Монгол-Хятад-Оросын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган зургадугаар сарын 8,9-ний өдөр болж өндөрлөлөө. “Улс хоорондын эдийн засгийн харилцааг дэмжихэд ХАҮТ-уудын оролцоо”, “Монгол, Хятад, Оросын хөрөнгө оруулалтын боломжууд, хамтын ажиллагаа” үндсэн хуралдаан, “Монгол, Хятад, Оросын чөлөөт бүсүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл”, “Монгол, Хятад, Оросын хөдөө аж ахуйн салбарын худалдааны нөхцөл байдал”, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа, “Барилга, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны боломжууд” салбар хуралдаануудад ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич, БНХАУ-ын ОУХДХ-ны орлогч дарга Жан Шао Ган болон бусад ХАҮТ-уудын удирдлагууд, бизнес эрхлэгчдийн нийт 600 гаруй төлөөлөл оролцсон томоохон хэмжээний чуулган боллоо.
Гурван улсын бизнес эрхлэгчдийн зүгээс Монгол Улсын 6 аж ахуйн нэгж, БНХАУ-ын 4 аж ахуйн нэгж, ОХУ-ын 3 аж ахуйн нэгж өөрсдийн төслөө танилцуулж, бизнес уулзалтуудыг зохион байгуулсан юм.
Чуулганаар Арбитрын шийдвэрийг харилцан хэрэгжүүлэх талаар гурван улсын арбитрын байгууллагуудын төлөөллийн уулзалт зохион байгуулагдаж, гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын байгууллагуудын хоорондын нягт хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гадаад арбитрын бүрэлдэхүүнд тус тусын харъяат арбитрчдыг оруулах талаар хөхиүлэн дэмжих, гурван талт түншлэлийн санамж бичиг байгуулахаар тохирлоо.
Монгол, Хятад, Орос гурван улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн тулд ХАҮТ-ууд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, тус тусын төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцлов.
Гурван улсын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVII чуулга уулзалтыг 2024 онд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.