Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-01 нд нийтлэгдсэн байна.

Г.Алтаншагай: Монголын баруун бүсээс олж тогтоосон дунгийн үлдвэр нь 540 сая орчим жилийн тэртээ үүсжээ

5/ 1/ 2023    8 цаг 08 минут

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Микропалеонтологийн салбарын судлаач Г.Алтаншагайтай дэлхий дээрх организмын хувьслын түүхэнд явагдсан хамгийн сонирхолтой үеийн нэг болох кембрийн галавын тухай ярилцлаа. Мөн түүнтэй палеонтологи, түүн дотроо микропалеонтологийн салбарын судалгаа хэрхэн явагддаг, судлаачдад тулгамдаад буй асуудлын талаар хөөрөлдсөн юм.

Сонирхуулахад, бидний зөвхөн үлэг гүрвэл, тэр дундаа Тарбозавр Батаараар л төсөөлдөг палеонтологийн шинжлэх ухаан маш их нөөцтэй, анхны амьд биетийн үүсэл, хурдас чулуулагт агуулагдах амьтдын төрөл зүйл, тэдгээрийн бүрдэл, хувьсал зэрэг нь өнөөг хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүй байна.

-Сайн байна уу? Яриагаа таныг хэрхэн Палеонтологийн хүрээлэнд орж, энэ чиглэлээр судалгаа хийж эхэлсэн талаар эхэлье.

-Сайн. Сайн байна уу? Би геологич мэргэжилтэй хүн л дээ. 2010 онд хуучнаар ШУА-ийн Палеонтологийн төвд анх ажилд орж байлаа. Палеонтологийн шинжлэх ухааны талаарх ерөнхий мэдлэгийг оюутан ахуйдаа багш нараасаа тодорхой хэмжээнд заалгасан ч ажлын талбарт түүнээс илүүг мэдэх ёстойг ухаарсан юм. Учир нь эртний амьтан, ургамлын чулуужиж үлдсэн үлдвэр, ул мөрийг судалдаг их онцлогтой салбар.  Эртний бичил биетэн (бактери), бичил хавтаст амьтад (Small Shelly Fossils-SSFs), макро амьтад, замаг, үр тоосонцор, ургамал, загас, хөхтөн амьтад, үлэг гүрвэл зэрэг олон чиглэлээр судалгаа явуулдгийг олж мэдсэн. Палеонтологийн шинжлэх ухаан нь геологийн болон биологийн хавсарсан шинжлэх ухаан гэж явдаг. Тэр хэрээрээ олон талын мэдлэгийг шаарддаг. Бакалаврын дипломоо  кембри (540-485 сая жил)-ийн цаг үеийн хурдас чулуулгийн тогтцын талаар бичиж хамгаалсан нь энэ чиглэл рүү орж ажиллах боломж олгосон. Монгол орны кембрийн цаг үеийн зарим амьтны судалгаа төдийлөн нарийвчилж судлагдаагүй байсан учраас шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Доржнамжаа багшийн удирдлага дор түүний хариуцсан Урьдкембри-кембрийн палеонтологийн салбар (тухайн үед)-т ажиллах болсон.

-Тодруулбал?

-Миний хувьд кембрийн цаг үеийн моллюск (бидний мэдэхээр дун, хясаа)-ийн судалгаан дээр төвлөрөн ажилладаг. Тухайн амьтан нь одоогоос 540 сая орчим жилийн өмнө хоёр эриний хил заагт анх үүссэн гэж үздэг. Энэ нь миний сонирхлыг илүү их татсан. Учир нь уг амьтны зарим төрөл, зүйл өнөөг хүртэл дэлхий дээр хувьсан өөрчлөгдөж амьдарсаар ирсэн байхад зарим төрөл, зүйл нь бүрэн устаж мөхсөн байдаг. Зөвхөн дэлхийн чулуун мандлын тунамал хурдас чулуулагт хадгалагдан үлдсэн байна. Энэхүү хадгалагдан үлдсэн ул мөр, үлдвэрийг бид судалдаг гэсэн үг л дээ.

