судалгааг гүйцэтгэн бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд үргэлжлүүлэн Зэрлэг амьтан судлах хамгаалах төвдөө экологичоор ажиллаж буй. Тэрээр өмнөх судалгаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ бусад бүс нутгийн аалзны бүлгэмдлийн судалгааг ч өргөн хүрээтэй гүйцэтгэж, шинэ овог, хэд хэдэн зүйлийг Монголын аалзны зүйлийн жагсаалтад нэмж, аалз судлалаар дагнан ажиллаж буй залуу судлаач юм.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Баяр хүргэж, амжилт хүсье