“The New York Times” сонины сэтгүүлч Дэвид Пийрсон Монголд ирж, Монголын X Богд Жавзундамба хутагтын талаар бэлтгэсэн нийтлэлээ өчигдөр нийтэлжээ.
“Төвөдийн буддизмын төлөөх тэмцлийн зүрхэнд байгаа 8 настай хүү” гарчигтай түүний нийтлэлд Монголын X Богд Жавзундамба хутагтаар тодроод буй хүүгийн талаар сонирхолтой баримтууд цөөнгүй дурдсан байна.
Гандантэгчинлэн хийдэд хүү дөнгөж хөлд орж байхдаа 7 хүүхдийн хамт сорилгод орсон бөгөөд хүүхдүүд өнгөлөг чихэрт татагдаж байхад Алтаннарын хүү А эрхи сонгон хүзүүндээ зүүж, хонх дамар дуугарган, өрөөнд суусан нэг ламыг элгэмсэн түшсэн тухай дурдаад эд хэрэглэл нь IX Богдынх байсан төдийгүй туслахаар ажиллаж байсан ламыг нь түшсэн тухай өгүүлсэн байна.
IX Богдыг таалал төгссөний дараа 2014, 2015 онд Улаанбаатар хотод төрсөн 80 мянган хүүгийн нэрсийг шүүн нууц сорилт хийхэд 9 хүүгийн гэр бүл тунасан байна. Ч.Алтаннар, Н.Мөнхнасан нарын хүү тэдний нэг байсан бөгөөд энэ тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос мэдээ ирсэн гэнэ. Харин ээж Н.Мөнхнасан шууд үгүйсгэсэн бөгөөд НҮБ-ын Хүүхдийн санд хүртэл энэ талаар хандаж, тусламж хүссэн аж. АНУ-д амьдарч байсан тэд Улаанбаатарт ирж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Н.Мөнхнасан хүүгээ бусдын адил л хүүхэд насаа өнгөрөөж, тоглож, хичээлдээ явж өсөөд 18 нас хүрээд өөрөө энэ асуудалд эцсийн шийдвэрээ гаргах ёстой хэмээн үздэг. Гэхдээ хүүгийнхээ аюулгүй байдалд хамгаас илүү зовниж байгаа гээд ихэр ахыг нь дүүгийнхээ сүүдэр өсөөсэй гэж хүсэхгүй байгааг ч илэрхийлсэн аж.
Хүүг олон нийтийн хэл ам, элдэв зүйлээс хамгаалахын тулд хэн болохыг нь зарлаагүй бөгөөд Ачилдай, Агудай хоёр бие биенгүйгээр олны өмнө гардаггүй.
Дэвид Пийрсоны нийтлэлд хүү Монголын томоохон бизнесмэний гэр бүлд төрсөн нь “ Яагаад заавал баян айлын хүүхэд сонгов” гэх асуултыг Монголын нийгэмд үүсгээд байгаа бөгөөд яруу найрагч Ц.Хулан болоод сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ тухайд хамгийн ихээр хөндсөн тухай ч онцолсон байгаа юм.
Улаанбаатар хотын нийт оршин суугчдын дөрөвний нэг нь ядуу амьдарч байгаа бөгөөд Монголд баян хоосны том ангал гарсан, уул уурхайн ашиг орлогын илэрхийлэл болсон тансаг худалдааны төв, зочид буудлууд нь хотын төвд төвлөрч, захаар нь нүүдэлчдийн гэр бий гэх зэргээр манай нийгмийн бодит дүр төрхийг нийтлэлдээ дурджээ.
Нийтлэлд Монголын гэрэл зурагчин С.Хасарын зургууд багтжээ.
Эх сурвалж: https://www.nytimes.com/
Сэтгэгдэл (2)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Бяцхан Богдод маань ирээдүйд ямар их ачаа ирэх бол. Бүгдээрээ үрсээ хайрлая. Богдоо ч хайрлая.
Одоо цагт Богд биш боловсрол мэдлэг ёс зүй л Монголыг аварна.Блгд тодорсон цагаас хойш Монголчууд 10дүр тодруулаад гялайж гялтайх юм 300жилд нэг ч байхгүй үнэндээ!!!!!!???