Өмнө нь тухайн цаг үеийн моллюскийн судалгааг Монголоос дагнан судалсан хүн ховор байлаа. Нэлээд хожуу буюу хожуу Цэрдийн (100-66 сая жил )-ийн цаг үеийн моллюскийн судалгааг академич Р.Барсболд хийж хэд хэдэн өгүүлэл, ганц сэдэвт зохиол бичсэн.

Одоогоор би Монгол-Швед, Монгол-Япон-Хятадын хамтарсан палеонтологийн экспедицид багтан кембрийн моллюскийн судалгааг хийж байна. Өнөөг хүртэл тусгайлан уг амьтны талаар бус, бүс нутгийн геологийн тогтоц, палеонтологийн судалгааны талаар бичигдсэн 2-3 ном, эмхэтгэл, 7-8 эрдэм шинжилгээний өгүүлэл хамтарч хэвлүүлсэн байдаг. Тухайн амьтныг судлаад зогсохгүй түүгээр дамжуулан тэр цаг үеийн орчныг сэргээн босгох, бүс нутгийн уур амьсгал нь ямар байсан талаарх мэдээллийг олж авна. Нэг ёсондоо энэ амьтнаар дамжуулан тухайн цаг үеийг бүрэн судлах боломжтой.

2021 онд тухайн судалгааны чиглэлээрээ МУИС-ийн докторантурын хөтөлбөрт элссэн. Эрдмийн зэрэг хамгаална гэдэг бол судлаач хүний хувьд судалгаагаа бие даан хийх чадвартай болж буйг илтгэдэг. Энэ ч утгаараа докторын зэрэг хамгаалах үйл явц шалгуур өндөртэй.

-Дээрх судалгааг манай улс хэдийнээс эхлүүлэв. Одоогийн судалгааны үр дүн, хөгжил ямар түвшинд яваа вэ?

-Энэ чиглэлийн судалгааг анх 1960-аад оноос Оросын судлаачид (тухайн үеийн ЗХУ) эхлүүлж, дараа нь Монгол-Оросын хамтарсан урьдкембри-кембрийн палеонтологийн экспедиц ажиллаж байсан. Судалгааны хамгийн оргил үе нь 1960-1990 он гэж үздэг. Монгол-Оросын хамтарсан урьдкембри-кембрийн палеонтологийн экспедиц нэлээн олон тооны өгүүлэл, 2-3 ном хэвлүүлсэн. 1990 оноос хойш олон орны судлаачид Монголд судалгааны ажил хийж эхэлсэн. Нэг томоохон арга хэмжээг дурдвал 1993 онд Олон улсын гео-шинжлэх ухааны хөтөлбөр-303 (IGCP-International Geoscience Programme) төсөл Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир сумдын нутаг Хасагт Хайрханы дүүрэгт болж, дэлхийн олон судлаачид ирж оролцсон. 1996 онд Английн “Geological Magazine” сэтгүүл бүтэн нэг дугаараа Монголд зохиогдсон дээрх арга хэмжээний үеэр хийгдсэн судалгааны үр дүнгүүдийг хэвлэсэн нь уг хурлын цар хүрээ болоод Монголын кембрийн хурдас чулуулаг, түүнд агуулагдах амьтан, ургамлын судалгааны ач холбогдлыг тодоор харуулж буй юм.

Манай судалгааны түвшин дэлхийтэй зэрэгцээд яваа гэж хэлэхэд нэг их хэтийдэхгүй болов уу. Дэлхийн олон орноос эрдэмтэд Монголд ирж, судлаачидтай хамтарч, гарсан үр дүнгээ олон улсын импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд хэвлүүлж байна. Тэр дундаа манай оронд кембрийн цаг үеийн хурдас чулуулаг, амьтан, ургамлын үлдвэр сайн хадгалагдаж үлдсэн учраас олон улсын судлаачдын сонирхлыг татдаг. Оросын Сибирь, Хятад, Австрали, Гренланд, Канад, Америк, Африкийн Намиб зэрэг улсын адил Монгол улс тоотой хэдэн түлхүүр судалгааны бүс дунд зайлшгүй багтдаг. Олон улс орнуудын судлаачид кембрийн цаг үеийн амьтан, ургамал, хурдас чулуулгийг манай орныхтой харьцуулдаг.

