Өвөр Монголын түшмэл. Өвөр Монголын Зостын чуулганд хятад иргэдийг шилжүүлэн суулгах, малын бэлчээрийг газар тариалангийн талбай болгон хувиргахыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг удирдсаны улмаас Манжийн эрх баригчид албан тушаалаас нь зайлуулж, хяхан хавчих болжээ. Тэр бээр Өлзийжаргалын удирдсан эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцов. Тэр бээр хяхагдан хавчигдсаны улмаас Харбинд сууж хэдэн жил болоод Ар Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байгааг анхааралтай ажиглах болжээ. Чингээд Алмас-Очирын хамт Монголд орж ирж, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай дотно танилцаж, Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэжээ. Тэр бээр энэ үйл хэрэгт тусламж эрэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож, 1911 оны 8 дугаар сард Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын хамт Хаант Орос Улсад очиж байв.
Хаант Монгол Улсын олноо өргөгдсөний тэргүүн онд түүнд Богд хааны зарлигаар Б.Хайсанд үе улиран чин зүтгэлт цол, улсад туслагч гүнгийн отго, хүрэн жолоо, жич Халхын дотор улаа шагнаж, Дотоод яамны дэс түшмэлийн тушаалд тохоон томилжээ. Тэр бээр баруун хязгаарыг чөлөөлөх тэмцэл, Өвөр Монголыг чөлөөлөх таван замын байлдаанд цэрэг захиран оролцож байв. Тэр бээр эрдэм мэдлэгээрээ бусдаас давуу байж, Дотоод яамны сайд, Да лам Цэрэнчимэд гол түшиг болж байлаа. Богд хаан зарлиг гарган тусгай нутаг заан олгосон бөгөөд тэр нутагтаа тариа тарих, газраа түрээслүүлэн ашиг олох алхам хийсэнд Шүүх, яамны тэргүүн сайд, Эрдэнэ ван Намсрай дургүйцэж, эсэргүүцэн заалдсан байна. Мөн Хятадуудтай сүлбэлдэж байсан гэж хардан сэжиглэж, 1913 оны 10 дугаар сард Б.Хайсанг баривчлан байцаасан ч тэр тулгасан ялыг хүлээсэнгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож, хуучин хэргэм тушаалд нь тавьжээ.
Тэр бээр 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрийг эсэргүүцэж, энэ хэрэгт Япон улсыг татан оролцуулах санал тавьж байв. Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж нарын их хэргийн төлөө хамтран зүтгэгчид нь зүй бусаар таалал төгссөний учир улс төрийн тавцанд ганцаардахад хүрч, Бээжин рүү буцах аяджээ. Хиагтын хэлэлцээрээр “Ар Монголд ирсэн Өвөр Монгол ноёдыг буцан ирсэн нөхцөлд ял хэлэлцэхгүй” хэмээн тохиролцсон учир Дундат иргэн улс руу явжээ. Ерөнхийлөгч Юань Ши-Кай хүлээн авч уулзаад бэйсийн хэргэм шагнан, Монгол, Төвдийн хэргийг шийтгэх хорооны ерөнхий хянагчаар томилон ажиллуулжээ. Тэр бээр амьдралынхаа сүүлчийн жилүүдэд толь бичиг зохиох зэрэг эрдэм номын ажлаар оролдож байв. (Ж.Болдбаатар)
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.