EXO хамтлаг гурван жил, 8 сарын дараа долоодугаар сарын 10-нд бүрэн хэмжээний долоо дахь цомгоороо эргэн ирэхээр боллоо. Зургаадугаар сарын 9-нд SM энтертайнментаас "EXO-гийн долоо дахь бүрэн хэмжээний цомог долоодугаар сарын 10-нд гарна. Энэ цомогт хүн бүр бүхнээ зориулж байгаа учраас сурталчилгаанууд төлөвлөсний дагуу үргэлжлэх болно. Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" хэмээн хэлжээ.
Тус хамтлаг өчигдөр "Let me in" дуугаа цацаж, эргэн ирэлтээ баталгаажуулсан юм. 3-р үеийн эрэгтэй хамтлагийн уг бүтээл цацагдсан даруйдаа “Melon top 100”-д орж, твиттер хуудсанд тренд болж хоёр сая орчим хандалт авсан аж. "Let me in" дуу нь мөрөөдөл болон сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн хоолойтой хослуулсан баллад дуу бөгөөд дууны үг нь хайрыг хөх далайтай зүйрлэж, гүн гүнзгий унасан ч эцэс төгсгөлгүй хамт байх гэсэн цөхрөлтгүй хүслийг агуулжээ.
Тэгвэл EXO хамтлагийн долоо дахь бүрэн хэмжээний ‘Exist’ цомогт нийт есөн дуу багтаасан аж. Энэ удаагийн эргэн ирэлт ‘Obsession'-оос хойш бараг дөрвөн жилийн дараах бүрэн хэмжээний цомог байх юм. Хэдийгээр Kai хамтлагийн үйл ажиллагаанд оролцохгүй ч цомогт хоолой нь багтжээ. Тодруулбал, тэрээр гол (title) дууны клипэнд ороогүй ч цомгийн өөр дууны (b-side) клипэнд орж чадсан гэнэ.
Нөгөөтээгүүр дээрх хамтлагийн гишүүн Бэкхён, Чэн, Шиүмин нар зургаадугаар сарын 1-нд “SM” энтертайнментаас гарч буйгаа мэдэгдсэн. Одоогоор тэд хуулийн маргааныг хойш тавьж, EXO-гийн эргэн ирэлтэд бэлтгэхээр хамтран ажиллаж байна. Гурван уран бүтээлч "Бид EXO-гийн гишүүдээсээ хэзээ ч урвахгүй. Ямар ч нөхцөлд хамтлагаа эн тэргүүнд тавих болно" гэсэн юм. Тэгэхээр уран бүтээлчид гэрээ цуцлахаар шүүхэд хандсан байгаа ч гэсэн төлөвлөгөөний дагуу маргааш MV-н зураг авалтдаа орсон аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.