-Кембрийн цаг үед Монгол орны уур амьсгал, газар нутаг ямар байв?

Тухайн цаг үед одоогийн бидний судалгаа явуулж буй газар нутаг нь эртний замаг, ургамал, амьтдын үлдвэрийг сайн хадгалж үлдсэн байдаг. Маш олон төрөл зүйлийн эртний замаг, услаг ургамал, нэг болон олон эст амьтан амьдарч байсныг палеонтологичид бүтээлүүддээ дурдсан байна. Энэ нь тухайн цаг үед уур амьсгалын хувьд таатай, амьтдын үржил, хөгжил явагдах боломжтой, идэш тэжээлийн хувьд хангалттай орчин байжээ гэж үзэх үндэслэл болох юм. Олдож буй эртний амьтан, ургамлын цогцолбороор Хятадын өмнөд нутгаас олддог олдворуудтай сайн харьцуулагддаг.  

Тухайлбал, кембрийн тэсрэлт буюу маш олон төрөл зүйлийн амьтдын үүсэл бий болсон үе хэмээн тайлбарлаж болно. Үүнийг эрдэмтэн, судлаачид ихэд сонирхон судалж, учир шалтгааныг тайлахын тулд ажилласаар байна.

 

-Монголд эртний эрин галавын хил зааг тогтоох боломжтой газар Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан сумдын нутаг дахь Хасагт Хайрханы нуруунд бий-

-Судалгааны үр дүн юунд чиглэж байна. Ямар ач холбогдолтой вэ?

-Бидний судалгааны гол зорилго бол тухайн цаг үеийн амьтдын хувьсал хөгжил, удам төрлийн холбоог тогтоох, орчин, уур амьсгалыг сэргээн босгох, одоогийн дэлхий дээр амьдарч буй амьтдын гарал үүслийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход оршино. Дээр нь дэлхийн гарал үүсэл, тивүүдийн шилжилт хөдөлгөөнийг тайлбарлана. Жишээлбэл, өнөөдөр манай орноос олддог кембрийн цаг үеийн амьтдын үлдвэр Хятадын өмнөд хэсгийн кембрийн амьтантай нэлээд төстэй учраас тухайн цаг үед бүс нутгийн хувьд ойролцоо байсан байх магадлал өндөр юм. Үүгээрээ эртний газарзүйн бүсчлэлийг тогтооход чухал ач холбогдолтой.

Мөн бидний судалгаа геологийн салбарт чухал нөлөөтэй. Жишээ нь хурдас, чулуулгийн насыг тодорхойлох нь тухайн бүс нутгийн геологийн хөгжлийн түүхийг сэргээн босгох чухал ач холбогдолтой байдаг. Геологи, хайгуулын чиглэлийн аж ахуй нэгж геологийн эрэл, зураглалын ажил гүйцэтгэж явахдаа тухайн судалгаа хийж буй талбайн үлдвэр агуулсан байх магадлалтай тунамал хурдаснаас дээж авч бидэнд хандан геологийн насыг нь тодорхойлуулдаг. Өөрөөр хэлбэл уг дээжид агуулагдах амьтан, ургамлын үлдвэрийг тодорхойлж аль цаг үед амьдарч байсныг хэлж өгдөг гэсэн үг. Учир нь чулуулгийн нас тодорхойлох геохронологийн шинжилгээг манай оронд хийх боломж тааруу, лаборатори байхгүй, гадагшаа явуулж шинжлүүлэх нь өртөг өндөртэй байдаг.

