Hilary гэдэг нэртэй хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан АНУ-ын Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом тус бүс нутгийн өмнөд хэсэгт бүхэлд нь онц байдал зарлалаа.
“Өнөөдрөөс буюу бямба гарагаас эхлэн Өмнөд Калифорнийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт Хилари хар салхины эсрэг хариу арга хэмжээ авахын тулд хүч нөөцийг дайчлан зохицуулах үүднээс онц байдлыг зарлаж байна” гэж муж улсын захирагчийн хэвлэлийн алба мэдээллээ.
Хар салхи судлалын Үндэсний төвийн мэдээлснээр, “Хилари” хар салхины хамгийн дээд хурд нь 177 км/цаг бөгөөд одоогийн байдлаар Калифорнид 27 км/цагийн хурдтайгаар ойртон ирж, Сан-Диего хотоос зүүн өмнөд зүгт 1029 км-ийн зайд шуурч байна.
Хар салхины нөлөөгөөр хүчтэй аадар бороо орж, үер болох нь тодорхой учраас баруун өмнөд нутгийн оршин суугчид цаг уурын аюулт үзэгдэлд бэлэн байх бэлтгэлээ хангаж байна.
Өнөөдөр буюу ням гарагт хар салхи Калифорнийн хойгт хүрч, дараа нь хойд зүгийг чиглэн хөдлөх бөгөөд ням гарагийн орой ба даваа гарагт хамгийн хөнөөлт шуурга дэгдэнэ. Энэ бол Өмнөд Калифорнид сүүлийн 84 жилийн хугацаанд болоогүй хүчтэй шуурга юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.