Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач үг хэллээ.
Тэрбээр "Суут Богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ их алдраар овоглосон Монгол төрийн тэргүүн зэргийн одон хүртсэндээ үе үеийн уран бүтээлчид, мөн миний бие маш ихээр догдолж байна. Хүн төрөлхтөний буурал түүхэд монголчуудын буй болгосон үлэмж ширгэшгүй уламжлал, оюун сэтгэлгээний үнэт зүйл бүдгэрэх, сэргэх, мартагдах олон олон цаг үеийг гэтэлгэн энэ цагт өртөөлөн ирснээр шинэ Монгол, шинэ түүхэнд тодрон гэрэлтэж буй нь оюун санааны соёл уламжлалын асар их баялагтай, нөөцтэй ард түмэн гэдгийг дэлхийд хүчтэй мэдрүүлж буй нь дамжиггүй ээ.
Бид их хувь заяанд оршин амьдарч, бүтээн туурвиж яваагаа цаг хором бүр улам ихээр мэдэрч байна. Яг энэ мөчид энэ их өвийг төдийгөөс өдий хүртэл өвлөн тээж, дамжуулан залж ирсэн буурлууддаа хэдий тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд минь, чихэнд минь үргэлж хамтдаа эгшиглэж байдаг их хүмүүн, нэрт хуурч, сурган хүмүүжүүлэгч, удирдагч Цэндийн Батчулуун багшдаа Монголын ард түмний талархлыг хамтад нь хүргэе.
Тэртээ Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөж байсан цаг үед сэтгэл оюунаа чилээн энэхүү чуулгыг байгуулах гол санааг буй болгосон их бурхад болон гурван эрхэмд гүн талархал дэвшүүлэхийг хүсэж байна.
Алдарт хуурч Гомбодоржийн Жамъян, түүний шавь бидний их багш Ардын жүжигчин Цэндийн Батчулуун, бидний эгшиглэгээний эрхэм хүмүүн Нацагийн Жанцанноров хэмээх ачтануудын оюун санаагаа чилээн хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр бид энэ их алдрыг хүртэж буй нь маргаангүй үнэн.
Тиймийн тулд монгол хүний түүх ахуй амьдрал, соёл сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болох морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх, эрдэмжүүлэн түүчээлэхийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 7-р сарын 9—ний өдрийн 126-р тогтоолоор байгуулагдан, анхны тоглолтоо 1993 оны 4-р сарын 16-ны өдөр Дуурь бүжгийн академик театрт хийснээр монголчууд Морин хуурын чуулгатай болж, улс үндэстний дархлаанд шинэ илэрхийлэл буй болсон төдийгүй Монголын хөгжмийн урлагт хэдий танил мэт боловч өөр өнгө төрх, дуугаралт бүхий найрал хөгжим үүссэн тун саяхны түүх.
Түүхэн 30 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорнын сэтгэлгээний онцлогийг шингээсэн баялаг урын сантай, мөн давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5000 гаруй, дэлхийн 20 гаруй орны тайзнаа 600 гаруй тоглолтыг толилуулсны дээр олон арван уран бүтээлчидтай хамтран бүтээл туурвисан билээ.
Бид нэгэн түүхэн шинэ цагийн мөчлөг дээр улс үндэстнийхээ итгэл хайрыг хүртсэндээ догдлол дүүрэн байгаа хэдий ч үеийн үед, үрийн үрд өөрсдийн ур чадвар авьяас билэг, оюун чадамжаа улам улмаар бататган хөгжүүлж, монгол хүний чадамжийг хүчтэйгээр сурталчлан түгээх сэтгэл бат дүүрэн байгаагаа илэрхийлэхийн ялдамд биднийг байнга дэмждэг Монголын төр, нийт ард түмэндээ, шантаршгүй мятаршгүйгээр баттай ар тал нь болж байдаг ээж аав, гэр бүл, үр хүүхдүүдэд нь маш их баярлалаа.
Монгол төрийн өлмий бат оршиж Монгол түмний хийморь өөдөө байхын ерөөлийг өргөн дэвшүүлж, ирэх цагт аливаа бүхэн яруу сайхан, амгалан байх болтугай" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.