-Өгүүлэл хэвлэгдсэний дараа олон нийтэд танин мэдүүлэх хүртээмж нь хэр байдаг вэ?

ШУА-ын хүрээлэнгүүдийн нэн тэргүүнд анхаарч байгаа асуудлуудын нэг. Судлаач өгүүлэлд зохиогчоор оролцоод, хэвлэгдсэний дараа тэнд юуны талаар бичсэн, ямар үр дүн гарсан, ач холбогдлыг нь товч бичээд өөрийн цахим хуудас болон нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан түгээдэг. Бүтэн өгүүллийг хүн бүр уншина гэвэл хүндрэлтэй. Мэргэжлийн үг хэллэг ихтэй учраас энгийнээр олон нийтэд таниулах, өөрсдийн судалгааг сурталчлах нь Палеонтологийн шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Энд ярьж буй хоёр эриний хил заагийг албан ёсоор Хасагт хайрхны нутагт тогтоосон уу?

-Протерозой-Палеозойн хоёр эриний хил зааг, эдиакари-кембри гэх хоёр галавын хил зааг буюу биднийхээр эрт төрмөлийн эхэн үе болно. Канадын Ньюфаундланд мужийн нутаг дахь эдиакари-кембрийн хил заагийг мөрт малтмал “Treptichnus pedum”-аар татсан байдаг. Уг үлдвэр нь Говь-Алтай аймгийн Хасагт хайрхны Баян голын хавцлаас олдсон. Тэгэхээр Монголын нутагт хоёр галавын хил зааг, шилжилтийн бүс байх нь тодорхой юм. Өнөөдөр судалгаа өргөжин хөгжихийн хэрээр эдиакари-кембрийн хил заагийг дан ганц “Treptichnus pedum” гэдэг мөрт малтмалаар бус изотоп-геохимийн судалгаа болон амьтны үлдвэртэй хамтатган судалж нарийн тогтоох саналуудыг олон судлаач дэвшүүлэн тавиад байна. Юу гэсэн үг үү гэхээр бүс нутаг бүрд хурдас чулуулаг хуримтлагдах цаг хугацаа, нөхцөл нь өөр, өөр юм. 2022 онд Монгол-Шведийн судлаачдын хамтарсан баг Монголын нутагт кембрийн цаг үеийн хамгийн эхэнд амьдарч байсан “Protohertzina anabarica” хэмээх гуурслаг бичил амьтан нь эдиакари-кембрийн хил заагийг тогтооход жишлүүр (индикатор) амьтан байх боломжтой юм гэдгийг “Earth-Science Reviews” сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэлдээ илэрхийлсэн.

Баттай хугацааг нь хэлж чадахгүй ч хамгийн ойрын хугацаанд Монголд эртний эрин галавын хил зааг тогтоох боломжтой газар бол Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан сумдын нутаг дахь Хасагт Хайрханы нуруунд бий.

Үүн дээр нэмж тэмдэглэхэд 2019 онд бидний Хөвсгөлийн сав газарт явуулсан судалгааны ажлын үр дүнд олдсон шинэ төрөл зүйл болох бичил амьтныг тодорхойлон “Acta Palaeontological Polonica” олон улсын сэтгүүлд энэ оны хоёрдугаар сард хэвлүүлсэн. Мөн тус сав газар эртний бичил амьтдын үлдвэр маш ихээр агуулдаг тул онцгой бүс юм. Хэдийгээр бид Завханы сав газарт төвлөрч судалгаагаа явуулдаг ч Хөвсгөлийн сав газар, Их нууруудын хотгорт байрлах кембрийн цаг үеийн хурдаснууд нь судалгааны маш их нөөц боломжтой.

-Нэг зүйлийг тодруулахад, үлэг гүрвэлийн яс Монголын говь, Өмнөговь аймгаас голцуу олддог. Тэнд өмнө нь далай байсан гэдэг. Гэтэл эдгээр амьтад усных атлаа яагаад баруун аймаг, ихэвчлэн хангайн бүсээс олдов? Эсвэл хадгалагдаж үлдсэн нь зөвхөн Говь-Алтай, Завханд байгаад байна уу?

