Японы засгийн газар коронавирусний тохиолдлыг мэдээлэх одоогийн системдээ өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Эмнэлгийн ажилтнуудын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор үндэсний тайлангийн тогтолцоог шинэчлэх арга замыг энэ хүрээнд авч үзэж байгаа юм байна.
Энэ талаар “Бид эмнэлгийн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн захиргааны ачааллыг хэрхэн бууруулах талаар судалж байна” гэж Эрүүл мэндийн сайд Като Кацунобу мэдэгджээ.
Одоо үйлчилж байгаа тогтолцоогоор, эмнэлгийн ажилтнууд коронавирусний тохиолдлуудыг олон арван төрөлд ангилах шаардлагатай тулгардаг аж. Зарим эмч нарын хэлснээр, энэ үйл явцыг бүрэн дуусгахад хэдэн цагийн хугацаа ордог байна. Иймээс өвчтөнүүдийг өндөр настан, ноцтой шинж тэмдэг илрэх эрсдэл бүхий хүмүүс гэхчлэн багцлан бүлэглэх тогтолцоонд шилжиж магадгүй гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Ингэхдээ тэд өвчний нийт тохиолдлын тоог үргэлжлүүлэн хянах бодолтой байна. Засгийн газраас энэ тухайд аргачлалыг нарийвчлан боловсруулж дууссаны дараа холбогдох мэдээлэл арга хэмжээг зарлахаа мэдэгджээ.
Мягмар гарагийн байдлаар, Японд коронавирусний улмаас 343 хүн нас барсныг албаныхан баталжээ. Энэ нь өнгөрөгч 2 дугаар сард бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтээс 20 гаруй хүнээр өссөн дүн болсон байна. Мөн улсын хэмжээнд ковидын нийт батлагдсан шинэ тохиолдол 208 мянга орчимд хүрчээ. Сүүлийн нэг сарын хугацаанд энэ үзүүлэлт тогтмол өссөөр байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.