Хүний амьдралд заримдаа тун хачин сонин зүйл тохиолддог. The Sun сонинд гарсан энэ адал явдал бол үүний нэг жишээ. Лаурас Матюшовас гэгч 30 настай эр 2021 оны арвэннэгдүгээр сард дөрвөн жил хорих ялаар шийтгүүлжээ. Гэтэл шоронд ердөө хоёр өдөр болсны дараа мань эрийг камерас гаргаад чөлөөтэй гээд “амбардаад” явуулчиж.
Лаурас мэдээж гайхахын ихээр гайхсан байна. Чөлөөтэй болсон даруйдаа гэр рүүгээ утасдаж машин дуудаад харьжээ. Дараа нь шүүх, шоронгийн удирдлага руу залгаж алдаа гаргаад андуураад суллачихсан юм биш байгаа гэж тодруулж эхэлжээ. Гэвч түүнтэй холбогдсон албаны хүн бүр ямар ч алдаа гаргаагүй гэж дуу нэгтэй мэдэгдэж байсан тул мань эр ч тайвширч. Тэгээд найз нараа дуудан дөрвөн жилийн ялыг хоёрхон өдөрт эдэлж дууссан баяраа утаа савстал тэмдэглэж гарчээ.
Гэвч хоёр долоо хоногийн дараа алдаа гарсан нь тодорхой болсон тул арванхоёрдугаар сарын 6-нд цагдаа нар бөөн сүр дуулиан болон Лаурасын гэрт давхилдаж ирээд мань эрийг баривчлан, шоронд нь буцаасан байна. Түүнчлэн шүүхүүд дотоод будилаанаас болж Лаурасаас гадна зургаан хоригдлыг хугацаанаас нь өмнө сулласан нь ил болж бөөн дуулиан дэгдсэн гэнэ.
Луарастай хамт баяр тэмдэглэж байсан нэг найз нь “Лаурасын оронд хүчирхийлэл эсвэл сексийн гэмт хэрэг үйлдсэн хүн байвал яах байсныг төсөөлөөд үз л дээ. Тийм хүн суллагдсан бол жинхэнэ аймаар юм болох байлаа. Лаурасны хувьд гэвэл цагдаа нарын аз болоход хил даваад алга болохын оронд гэртээ байж байсан нь аз болсон юм“ гэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.