"Германы мисс-2023" энэ сарын 4-ний амралтын өдөр болж, Штутгартаас ирсэн 20 настай Кира Гейс тэргүүн миссээр тодорч, 25 мянган еврогийн шагнал хүртжээ. Тэрээр шагналаараа залуучуудад зориулсан платформ бүтээнэ гэсэн зорилготой байгаагаа ярьсан гэнэ. “Германы мисс-2023” тэмцээнд оролцохоор 15 мянган эмэгтэй мэдүүлгээ өгсөн бөгөөд 2 дугаар сарын 28-ны мягмар гарагт финалд шалгарсан 10 оролцогчийн нэрсийг албан ёсоор зарласан байна.
Тэдний дунд трансжендер эмэгтэй байсан нь хэвлэлийнхний анхаарлыг татсан юм. Энэ бол тэмцээний түүхэн дэх анхны тохиолдол биш. Заскиа фон Барген нь Фридрихсфен тосгонд өөрийн эцэг эх, гурван дүүгийн хамт амьдардаг трансжендер эмэгтэй.
Гэр бүлийнх нь хуучны зургаас түүнийг хүү болохыг харж болно. Тэрээр охин шиг хувцаслаж, тэдэнтэй тоглох дуртай байж. Таван настайдаа өөрийгөө охин шиг санадаг гэж эцэг эхдээ хэлсэн гэнэ. “Эцэг эх маань маш эрт ойлгосон учраас намайг үргэлж дэмжиж байсан юм. Сургуульд орохдоо, хүүхдүүд намайг элэглэн шоолж, дээрэлхэх вий гэсэндээ хөвгүүн шиг хувцасладаг байсан. Гэхдээ 11 настайгаасаа бэлгийн бойжилтыг удаашруулах даавар ууж эхэлсэн юм. Хоёр жилийн дараа эцэг эхийнхээ зөвшөөрлөөр эмэгтэй даавар хэрэглэж эхэлсэн бөгөөд насанд хүрээд л хүйсээ солиулсан” хэмээн ярьжээ.
Германы гоо бүсгүй шалгаруулах тэмцээн нь бараг 100 жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд тэмцээний стандартад өөрчлөлт хийх болсон бөгөөд 2019 онд эрс өөрчлөлт хийсэн гэж үздэг. Германы мисс тэмцээний оролцогчид тайзан дээр усны хувцастай гарах шаардлагагүй болсон. Мөн өндөр, жин шийдвэрлэх үүрэг ч гүйцэтгэхээ больсон. Тус тэмцээний зохион байгуулах хорооны гишүүн Жил Андертын ярьснаар гоо бүсгүй тэмцээнд оролцогч эмэгтэйчүүд заавал загварын стандартад нийцэх шаардлагагүй, зөвхөн ямар хүн бэ гэдгээ харуулж, бусдад урам зориг өгч байх ёстой аж.
Өнгөрсөн жил Германы гоо бүсгүйдээр тодорсон Домитила Баррос бол Германы түүхэн дэх анхны цагаан арьст бус эмэгтэй. Домитила Бразилийн нэгэн ядуусын дүүрэгт төрж, өссөн бөгөөд өнөөдөр байгаль хамгаалах, нийгмийн шударга ёсны төлөөх хүмүүнлэгийн ажилд өөрийгөө зориулж яваа бүсгүй.
Харин Заскиа фон Барген нь Германы миссийн тэмцээнийг өөрийн түүхийг олон нийтэд ойлгуулах төгс тавцан гэж үзжээ. Тэрээр, нийгэмд буй трансжендерийн асуудлаарх олон нийтийн мэдээллийг дээшлүүлэх зорилгоор оролцсон гэжээ. Загварын ертөнцөд дөнгөж хөл тавьсан энгийн нэгэн хүйсээ сольж, амьдралдаа эрс өөрчлөлт хийх нь ямар утга учиртай болохыг хүмүүст ойлгуулахыг хүсч байна. Нийтдээ 12 хагалгаанд орох шаардлагатай болсон ч сонголтдоо харамсдаггүй хэмээн тэрээр ярьжээ.
Германы гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн 1927 онд Берлинд болсон бөгөөд 2022 оноос өмнө холбооны улсын муж бүрээс өөрийн миссээ илгээдэг байсан аж. Харин өнгөрсөн жилээс энэ арга барилаас татгалзсанаар зөвхөн уугуул герман эмэгтэйчүүд төдийгүй Германд амьдрахаар ирсэн охид ч оролцох боломжтой болсон байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.