Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт (2024.04.08-14-нд) 34014 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 170 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнд: Хүний амьд явах эрхийн эсрэг 1, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 60, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, бусад 3 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 62.181 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 62.087 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 18.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 176 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 4, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 5, сураггүй алга болсон хүн 25, шүүхээс даалгасан хүн 12 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд 2023 оны 06 дугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн иргэн И нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтан буюу Мий /Felide/ овгийн Цоохор ирвэс /Uncia uncial/-н түүхий эд болох 1 ширхэг арьс, ховор амьтан буюу Ойн булга /Mates zibellina Linnaeus/-н түүхий эд болох 2 ширхэг арьсыг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж, 23.760.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Иргэн Б нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн автомашины гражид Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон Мөнгөн ус /Hg/-ыг 2017 оноос 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалж, шороо угаах зориулалтаар ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Иргэн Х нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн түүхий эд болох саврыг бусдад худалдахыг завдаж, 1.245.0000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.