-Юуны өмнө үлэг гүрвэл амьдарч байсан цаг үед Монгол орны нутагт томоохон нуур цөөрөм, гол мөрөн тогтсон, хуурай хэсэгтээ ургамлаар бүрхэгдсэн, сүүл үе рүүгээ хуурай цөлөрхөг орчинтой байсныг судлаачид бичиж тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл одоогийн эх газрын хэлбэр шинжээ аль хэдийн олчихсон байжээ. Гүн устай далай, тэнгисийн орчин байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Харин миний судалж буй бичил амьтад нь далай, тэнгисийн нөхцөлд амьдарч байсан бөгөөд үлэг гүрвэл амьдарч байсан цаг үеэс даруй 200-300 сая жилийн өмнөх үйл явдал юм. Хоорондоо маш их ялгаатай хоёр цаг үе, орчин нөхцөлийн талаарх ойлголт. Дээр хэлсэнчлэн одоогийн кембрийн хурдас чулуулаг агуулж буй бүс нутаг нь яг энэ байрлалдаа байгаагүй. Олон зуун сая жил үргэлжилсэн урт хугацаанд, салж нийлсэн тивүүдийн шилжилт хөдөлгөөний үр дүнд өнөөгийн байршил, хэв шинжээ олжээ. Завханы сав газар, Хөвсгөлийн сав газар, Их нууруудын хотгор дахь олдворт газрууд нь орон зай, цаг хугацаа, орчин нөхцөлийн хувьд өөр хоорондоо ялгаатай байсан нь амьтан, ургамлын үлдвэрээс нь батлагддаг.

-Олдсон амьтнаа өөрийн бүс нутгийн болон бусад газрынхтай харьцуулна. Палеонтологийн судалгаа хил хязгаарт баригддаггүй учраас дэлхийн бусад газраас олдсон дээжүүдтэй харьцуулдаг-

-Хээрийн судалгааны процесс хэрхэн үргэлжилдэг. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэн гартал судлаачийн ажил яаж өрнөдөг вэ?

-Бидний хувьд хээрийн судалгааны ажил маш чухал. Уг ажлыг зуны гуравхан сарын  хугацаанд, уур амьсгалын таатай нөхцөлд хийж гүйцэтгэдэг. Тэгэхээр бид оны эхэнд хамтран ажилладаг судлаачидтайгаа хээрийн судалгааны хугацаа болон маршрутаа нарийн гаргаж, Соёлын яаманд хээрийн судалгааны зөвшөөрлийн хүсэлтээ өгдөг. Нэг удаагийн хээрийн судалгааны ажил 14-20 хоног заримдаа нэг сарын хугацаанд ч үргэлжилнэ. Хэдийгээр ийнхүү төлөвлөх ч зарим нөхцөлд цаг уурын онцгүй нөхцөл тааралдана. Гэхдээ л зорьж, төлөвлөсөн учраас хоног хугацаандаа тааруулаад ажлаа амжуулахыг хичээнэ. Хээр очиход бидэнд цаанаас нь бэлдээд өгсөн зүйл үгүй. Тиймээс эрлийн ажлаас хээрийн судалгаа эхэлнэ.

Эрлийн ажлаар хад, чулуутай найз нөхөд болж, хамт хонохоос наагуур юм болно доо. Үүний дараагаар давхраалан тогтсон хурдасны дагуу маршрут, геологийн ажиглалт, зүсэлт хийж  амьтан, ургамлын үлдвэр агуулсан үе давхаргаасаа дээж авч дугаарлан, авсан цэг бүртээ хурдасны онцлог, найрлага зэргийг тэмдэглэн бичиглэл хийж, фото зургаар баримтжуулах зэргээр судалгааны анхдагч материалаа бүрдүүлдэг. Зүсэлтийн дагуу 200-300 метр, магадгүй түүнээс ч урт хэсэгчилсэн зүсэлтүүдийг хийх үе бий. Ер нь маш их хэмжээний дээж, анхдагч материалуудыг цуглуулдаг. Энэ бүхэн судлаачдын үндсэн судалгааны эхлэл хэсэг болдог доо.

