Саяхан АНУ-ын Теннесси мужийн Мемфис хотын амьтны хүрээлэнд Хятадаас дипломат шугамаар бэлэг болгон өгсөн Лэлэ панда өвчний улмаас нас баржээ. Энэ тухай мэдээлэл цацагдсаны дараа Хятадад чихмэл пандагийн борлуулалт эрс нэмэгдсэн аж.
Өнгөрсөн сарын дунд үед Хятадын цахим худалдааны хамгийн том талбар болох Таобао дээр "чихмэл панда" гэсэн хайлт хоёрдугаар сарынхтай харьцуулахад арав дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Шаньдун мужийн хэвлэлд мэдээлснээр, тус баавгайн чихмэл тоглоом үйлдвэрлэдэг орон нутгийн үйлдвэрүүд захиалга ихтэй байгаа тул хүргэлтийн хугацаагаа 40 хүртэлх хоногоор сунгасан гэнэ.
Хятадууд хулсны баавгайг "үндэсний баялаг" гэж үздэг бөгөөд бамбаруушийг нь гадаадын улстай хийх дипломат харилцаанд бэлэг болгон ашигладаг байна. Гэсэн хэдий ч эл амьтныг тэжээх нь өртөг өндөртэй. Зарим улс орны амьтны хүрээлэн Хятадаас бэлэг болгон өгсөн хулсны баавгайг хангалттай хэмжээнд арчилж торддоггүй гэсэн шүүмж үүсээд буй. Үүнтэй холбоотой интернэт хэрэглэгчид дэлхий даяар Хятадаас бэлэглэсэн панда амьдардаг амьтны хүрээлэнгүүдийг "шалгах" санаачилга гаргажээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.