Дэлхий даяар зөрчил мөргөлдөөн, хавчлага, хүний эрхийн зөрчлийн улмаас орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо 110 сая дөхөж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээллээ. Өнгөрсөн оны туршид 19 сая шахам хүн аргагүйн эрхэнд орон гэрээ орхиж дүрвэсэн нь энэ талын ажиглалт явуулсан түүхэнд, жилийн доторх хамгийн өндөр өсөлт болсон аж.
Тодруулбал, 2022 оны төгсгөлд дүрвэгчдийн нийт тоо 108,4 саяд хүрчээ. Аюулгүй байдал эрэлхийлж гадаад улсуудыг зорьсон буюу дүрвэгч болсноор бүртгэлд орсон хүний тоо 2022 онд 35,3 сая болсон бол, улс орон дотроо шилжилт хөдөлгөөнд өртсөн хүмүүс 62,5 саяар тоологджээ.
Дүрвэгчдийн тоо ингэж урьд байгаагүй олноор нэмэгдэхэд, Украин болон Суданы зэвсэгт мөргөлдөөн гол түлхэц үзүүлснийг НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар тайландаа онцолсон байна. Суданы дайны улмаас энэ оны дөрөвдүгээр сараас хойш хоёр сая орчим хүн дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ. “Дүрвэгсдийн тоо ийм хэмжээнд хүрсэн нь манай дэлхийн хувьд жинхэнэ "ялын тогтоол" болж байна” гэж Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди мэдээлсэн байна.
Өнгөрсөн онд л гэхэд дүрвэгсдийн тоо 19 саяар нэмэгдсэний дотор Украины 11 сая гаруй иргэн багтсан аж. Ингэснээр Украины дайн нь Дэлхийн II дайнаас хойш хамгийн богино хугацаанд, хамгийн олон хүнийг дүрвэхэд хүргэсэн гэв. Дэлхий даяар орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь дотооддоо дүрвэсэн хүмүүс бол гуравны нэг буюу 35 сая нь бусад улс орон руу гарчээ. Тэдний дийлэнхийг Европ, Хойд Америкийн чинээлэг орнууд бус харин Ази, Африкийн бага, дунд орлоготой орнууд хүлээн авч байна гэж Ф.Гранди хэлжээ.
Одоогийн байдлаар, Турк улс хамгийн олон буюу 3.8 сая гаруй дүрвэгчийг хүлээн авсны ихэнх нь иргэний дайнаас дүрвэсэн сиричүүд байна. Тус улсын дараа 3.4 сая дүрвэгчийг хүлээн авсан Иран бичигдэв. Үүний зэрэгцээ Украины 5.7 сая иргэн Европ тивийн болон бусад орон руу дүрвэжээ. 2022 онд мөн харьяалалгүй хүмүүсийн тоо 4.4 саяд хүрч өссөнийг дээрх комиссарын газрын тайлан харуулсан ч бодит тоон үзүүлэлт үүнээс ч хавьгүй өндөр байж магадгүй гэнэ.
Мөн зургаадугаар сарын 20-нд болдог Дэлхийн дүрвэгчдийн өдрийн босгон дээр нийтлэгдсэн тайланд тэрчлэн, дайн хямрал, мөргөлдөөнөөс гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг сүйдлийн улмаас улс орон дотроо болон хилийн чанад руу дүрвэгчдийн урсгал энэ 2023 онд ч үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгааг дурдсан байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.