Цуглуулсан дээж дотор бид юу байгааг урьдчилан мэдэх ямар ч боломжгүй. Миний судалдаг эртний амьтан нь шохойн чулууны үе, давхаргад хадгалагдаж үлддэг онцлогтой. Тиймээс амьтны үлдвэрээ олж илрүүлэхийн тулд хээрээс цуглуулсан дээжүүдээ лабораторийн нөхцөлд сулруулсан хүчлийн уусмалаар уусгаж задлаад, тунаж хуримтлагдсан хэсгийг хатааж, микроскопын тусламжтайгаар бичил амьтдыг ялгадаг. Эндээс дараагийн үе шатны тодорхойлох ажил эхэлнэ дээ.

Анхны хэмжилт судалгаагаар шинэ төрөл, зүйл байх боломжтой амьтны үлдвэр олбол өөрийн орны болон бусад орны судалгаатай харьцуулна. Палеонтологийн судалгаа нь хил хязгаарт баригддаггүй учраас тухайн цаг үеийнхээ дэлхийн бусад газар нутгаас олдсон дээжүүдтэй харьцуулж судлаад, шаардлагатай мэдээллийг олж авсны дараа сая нэг эрдэм шинжилгээний өгүүллийн гар бичмэлээ эхлүүлнэ. Сонгосон сэтгүүлээсээ шалтгаалаад олон шат дамжлага, шаардлагуудыг мөн давах ёстой. Тухайн судалгааны чиглэлээр мэргэшсэн 2-4 шүүмжлэгчийн шүүмжийг авч байж хэвлүүлэх эсэх нь шийдвэрлэгддэг. Дунджаар нэг эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд 60-70-н судлаачийн бүтээлээс эшлэл авдаг. Заримдаа түүнээс ч олон эшлэл татах нь бий. Маш их цаг хугацаа, хөрөнгө зардаг. Ингэж л бидний эцсийн бүтээгдэхүүн болох эрдэм шинжилгээний өгүүлэл гарна даа. Энэ нь судлаачийг илтгэх илэрхийлэмж юм. Ер нь олон улсад хэр хэмжээний судлаач вэ гэдгийг хэвлүүлсэн өгүүлэл, бүтээлээс нь авсан эшлэлийн тоогоор хэмжинэ. Бүтээлийг чинь ижил төстэй судалгаа хийдэг хүмүүс үзнэ. Тэгснээр судлаачдын хооронд харилцаа холбоо үүсэж, судалгаа өргөн цар хүрээнд үргэлжилнэ.

-Монголын шинжлэх ухааны салбар дэлхийд байр суурьтай байж, үнэлэгдэхэд боловсон хүчний нөөц чухал -

-Тухайн салбарын судлаачид хэр элбэг байдаг вэ?

-Кембрийн эрэн галав нь 40-50 сая жил үргэлжилдэг. Энэ цаг үеийг судалдаг судлаач Монголд маш ховор бөгөөд манай хүрээлэн болон ШУТИС-д л байдаг. Харин гадаадын судлаачид бол олон бий. Бусдаар бол судлах орон зай хангалттай. Тиймээс олон улсын эрдэмтэд энэ хоосон орон зайг нөхөж орж ирж байна гэсэн үг. Тэр утгаараа бид гадаадын мундаг туршлагатай судлаачдаас судалгааны шинэ арга зүй, техник технологийн шинэ аргачлалуудаас байнга суралцан өөрсдийн чадвараа ахиулж явдаг.

