
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим ээлжит XXI Их хурлаа Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд хийж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгоно. МҮХАҮТ нь 5900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар Танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ өгсөн байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин XXI Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг бизнесийн гол тинк танк байгууллага болох, гишүүнчлэлийн хүрээг өргөжүүлэх, бодлогын өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааг хүчтэй, үр дүнтэй явуулах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог хөгжүүлэх, эдийн засгийг тэлэх, түүний дотор уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, танхимын гадаад харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэх чадавхыг сайжруулах, бизнес удирдах чадавхыг хөгжүүлэх шинэлэг сургалтуудыг шинэ шатанд гаргахад анхаарч ажилласан. Мөн бизнесийн маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахад гол асуудал болох арбитрын эрх зүйг боловсронгуй болгох, Монголын Олон улсын Арбитрын институтийн хувьд бэхжүүлэх, чадавхыг сайжруулж чадсан” хэмээн онцлов.
Өнгөрсөн дөрвөн жилд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөвшөөрлийн тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг бизнестэй холбоотой олон чухал хуулийн шинэчлэл хийгдсэн бөгөөд МҮХАҮТ-ын зүгээс ажлын хэсгүүдэд орж ажиллах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, санал хүргүүлэх зэргээр хуулийн төслүүдэд бизнес эрхлэгчдийн төлөөлөн саналуудыг тусгуулж ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.