Манай улсад бүх эрин галавын амьтан, ургамал судлаачаа хүлээж байна. Гэтэл Хятадад нэг амьтныг галав тус бүрд нь өөр, өөр судлаач судалж байх жишээтэй. Моллюскийг кембри, ордовик, силур, девон, карбон, перм гэх мэтээр нас насаар нь ангилан тус тусад нь судалдаг бол манайд эсрэгээрээ судлаачийн тоо хангалттай бус байдаг.

Манай хүрээлэнд, хүмүүсийн сайн мэдэх үлэг гүрвэлээс гадна микро организм, эртний ургамал, үр тоосонцор, хөхтөн амьтдын судалгааг хийх боломж бий. Палеонтологийн шинжлэх ухаан маш сонирхолтой салбар учраас илүү олон судлаач ирээсэй гэж хүсдэг юм. Монголын палеонтологийн шинжлэх ухааны салбар дэлхийд өндөр байр суурь эзлэх, үнэлэгдэхэд боловсон хүчний нөөц чухал шүү дээ. Монгол оронд судалгааны орон зай асар их бий.

-Танайхаас ирээдүйн судлаачдыг татахын тулд мэргэжлээ сурталчлах, нөлөөллийн ажил хэр явуулдаг вэ?

-Хэдийгээр манайд нэмж судлаач хүлээн авах орон зай байгаа ч сонирхож ирэх нь ховор. Гэхдээ судлаач орж ирэхгүй байна гээд зүгээр суугаагүй. Арван жилийн хүүхдүүд болон мэргэжлийн чиглэлийн оюутнуудад сургалт, сурталчилгаа гээд салбараа таниулах ажлыг хийгээд явж байна. Мэдээж төрийн байгууллагад ажилладаг судлаачийн цалин хэр билээ? Геологич юм уу биологич мэргэжлээр төгссөн хүмүүс цалин өндөртэй хувийн байгууллага руу тэмүүлнэ шүү дээ. Сайд хүртэл шинжлэх ухааны салбарынхны цалин, хангамж нэмэгдүүлэх талаар яриад л яваа. Ойрын ирээдүйд сайжрах байх гэж найдаж байна.

-Тэгвэл тоног төхөөрөмжийн хувьд хэр шинэчлэгдэж, сайжирч байна вэ? Үргэлж гадаад руу явж дээжээ шинжлүүлнэ гэж байхгүй шүү дээ?

-Судалгааны ажил хийх лабораторийн багаж төхөөрөмжийн шинэчлэлтийг үе шаттайгаар нэмэгдүүлээд явж байна. Илүү нарийвчлал сайтай багаж хэрэглэх шаардлага бий. Ядаж л өндөр түвшний сэтгүүлийн шаардлагад нийцэх хэмжээний нягтаршил сайтай зураг авах орчин үеийн техник тоног төхөөрөмжийн хэрэгцээ их. Үүнийгээ бид хамтын ажиллагааны хүрээнд гадаадын хамтарсан судалгааны байгууллагад очиж гүйцэтгэдэг. Би саяхан сар орчмын хугацаанд судалгааны ажлаар дээжилсэн дээжүүддээ SEM-EDX өндөр хүчин чадлын багаж ашиглан морфоструктурын нарийн хэмжилт хийх зорилгоор Шведийн Байгалийн Түүхийн Музейн Палеобиологийн салбарт ажиллаад ирлээ. Энэхүү ажлыг байгууллагаас 100 хувь дэмжин ажилладаг. Хүрээлэнгээс залуу судлаачдыг чадавхжуулах, судалгааны ажлыг нь дэмжиж хэд хэдэн улс руу тогтмол явуулдаг. Манай хүрээлэн залуу судлаачдаа үргэлж дэмжин ажилладагт талархаж явдаг даа.

Б.Лхагва

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



59.153.113.20Зочин   • 1 сарын 30. 16 цаг 59 минут

Алтаншагайтай хээрийн ажилд хамт явж мэдэхгүй зүйл ээ асууж мэдлэг ээ дээшлүүлж байлаа. Залуу судлаачид амжилт хүсэж байна.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube